Коронавирусийн халдвараас хамгаалж БНХАУ 50 сая сурагч нэгэн зэрэг ашиглах боломжтой сургалтын платформыг гаргажээ

Коронавирусийн халдвараас хамгаалж БНХАУ 50 сая сурагч нэгэн зэрэг ашиглах боломжтой сургалтын платформыг гаргажээ

Дэлхий даяар хурдацтай тархаж буй шинэ коронавирусийн халдварын улмаас дэлхийн олон сая хүүхэд, залуус гэртээ сурч боловсорч эхэлжээ. Тодруулбал, БНХАУ-аас эхлэн Хонконг, Макао, Вьетнам, Монгол, Япон, Иран, Пакистан, Ирак, Итали улсын боловсролын байгууллагууд түр хугацаагаар хаагдаад байна.

-ХОНГКОНГТ ОЮУТНУУД ӨГЛӨӨНИЙ 08:00 ЦАГААС ОРОЙН 17:00 ЦАГ
ХҮРТЭЛ ОНЛАЙНААР ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА-

Сүүлийн хоёр долоо хоногийн турш Хонконгийн сургуулиуд хөл хөдөлгөөнгүй, чимээ аниргүй байдалтай байна. Чөлөө завгүй оюутнууд холхих их сургуулийн гудамж, завсарлагаанаар пиг дүүрдэг сургуулийн цайны газарт одоо хэн ч алга. 18 настай охин Хуанг Иянгийн хичээл зөөврийн компьютерээ нээхээс эхэлдэг. Тэр өглөөний найман цагаас оройн таван цаг хүртэл зөөврийн компьютерийн ард суун хичээлээ хийдэг. Биеийн тамирын хичээлээ дэлгэцээр харж, багшийн заасан хөдөлгөөнийг дууриан хийнэ. Англи хэлний хичээлээ виртуал танхимд заалгадаг бөгөөд түүний асуусан асуултыг багш нь сонсож хариулах боломжтой. “Би гэрээсээ гарч найзуудтайгаа уулзалгүй бараг сар болж байна” гэж тэр хэллээ.

-Дэлхий даяар 180 САЯ ОРЧИМ ХҮҮХЭД ГЭРЭЭСЭЭ СУРАЛЦАЖ БАЙНА-

БНХАУ бол зөвхөн эхлэл. Цаашлаад Хонконг, Макао, Вьетнам, Монгол, Япон, Иран, Пакистан, Ирак, Италийн олон сая оюутнууд сургуульдаа явж чадахгүйд хүрчээ. Зарим улс орны хувьд боловсролын үйлчилгээ бүрэн орхигдсон бол зарим нь онлайн сургалтанд хамрагдаж байна гэсэн үг юм. АНУ, Австрали, Их Британийн эрх баригчид хэрэв дэгдэлт улам хүндэрвэл сургуулиудыг хаах болно гэж мэдэгджээ.

Онлайн сургалт нь халдварын үеэр хүүхдүүдэд боловсролоо дээшлүүлэх боломжийг олгож буй боловч үүнтэй зэрэгцэн бусад бэрхшээлүүд үүдэж байна. Зарим оюутнуудын хувьд зөөврийн компьютер, интернет холболтоос асуудал эхэлж байгаа бол заримынх нь хувьд анхаарал төвлөрөлт, цагийн зөрүү асуудал үүсгэж байна.

Хуаны хувьд гэртээ суралцана гэдэг нь нийгмийн харилцаа холбоо байхгүй, компьютерийн өмнө олон цагийг өнгөрөөх гэсэн үг юм. Хичээл дээр ямар ч хэлэлцүүлэг байдаггүй бөгөөд интернет холболт муу байгаагаас багшийнх дуу муу сонсогддог аж.

