С.Ганбаатарыг эсвэл өөрөө АН-аас нэр дэвшихээр, Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж Х.Баттулга “Хөх туг” тойрон аяллаа эхлүүлжээ

С.Ганбаатарыг эсвэл өөрөө АН-аас нэр дэвшихээр, Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж Х.Баттулга “Хөх туг” тойрон аяллаа эхлүүлжээ

УИХ-ын сонгуулийн өмнө буюу 2023 оны есдүгээр сараас эхлэн Х.Баттулга “босоо” хочит С.Ганбаатарыг дагуулан “Хөх туг” хэмээх тойрон аялал хийж, орон нутгийн иргэдтэй уулзалт хийж байлаа. Тэд энэхүү тойрон аяллаараа “АН-ын нэр, логог өөрчлөх нь зөв үү" гэсэн санал асуулгыг ч авч байв. Х.Баттулгын энэхүү тойрон аялал УИХ-ын 2024 оны сонгуулийн угтал байсан юм.

Өдгөө Х.Баттулга парламентад өөрийг нь дагадаг, өөрийнх нь үгнээс гарахгүй С.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, Д.Жаргалсайхан гээд 3-4 гишүүнтэй болоод буй.

-Х.БАТТУЛГА НАР БҮГД МОНГОЛ ДЭЭЛЭЭР ИЖИЛСЖЭЭ-

УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралд бараг суугаагүй, хурал таслалтаараа 126 гишүүнийг тэргүүлж буй Х.Баттулга “Хөх туг” тойрон аяллаа өнгөрөгч бямба гараг /2025.02.01/-т дахин эхлүүлж С.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, Д.Жаргалсайхан нарын дөрвөн гишүүнийг дагуулан, өөрийн телевиз, гэрэл зурагчин, ажлын албаны хүмүүсээ сүр бараа болгон аймаг, сумдаар явж эхэллээ.

“УИХ-ын чуулганы хуралдаа бараг суугаагүй Х.Баттулгад олны өмнө ярих юм байхгүй” гэж зарим хүмүүс шүүмжилж байгаа ч тэрээр иргэдэд “ашигт малтмалын ордуудын 34-50 хувийг баялгийн санд төвлөрүүлэх хэрэгтэй”, “Тавантолгой, Гашуунсухайт, Зүүнбаян чиглэлд би мухар төмөр зам тавиагүй. Төмөр замын бүдүүн цариг нь зөв бодлого байсан” гэсэн асуудлуудыг хөндөн, ярьж байгаа бололтой.

Х.Баттулга, С.Ганбаатар нарын уулзалтын гоёл

Олны өмнө гарахдаа хувцасны өнгө, хувцаслалтдаа онцгой анхаардаг Х.Баттулга энэ удаа улаан өнгөтэй дээл, хүрмэн малгайгаар гоёсон бол, С.Ганбаатар бор дээл, лоовууз малгай өмсжээ. Тэдэнтэй хамт яваа УИХ-ын гишүүд нь монгол дээлээр ижилсжээ.

-Х.БАТТУЛГА ӨӨРӨӨ ЭСВЭЛ С.ГАНБААТАРЫГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС НЭР ДЭВШҮҮЛЭХ ЗУРГИЙГ ЗУРЖЭЭ-

Тэгвэл Х.Баттулга “босоо” хочит С.Ганбаатарыг дагуулан Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийг угтаж “Хөх туг” тойрон аяллаа дахин эхлүүлж байгаа нь энэ аж. Тодруулбал, 2019 оны ҮХНӨ /Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт/-өөр Үндсэн хуулийн 30.2-д “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан тул Х.Баттулга 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болсон.

Харин Үндсэн хуулийн энэ заалт өөрчлөгдвөл Х.Баттулга 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжтой болно. Учир нь Үндсэн хуулийн 30.2 дахь заалтаас “Монгол Улсын Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг хасахаар ордны хуйвалдаан эхэлсэн байж магадгүй байгаа.

Тодруулбал,  С.Номынбаясгалан, Э.Хишигсүрэн нарын хоёр иргэн “ярилцсан юм шиг” яг ижил утга санаа бүхий гомдлыг Үндсэн хуулийн цэцэд гаргаад байгаа юм.  Тэд гомдолдоо “Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8.2.1-д заасан “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц хэлэлцэхгүй” гэсэн нь Үндсэн хууль зөрчиж” байна гэж. Хамгийн ноцтой нь Үндсэн хуулийн цэцийн хэлэлцэж чадахгүй байгаа нэмэлт, өөрчлөлт гэдэгт 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт тэр дундаа “Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт багтаж байгаа юм.

Хэрэв Үндсэн хуулийн 30.2 дахь заалт хүчин төгөлдөр мөрдөгдсөн хэвээр байвал Х.Баттулга өрсөлдөж чадахгүй тул өөрийнхөө оронд АН-аас С.Ганбаатарыг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр тэрээр ажиллаж эхэлжээ. Нөгөө талд ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас намын дарга Л.Гантөмөр нь өрсөлдөж магадгүй байгаа аж. Ингэсэн тохиолдолд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхийг давтаж, цагаан хуудасны хойно нэр нь бичигдэх магадлалтай гэж үзэх тус намын гишүүд ч олон байгаа ажээ.