Монголын мөнхийн хөрш БНХАУ дэлхийн эдийн засгийг тэргүүлж, хөгжил дэвшил нь хэдийн дээд шатанд хүрсэн. Тэд биднийг хөгжлийн "Галт тэрэг"-нд хамт суухыг урьсан ч монголчууд "Танк орж ирэх" тухай ярьсаар бууриндаа үлдсэн нь нууц биш. Тэгвэл 2015 оноос хойш гацаад буй Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил урагшилж, монголчууд мөнгөтэй болж, хөгжих боломж ойрхон иржээ.
ВИДЕО:
Тодруулбал, "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т тусгагдсан 14 мега төслийн нэгдүгээрт Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийг эрэмбэлсэн. Энэ ч утгаараа тус төмөр замыг холбох гэрээ, хэлэлцээрийг Хятадын талтай үе шаттайгаар хийж байгаа гэдгийг албаныхан тодотгож буй юм. Тиймээс бид тухайн төслийн явц ямар шатандаа явж байгаа болон мухар төмөр замыг хэрхэн холбохыг сурвалжлахаар БНХАУ-ыг зорилоо.
-"ЧАЙНА ЭНЕРЖИ ГРУПП" НЬ НҮҮРС, ДУЛААН, СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ, НЕФТЬ ХИМИЙН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭРЭЭ ДЭЛХИЙД ХАМГИЙН ТОМД ТООЦОГДОЖ КОМПАНИ-
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийг БНХАУ-ын талаас "Чайна Энержи групп" компани хариуцах бол Монголын талын Ажлын хэсгийг Эрдэс баялаг, аж үйлдвэрийн яам ахлан ажиллаж байгаа. Энэ ч үүднээсээ бид "Чайна Энержи групп" компанийн үйл ажиллагаатай хамгийн эхлээд танилцав.
Тус групп нь нүүрс, эрчим хүч, химийн үйлдвэрлэл, тээврийн цогц үйл ажиллагаа явуулдаг Хятадын эрчим хүчний аюулгүй байдлыг хангагч Төрийн өмчит групп компани бөгөөд нүүрс, дулаан, сэргээгдэх эрчим хүч, нефть химийн үйлдвэрлэлээрээ дэлхийд хамгийн томд тооцогдож компани аж. "Чайна энержи" групп нь нүүрсний үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын 17 компани, 88 нүүрсний уурхайтай, нийт хүчин чадал нь жилд 720 гаруй сая тонн гэдгийг "Чайна энержи" группийн удирдлагууд тодотгож байв.
Мөн нүүрс үйлдвэрлэлийн хүчин чадал нь жилд 700 гаруй сая тонн бол цахилгааны нийт суурилагдах хүчин чадал нь 340 сая киловатт, үүнээс сэргээгдэх эрчим хүчний суурилагдах хүчин чадал нь 124 сая киловатт бөгөөд төмөр замын ашиглалтын урт 4266 км аж. Товчхондоо, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийг хариуцах "Чайна энержи" групп нь Хятадын нүүрсний олборлолтын 1/6, цахилгаан үйлдвэрлэл 1/7, дулаан хангамж 1/8, төмөр замын ачаа тээврийн 1/9 хувийг хангадаг Хятадын томоохон компаниудын нэг. Тухайн компани нь 2024 онд "Fortune Global 500" компанийн жагсаалтад 84-р байранд жагсжээ.
-"ЧАЙНА ЭНЕРЖИ" ГРУПП НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН 17 КОМПАНИ, 88 НҮҮРСНИЙ УУРХАЙТАЙ-
Монгол Улстай олон жилийн хугацаанд хамтран ажиллахаар гэрээлэх гэж буй Хятадын "Чайна энержи" групп нь нүүрсний үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын 17 компани, 88 нүүрсний уурхайтай аж. Тэдгээрийн нэг нь "Жүнэн Групп"-ийн "Хэйдайгү" уурхай. Тухайн уурхай нь Хятадын хамгийн том нүүрсний ил уурхай бөгөөд жилд 34 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай гэдгийг "Жүньнэн групп"-ийн "Хэйдайгөү" нүүрсний ил уурхайн дэд захирал Цуй Гао-Ён онцолж байлаа. Мөн “Жүньнэн групп” нь 69 сая тонны хүчин чадалтай дэлхийн жишигт нийцсэн хоёр ил нүүрсний уурхай байгуулахын зэрэгцээ урьд нь 25 хувиас бага ургамлын бүрхэвчтэй байсан нүцгэн уулыг уурхайн ногоон бүс болгон өөрчилсөн ногоон хөгжилд анхаарч ажилладаг компани аж. Энэ нь ч тухайн уурхайтай танилцах үед нүднээ ил байсныг тодотгох нь зүйтэй болов уу.
-ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “ГУРВЫГ ЦОГЦ”-ООР ГЭСЭН ЗАРЧМААР ХАМТРАН АЖИЛЛАНА-
4266 км урт төмөр замтай Хятадын "Чайна энержи" групп нь Ганцмод боомт-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг гэрээ хэлэлцээр ёсоор 2015 онд барьж дуусган ашиглалтад оруулсан байдаг. Гэсэн ч Монголчууд “Хятадаас танк орж ирэх” тухай ярьсаар гэрээнд зааснаас өөрөөр буюу өргөн царигийн төмөр зам барьснаар тухайн хил дамнасан төмөр замын холболтын ажил гацсан юм. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэх нь илүүц биз ээ.
Харин хоёр улсын Төрийн тэргүүн, Засгийн газрын түвшин гээд шат шатандаа олон удаагийн яриа, хэлэлцээ хийсний үр дүнд энэ онд /2024/ төмөр замын гүүрэн байгууламжийг хамтран барих Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсан юм. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийн хүрээнд мухар төмөр замыг холбохоос гадна нүүрс худалдах, худалдан авах гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэрээг мөн давхар үзэглэж, “Гурвыг цогц”-оор гэсэн зарчмаар хамтран ажиллана гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан тодотгож байгаа. Тиймээс ч нүүрс худалдах, худалдан авах гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэрээний асуудал өдгөө ид яригдаж, үүнд холбогдох албаныхан анхаарал хандуулан ажиллаж байгаа аж.
-МУХАР ТӨМӨР ЗАМЫГ ХОЛБОСНООР ЯДУУРЛЫН ТҮВШИН 2 ДАХИН БУУРЧ, НЭГ ХҮНД НОГДОХ ДНБ 10 МЯНГАН АМ.ДОЛЛАРТ ХҮРЭХ БОЛОМЖ НЭЭГДЭНЭ-
Уг асуудал эцэслэн шийдэгдэж, гэрээ үзэглэгдвэл ирэх 2025 оноос төмөр замын барилга угсралтын ажил хийгдэж, 2027 оноос тээвэрлэлтийг эхлүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ өргөн, нарийн цариг болж зөрсөн тус төмөр замыг гүүрэн байгууламжаар холбох бөгөөд барилга угсралтын ажлыг Хятадын талын компани хийж гүйцэтгэхээр тохиролцоонд хүрсэн байна. Тус бүтээн байгуулалтын төсөвт өртөг нь 979 тэрбум төгрөг байх бөгөөд санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК гаргах шийдвэр гарсан аж.
Арав гаруй жил гацсан уг төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн тохиолдолд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүн хатавч, Ханги-Мандалын төмөр замын боомт байгуулах нөхцөл бүрдэнэ гэдгийг албаныхан тодотгож байгаа. Мөн “Монгол Улс, БНХАУ-ын хооронд их бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” хэрэгжих нөхцөл бүрдэх юм. Тодотговол, Эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжих, хоёр талын санхүүгийн хамтын ажиллагаа улам бэхжих, мөн мөнгөн тэмдэгтийн харилцан солилцох хэмжээ нэмэгдэж, арилжааны зээл, төслийн санхүүжилт зэрэг чиглэлийн хамтын ажиллагаа хөгжих юм. Түүнчлэн хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэж, хоёр талын боомтын хамтын ажиллагаа сайжирна.
Нарийвчилбал, ядуурлын түвшин 2 дахин буурч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.долларт хүрэх юм. Мөн тухайн төсөл хэрэгжсэнээр жилд дунджаар Монгол Улсын ДНБ 3.5 тэрбум ам.доллароор өсөх бол Монгол Улсын экспортын гуравны нэгийг дангаар бүрдүүлдэг нүүрсний салбарын экспортын орлого жилд дунджаар 2.61 тэрбум ам.доллар байгааг 2.8 дахин нэмэгдүүлж, 7.4 тэрбум доллар болгох боломжтой аж. Түүнчлэн Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломж нээгдэж, ачаа тээвэрлэлтийн үнэ буурах зэрэг олон талын үр өгөөж гарах юм.