Сүүлийн өдрүүдэд Монголын хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагаа доголдсон гэх мэдээлэл олны анхаарлын төвд байна. Тиймээс бид асуудал хэзээ, хаанаас, яагаад гарч ирсэн талаар хоёр талын байр суурийг хүргэж байна.
ВИДЕО:
-Монголын хөлбөмбөгийн холбоон дээр өнөөдөр яг ямар асуудал үүсээд байна вэ?
МХБХ-ны шигшээ багийн менежер Б.Бадруул: Товчоор хэлэхэд өнөөдрийн нөхцөл байдалд Монголын хөлбөмбөгийн холбооны өдөр тутмын үйл ажиллагаа явагдахад тун хүндрэлтэй болчихлоо. Энэ бол мэдээж санхүүжилттэй холбоотой. Санхүүжилттэй холбоотой хөлбөмбөгийн холбооны олон ажил гацаанд орчихсон байна. Цаашид энэ асуудал үргэлжлээд байх юм уу, болж байгаа нөхцөл байдалд санхүүгийн дүн шинжилгээ хийгээч, бодитой арга хэмжээ аваач гэж Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтэс анх энэ асуудлыг гаргаж тавьсан. Энэ асуудалдаа үнэлэлт дүгнэлт хийж өгөөч гээд 2024.12.16-ны өдөр анх гаргаж тавьсан. Түүнээс хойш бидэнд ямар нэг тоймтой хариу бидэнд өгөөгүй.
МХБХ-ны ЕНБД Т.Дагвадорж: Манай холбооны техникийн хэлтэс хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөлд тодорхой шаардлага тавьсан. Шаардлагын агуулга бол, олон улсын хөлбөмбөгийн холбооны санхүүжилтууд дотроо олон төрлийнх. Бидний үйл ажиллагааны санхүүжилт бол Хөлбөмбөгийн холбооны их хурлаар баталдаг төсөв байдаг. Төсвөөс гадуур бас олон төсөл хөтөлбөр байдаг. Тэдгээр дотроос Азийн хөлбөмбөгийн холбоо болон Олон улсын хөлбөмбөгийн холбооны нэг нэг төслийн зарцуулалт, гүйцэтгэл яаж явж байгаатай танилцая гэсэн ийм шаардлага, агуулгын хувьд ийм байсан.
Э.ГАНЗОРИГ: FIFA ЖИЛ БҮР 1 САЯ 250 МЯНГАН ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ӨГДӨГ
&
Т.ДАГВАДОРЖ: 1 САЯ 250 МЯНГАН ДОЛЛАР БОЛ ЗӨВХӨН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДАЛ
-Монголын хөлбөмбөгийн холбоог “баян холбоо” гэлцдэг. Монголын хөлбөмбөгийн холбооны санхүүгийн эх үүсвэрийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
МХБХ-ны техникийн хэлтэс, дасгалжуулагчийн боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Ганзориг: FIFA-ийн төсөл хөтөлбөрүүд дөрвөн жилийн циклээр санхүүжилт өгдөг. Жил бүр үндсэн үйл ажиллагаанд сая 250 буюу нийтдээ 5 сая долларыг дөрвөн жилийн хугацаанд өгдөг. Жил бүр сая 250 мянгыг авах боломжтой. Дээр нь нэмээд 3 сая долларыг тусгай төслүүд бичээд авч болдог юм билээ.
МХБХ-ны ЕНБД Т.Дагвадорж: Бид орлогын төсөөлөл хийдэг. Намайг ажил авахад аль хэдийнэ 2024 оны төсвөө баталчихсан байсан. Тэр төсвийг ямар агуулга, зорилготой байсныг би мэдээгүй. Ажил аваад танилцсан. Орлогын төсөөллийг нь харахаар Олон улсын хөлбөмбөгийн холбооноос сая 250 мянган доллар авна. Азийн хөлбөмбөгийн холбооноос 850 орчим мянган доллар авна. Ингээд төлөвлөсөн байсан. Энийгээ маркетингийн орлоготойгоо нийлүүлэхээр 10.8 тэрбум төгрөг болох юм байна. Ингэж байж бидний 2024 онд төлөвлөсөн ажил гүйцэх нь гэдэг тооцоо судалгаа гаргаад төсвөө баталсан байсан. Яг л тэр баталсан төсөв хөтөлбөрийг нь би хангаж ажилласан.
-Цахим орчинд тарсан мэдээллээс үзэхэд Монголын хөлбөмбөгийн холбоо олон улсын байгууллагаас авсан мөнгөөрөө төслөө хэрэгжүүлж чадахгүй байна гэж ойлгосон. Энэ тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?
МХБХ-ны техникийн хэлтэс, дасгалжуулагчийн боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Ганзориг: 2022 онд бид FIFA-д Авьяастай хүүхдүүдэд зориулсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлмээр байна гэсэн хүсэлт явуулсан. FIFA тэрийг батлаад 50 мянган доллар явуулсан. 2024 онд үйл ажиллагаа явуулахын тулд бид бас төсөл бичээд 2023 оны 11 сард 100 мянган долларыг холбоондоо авч чадсан. 2025 оны үйл ажиллагаанд зориулсан төсөв болох 100 мянган доллар өнгөрөгч 12 сард орж ирсэн. Гэвч төслийн санхүүжилт орж ирсэн боловч бид төслөө хэрэгжүүлж чадахгүй байна.
