СУРВАЛЖИЛГА: Хоёр настайдаа онцгой байдлын алба хаагч болсон “Бороо” 400 орчим тарвага илрүүлсэн амжилттайгаар тэтгэвэртээ гарах гэж байна

СУРВАЛЖИЛГА: Хоёр настайдаа онцгой байдлын алба хаагч болсон “Бороо” 400 орчим тарвага илрүүлсэн амжилттайгаар тэтгэвэртээ гарах гэж байна

Түүнийг “Бороо” гэдэг. “Бороо” 2018 онд төрсөн. Тэр нэг настайдаа үеийн овчарка гөлөгнүүдээс том биетэй гэдгээрээ ялгарч нохой сургалтын албанд сонгогдож, үнэрч нохой болсон. Улмаар хоёр настайдаа онцгой байдлын алба хаагч болж өнгөрсөн хугацаанд 400 орчим тарвага илрүүлээд байна. Түүнийг Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангидаа ээлжийн амралттай байх үеэр нь бид очиж дараах сурвалжлагыг бэлтгэсэн юм.

ВИДЕО:

Биднийг очиход “Бороо” долоо хоног уулзаагүй, хамтрагч дэслэгч У.Батбаяртай уулзсандаа тун баяртай, эрхэлж тоглоод завгүй байлаа. Дэслэгч У.Батбаяр бол “Бороо”-ийн амьдралд гарч ирсэн хоёр дахь эзэн. “Бороо” одоогоос гурван жилийн өмнө анх түүнд команд зааж, бүхнийг сургасан хамтрагчаасаа хагацсан байна. Нохой л болсон хойно эзнээ санаж, санахын эрхэнд нүднээс гартлаа турж, хүн амьтан ойртохоор ярдаглах болсон гэдэг. Тэр л хүнд үед дэслэгч У.Батбаяр түүнд бага багаар хоол дөхүүлсээр, “Бороо” түүнд нэг л мэдэхэд дасчээ.

-"БОРОО", У.БАТБАЯР НАР СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 32 ДУГААР ХОРОО “ЭМЭЭЛТ”-ИЙН ТОВЧООНД ХАМТРАН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ-

Улмаар “Бороо”, У.Батбаяр хоёр Нийслэлийн засаг даргын захирамжаар тарваган тахлаас урьдчилан сэргийлэх аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Эмээлт”-ийн товчоон дээр хамтран үүрэг гүйцэтгэж эхэлсэн байна. “Бороо” бол тарвага, туулай, гахай зэрэг ангийн төрлийн бүх л амьтдын үнэрийг мэдрэх чадвартай, хууль бус ангийн амьтдыг нийслэл хотод нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй онцгой байдлын алба хаагч юм. Тэр хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хамтрагч У.Батбаярын хамт сүүлийн гурван жилд 125 тарвага болон бусад амьтдыг илрүүлжээ. “Бороо” үүрэг гүйцэтгэх явцдаа, хууль бус ан агуулсан сав баглаа дээр  очоод хөлөөрөө маажих жишээний дохиог хамтрагчдаа өгдөг байна. Хамгийн сүүлд гэхэд энэ оны есдүгээр сард тэрбээр хэний ч санаанд оромгүй нөхцлөөс арав гаруй тарвага илрүүлсэн гэж дэслэгч У.Батбаяр “Бороо”-оор бахархан ярьсан юм. Тодруулбал, дээрээ бокстой суудлын машины бокс руу “Бороо” уяанаасаа алдууран очиж, цоройлж үсрээд эхэлсэн байна. Дэслэгч У.Батбаяр багаж болон ачааг нэгжээд дууссан ч “Бороо”-ийн дохиог анзаарч суудлын машины боксыг онгойлгож үзтэл 12 тарвага гарч ирсэн гэдэг. “Бороо” бид хоёр хамтдаа зуу гаруй хууль бус анг нийслэл рүү нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлж чадсандаа баяртай байдаг гэж түүний хамтрагч дэслэгч У.Батбаяр онцолж байлаа.