Хятад даяар бага, дунд сургуулийн сурагчдыг онлайн сургалтад хамруулах шаардлагатай гэж төрийн мэдээллийн агентлаг Синьхуа мэдээлэв. Хятад улс олон нийтийн телевизээр бага ангиудын хичээлийг нэвтрүүлж, үндэсний сургалтын хөтөлбөр дээрээ үндэслэн 50 сая сурагч нэгэн зэрэг ашиглах боломжтой сургалтын платформыг гаргажээ.

Харин Олон улсын Монтессори Сургуульд оюутнууд Google Hangouts дээр жижиг бүлэг үүсгэн хамтарч ажилладаг тул хоорондоо уулзаж, ярилцах боломжтой байгаа аж.

Сургууль нь зөвхөн оюутнуудад зориулсан видео, үйл ажиллагааг вэбсайт дээрээ байрлуулж эхэлсэн боловч хүүхдүүд бие биенээ харж, багш нартайгаа ярилцах нь нэн чухал болохыг энэ хугацаанд ухаарчээ.

-ИТАЛИ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ДАВАА ГАРИГААС
ЭХЛЭН ОНЛАЙН ХЭЛБЭРТ ШИЛЖЛЭЭ-

Хонконг ба  БНХАУ дахь оюутнуудын хувьд хэдэн долоо хоногийн турш тусгаарлагдсан байдалтай хичээлээ хийж байгаа бол энэ долоо хоногт коронавирусаар халдварласан хүмүүсийн тоо 800 болж өссөн Итали улсад алсын зайн сургалт дөнгөж эхэлжээ.

Милан, Венеци хотыг багтаасан Ломбарди, Венето зэрэг хойд бүс нутгуудад сургуулиудыг энэ долоо хоногт хаасан бөгөөд энд 15 сая хүн ам амьдардаг.

Миланд амьдардаг нэгэн гэр бүлийн хоёр охин “PowerPoint” дээр хичээлээ бэлдэн, Google Hangout-ийн бусад оюутнуудтай бүлгийн ажил хийж, багш нартайгаа шууд чатлах зэргээр суралцаж байна.

-ЭНЭ ЖИЛ ТӨГСӨХ ОЮУТАН, СУРАГЧДЫН ХУВЬД КОРОНАВИРУСИЙН
ХАЛДВАР ХАМГИЙН ТОМ БЭРХШЭЭЛ БОЛЖ БАЙНА-

Жонатан Ей, 18 настай ахлах сургуулийн сурагч, Шанхай Пингэ олон улсын сургуульд суралцаж төгсөх жилдээ Их Британид их сургуульд орох болзолтой. Тэрээр гадаадад их сургуульд элсэн суралцах хүсэлтэй байгаа бол 5-р сард болох Олон улсын бакалаврын зэрэг олгох шалгалтаа сайн хийх шаардлагатай хэвээр байна.

Тэрээр "Би бие даан суралцах дуртай тул онлайн сургалт зүгээр санагдаж  байна. Гэхдээ би бүрэн итгэлгүй байгаа. Багшаас авах мэдээлэл дутагдаж магадгүй юм." гэжээ.

БНХАУ-ын ахлах сургуулийн сурагчид Хайнань мужийн Хайкоу хотод жил бүр болох коллежийн элсэлтийн шалгалтандаа тун их санаа зовж байна. Зургаадугаар сард болох энэхүү шалгалт нь олон сурагчдын хувьд амьдралын томоохон шалгуур байх болно.

БНХАУ-ын Боловсролын яам энэхүү ЭЕШ-ийг хойшлуулах эсэхийг үнэлж, шийдвэрлэнэ гэж мэдэгджээ.

Харин Хонконгийн сургуулиуд 4-р сарын 20 хүртэл хаалттай байгаа ч төлөвлөсөн ёсоор гуравдугаар сарын 27-нд их сургуулийн элсэлтийн шалгалтаа явуулахаар болжээ. Ингэхдээ бүх оюутнуудад амны хаалт зүүлгэж, ширээг нь ердийнхөөсөө хол байлгах арга хэмжээг авахаар төлөвлөсөн байна.