МХБХ-ны ЕНБД Т.Дагвадорж: Тэдний яриад, онцлоод байгаа Азийн хөлбөмбөгийн холбооны авьяастан хүүхдүүдийг сонгон шалгаруулаад дэмжих хөтөлбөртэй, дасгалжуулагч багшийг цалинжуулж авч явах учиртай төсөл нь 2022 оноос хэрэгжиж эхэлсэн. Монголын хөлбөмбөгийн холбоо энэ төсөлд хүсэлт гаргаад 2022, 2023 онуудад хэрэгжсэн. 2024 онд энэ төсөл хаагдсан.
Э.ГАНЗОРИГ: ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО 5.6 ТЭРБУМЫН ӨРТЭЙ ГЭДГИЙГ БИДЭНД НОТОЛЖ, ТАЙЛАГНААГҮЙ
&
Т.ДАГВАДОРЖ: 2023 ОНООС САНХҮҮГИЙН ДУТАГДАЛ ҮҮСЧ ЭХЭЛСЭН ЮМ БИЛЭЭ
-Монголын хөлбөмбөгийн холбоон дээр санхүүгийн ямар асуудлууд үүсээд байна вэ?
МХБХ-ны техникийн хэлтэс, дасгалжуулагчийн боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Ганзориг: Анх энэ холбоог 2023 онд авахдаа 3.6 тэрбумын өртэй холбоо, ахиад үйл ажиллагааны олох ёстой маркетингийн төсөөллийн 1.8 тэрбумыг олох байсан. Энэ хоёр нийлээд 5.6 тэрбум болчихсон гээд яриад байгаа. Гэхдээ одоо яг ямар учиртай, яагаад үүссэн юм, өр нь яг 5.6 тэрбум юм уу гэдгийг баримт нотолгоогоор танилцуулж, тайлагнахгүй байгаа юм.
МХБХ-ны ЕНБД Т.Дагвадорж: Олон улсын хоёр байгууллагаас санхүүгийн урсгалтай. Энэ хоёр байгууллагын санхүүгийн урсгал бол үйл ажиллагааны л зардал. Үүн дээр нэмэгдээд тухайн жилдээ олох маркетингийн орлого 2 тэрбум байсан. Тухайн үед маркетингийн албаныхан бид ийм мөнгө олж чадахгүй. Зах зээл байхгүй, нэр хүнд байхгүй, бидний орчин нөхцөл ийм мөнгө олох боломжгүй гэж хэлж байсан юм билээ. Ингээд 2023 оноос санхүүгийн дутагдал үүсч эхэлсэн юм билээ. Тухайн жилээ хаах үедээ олон улсын санхүүжилтийн тодорхой хэсгүүд нь аудитын дүгнэлтээр хасагдчихсан юм билээ. Ингээд 2023 онд санхүүгийн дутуунууд үүсч эхэлсэн. Тэгээд 2024 онтой золгосон. 2024 онд энэ өр он дамнасан. Бодит шалтгаанууд нь бол энэ.
МХБХ-ны шигшээ багийн менежер Б.Бадруул: Монголын хөлбөмбөгийн холбоонд бүртгэлтэй клубүүд шагналын мөнгөө авч чадахгүй, клуб лицензжүүлэлтийнхээ мөнгийг авч чадахгүй байна. Өнгөрөгч 11 сард удирдлагууд мэдэгдэл гаргаад шигшээ багийн тамирчид өнөөдрөөс хойш цалин урамшуулал олгогдохгүй гэх мэт маш олон асуудал байна.
МХБХ-ны ЕНБД Т.Дагвадорж: Клубүүдээ хөгжүүлэх дэмжлэг хэсэг дээр харах өнцгөө харья. Дээр нь клуб лицензжүүлэлт буюу клубүүдийн мэргэжлийн хөлбөмбөг рүү ахихад нь шалгуур үзүүлэлтүүдийг нь хангах бидний бааз суурь хүрэлцэхгүй байгаа учраас санхүүгийн дэмжлэг үзүүлье гэдэг асуудал. Ингээд 2023 оны 6 сард нэг тэрбум төгрөгийн төсвийн тодотгол хийсэн.
МХБХ-ны шигшээ багийн менежер Б.Бадруул: Үйл ажиллагаа явагдахад хүндрэлтэй болсон. Ажилчдын цалин зургаан сар хоцрогдолтой, нийгмийн даатгалд өртэй байна.
МХБХ-ны ЕНБД Т.Дагвадорж: Цалингийн хоцрогдол бол гуравдугаар улирлаас бий болж эхэлсэн. Татварын хоцрогдлоо бүрэн арилгасан. Нийгмийн даатгал гурван сарын хоцрогдолтой он дамнасан. Он гараад нийгмийн даатгалаа барагдуулаад явж байна.
Э.ГАНЗОРИГ: ТЕХНИКИЙН ХЭЛТСИЙН ГУРВАН АЖИЛТНЫГ ХАЛСАН
&
Т.ДАГВАДОРЖ: ӨӨРИЙН САНААЧЛАГААР АЖЛААС ГАРСАН ХҮМҮҮС БИЙ
МХБХ-ны техникийн хэлтэс, дасгалжуулагчийн боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Ганзориг: Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах ёстой байгууллага мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулья гэхээр өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөж байна гэдэг. 2025.01.10-нд зөвлөлийн хурал болж байх үеэр манай хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн гурван ажилтныг халсан.
МХБХ-ны ЕНБД Т.Дагвадорж: 2024 онд нилээн өргөн бүтэцтэй болсон. Мэдээж шинэ удирдлага болоод байгууллагын шинэ бүтэц, ажлын зураг гээд янз бүрийн юм гаргаад ажиллахад байгууллагын бүтэц дотор ажлын шаардлага хангахгүй нөхдүүд байснаас гадна өөрийн санаачлагаараа өргөдлөө өгөөд гарч байгаа хүмүүс багагүй хэмжээнд байсан.