-"БОРОО" БОС, СУУ, ЭРЭЭД, МӨЛХ, ХЭВТ, БАЙРАНДАА, ЗУГААЛ ГЭХ МЭТ АРАВ ОРЧИМ КОМАНД МЭДДЭГ-

“Бороо” цэрэгжсэн байгууллагын алба хаагч нохой учраас жирийн нохойнуудаас илүү хат суусан гэхэд болно. Тэр “Бос”, “Суу”, “Байрандаа”, “Эрээд” “Хэвт”, “Мөлх”, “Зугаал” гэх мэт арав орчим команд мэднэ. Бас энэ хүн өөрийг нь эрхлүүлэх гээд байна уу, команд өгөх гээд байна уу гэдгийг маш сайн мэддэг, эзнийхээ дуу хоолойны өнгийг маш сайн ялгадаг аж. “Бороо”-ийн сарын цалин болох “40 хувийн нэмэгдэл” түүний хамтрагчийн цалинтай хамт бодогдож ордог гэнэ. Энэ цалин түүнд хангалттай хүрэлцдэг бололтой. “Бороо” гурван жилийн өмнө эзнээ санаад бэтгэрч байхдаа турж эцсэн бол өнөөдөр таргалж, голийгоод цээживч нь хүртэл багадаад эхэлжээ. “Бороо” цалинтай алба хаагч учраас өвдөх эрхгүй. Зориулалтын нохойн хоол идэж, тахиан сарвуу, нөөцөлсөн мах зэргийг хааяа иддэг. Хамаагүй идээд гэдсээ өвтгөх магадлалтай тул ашигтай бактери ууна.  

-"БОРОО"-ИЙН ХАМГИЙН ДУРТАЙ ЗҮЙЛ БОЛ БӨМБӨГ. ХАМГИЙН ДУРГҮЙ ЗҮЙЛ НЬ УСАНД ОРОХ-

“Бороо”-ийн хамгийн дуртай зүйл нь бөмбөг. Бөмбөгөөр тоглох дуртай гэнэ. Ялангуяа шүгэлдэж байгаа юм шиг дуугардаг бөмбөгөнд “Бороо” хачин дуртай. Харин “Бороо”-ийн хамгийн дургүй зүйл бол усанд орох. Тэр хамтрагчтайгаа усанд орох гэж их хөглөнө. Түүний хамтрагч У.Батбаяр биеэр жижиг тул нохойгоо заримдаа даахгүй. Арай гэж өргөөд ус руу пүлхийтэл шиднэ. Харин “Бороо” хачин хурдан “цүл” гээд уснаас үсрээд гарчихдаг байна. Тийм болохоор “Бороо”-г хамтрагч нь уяж байгаад үрж, мултайтал угаадаг гэнэ. Харин “Бороо” хачин муухай царайлаад зогсож байдаг аж.  

“Бороо” нэг удаа үүрнээсээ гарч яваад, олдохгүй хамтрагчаа нэлээн сандаргасан байна. Аз болоход нохойны хүзүүвч дээр түүний нэрийг, хамтрагчийнх нь утасны дугаарыг бичсэн тул удалгүй буцаад албандаа иржээ.

-ХӨГШИН ЦЭРЭГ "БОРОО" АХИАД Л ШИНЭ ЭЗЭН, ШИНЭ ХАМТРАГЧИД ДАСАХ ҮҮРЭГ АВААД БАЙНА-

Дээр хэлсэнчлэн “Бороо” 2018 онд төрсөн. Хүнээр бол 7 нас хүрэх гэж байгаа. Гэвч нохой жилд хоёр нас нэмдэг гэлцдэг болохоор тэр одоо 14 нас хүрч байна гэсэн үг. Тэгэхээр “Бороо” одоо “хөгшин цэрэг” болжээ. Анзаарч харвал түүний сахал үс жаахан цагаараад бууралтаад эхэлсэн байна. Нэг үгээр “Бороо” удахгүй, ирэх жилээс тэтгэвэртээ гарах дөхжээ гэсэн үг. Гэсэн ч хөгшин цэрэг Бороо ахиад л шинэ эзэн, шинэ хамтрагчид дасах үүрэг аваад байна. Учир нь түүний гурван жил хамт үүрэг гүйцэтгэсэн хамтрагч У.Батбаяр офицер болж, илүү чухал албанд томилогджээ. Тиймээс “Бороо”-г шинэ эзэнд нь дасгахын тулд долоо хоног түүнтэй уулзаагүй байна. Нийтлэлийн эхэнд “биднийг очиход “Бороо” эзнээ санаж, эрхлээд завгүй байсан” тухай өгүүлсэн билээ. Харин “Бороо”-ийн шинэ хамтрагч бол Гал унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч С.Ган-Эрдэнэ. Тэрбээр, “Бороо бол хэдий нохой ч гэсэн манай байгууллагын алба хаагч гэж явж байгаа. Тиймээс түүнийг хариуцах хүн хэрэгтэй. Тийм болохоор хариуцаж аваад нэг сар болж байна. Алба хаагчийн хувьд бол нилээн сайн үүрэг гүйцэтгэдэг. Дуулгавартай, илүү дутуу зан ааш, муухай характер байхгүй. Ер нь бол их дуулгавартай, сайн нохой” хэмээн онцолсон юм.