-ЗАРИМ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ХУВЬД ТӨЛБӨРТӨӨ ТААРСАН ҮЙЛЧИЛГЭЭ
АВЧ ЧАДАХГҮЙ БАЙГААДАА БУХИМДАЖ БАЙНА-

Зарим эцэг эхчүүд олон улсын сургуулийн өндөр үнэтэй төлбөр төлсөн хэдий ч чанартай үйлчилгээ авч чадахгүй байгаа асуудалд санаа зовж байна. Олон улсын Монтессори сургуулийн захирал Брумфилд хэлэхдээ “хэрэв эцэг эхчүүдэд нөхөн төлбөр олговол сургуулиуд цаашид үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байж болзошгүй юм” гэж хэлжээ.

-ГЭРЭЭС СУРАЛЦАХ НЬ ХҮҮХДЭД СЭТГЭЛЗҮЙН ХУВЬД
НӨЛӨӨЛӨХ ЭРСДЭЛТЭЙ-

Хонконгийн сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэн Одилэ Тян хэлэхдээ, амьдралын хэв маягаа алдах, нийгмийн үйл ажиллагаа алдагдах нь хүүхдүүдэд ихээхэн нөлөө үзүүлдэг. "Бид энд хийж байгаа нийгмийн эрүүл мэндийн томоохон туршилтаас юу гарахыг харахын тулд хичээж байна. Ер нь хүүхдүүд маш уян хатан байх хандлагатай байна."гэж мэдэгджээ.

Харвардын их сургуулийн дээд боловсролын сургуулийн профессор Крис Деде хэлэхдээ “хүнд өвчин туссаны дараа үе тэнгийнхнээсээ тусгаарлагдсан оюутнуудад сэтгэлзүйн сөрөг нөлөө үзүүлдэг олон судалгаа байдаг.Гэрээс сурч буй хүүхдүүд үүнтэй төстэй  нөлөөг мэдрэх боломжтой” гэсэн байна.

-АЛСЫН ЗАЙН СУРГАЛТ НЬ ДЭЛХИЙ НИЙТЭД ОЛОН УДАА
ТУРШИГДАЖ БАЙСАН-

Сургуулиуд алсын зайн сургалтыг явуулах эсвэл туршилт хийж буй анхны тохиолдол энэ биш юм. Ялангуяа хатуу ширүүн өвөл болдог улс орнуудад зарим их цас орсон өдрүүдэд хичээлийг зогсоодог аж. Хонконгд зарим сургуулиуд өнгөрсөн жил ардчиллыг дэмжигч эсэргүүцлийн жагсаалаас болж түр хугацаагаар зогсож байжээ.

Мөн Австралийн алслагдсан хэсгүүдэд амьдардаг хүүхдүүд радио дамжуулалтаар олон жил хичээллэж байсан туршлагатай аж. Мөн БНХАУ-д хиймэл оюун ухааныг хөдөө орон нутгийн оюутнуудын боловсролыг дээшлүүлэх арга зам гэж үздэг.

Гэхдээ үүнд хамгийн гол зүйл бол сургалтын чанар, арга барил.  Хүүхдүүдийн хувьд тусгаарлагдсан, гэртээ, найз нөхдийнхөө сэтгэл хөдлөлийн дэмжлэггүйгээр, суралцахад нь туслах чадварлаг багшгүйгээр байна гэдэг хамгийн муу зүйл.

Энэ талаар Харвардын их сургуулийн дээд боловсролын сургуулийн профессор Крис Деде "Бидэнд сошиал медиа, интернэт, ухаалаг гар утас байна. Тиймээс хорин жилийн өмнө ийм зүйл тохиолдсон бол тусгаарлагдсан байдал, сурах боломжоо алдсан түвшин хамаагүй их байх байсан" гэж хэллээ.