“Авьяаслаг Монголчууд” шоуг мэдэхгүй хүн цөөн. Түүнээс олон ч сайхан авьяастнууд, уран бүтээлчид төрөн гарсан байдаг. Тэдний нэг нь хөдөө нутгийн малчин бүсгүй Б.Тунгалагтамир. Адтай сэргэлэн байдал, тунгалаг сайхан хоолойгоороо бусдын анхаарлыг татаж, алтан базер авч байснаараа тухайн үед багагүй од болоод амжсан. Тэрбээр удахгүй малчид хамтарсан “Малчин заяа” нэртэй тоглолтыг санаачлан зохион байгуулж байгаа аж. Иймд бид энэ талаар болон “Авьяаслаг Монголчууд” шоунд орсоноос хойшхи түүний талаар ярилцлаа.
ВИДЕО:
-“Авьяаслаг Монголчууд” шоугаар нь таныг хүмүүс андахгүй. Тэр шоунд оролцсоноос хойш хэдэн жил өнгөрчихөв?
-Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан хоёрдугаар багийн малчин Б.Тунгалагтамир байна. Авьяаслаг Монголчууд шоунд 2016 онд орсон шүү дээ. Одоо есөн жил өнгөрсөн байна. Цаг хугацаа хурдан байгаа биз.
-Түүнээс хойш уран бүтээлтэйгээ ойр байв уу?
-Урлаг уран бүтээлээ хийж л байна. Нэвтрүүлгүүдэд ч орж л явна. Малаа маллаж байна. Үр хүүхдээ төрүүлж байна. Өсгөж байна. Ач, зээтэй болсон. Ер нь хүний хийх ёстой бүх л юмыг хийж явна даа. Одоо сүүлдээ тоглолт хүртэл хийж эхлэх гэж байна шүү дээ.
-Тэр шоу ер нь таны амьдралд ямар өөрчлөлт авч ирсэн бэ?
-Ер нь тэр шоугаар л миний амьдрал өөрчлөгдөж эхэлсэн шүү дээ. Би 2016 он хүртэл гэрээсээ төрөхөөс бусдаар гарч үзээгүй байсан. 2016 онд “Аз болж хүүхэд халуурч” гэж яриад Авьяаслаг Монголчууд шоунд орж байсан юм. Тэр үг хүнд их сайн хүрсэн юм шиг байна лээ. Хүмүүс “Нөгөө аз болж хүүхэд халуураад гэдэг хүүхэн чинь явж байна шүү дээ” гэдэг. Тэгээд л ТВ25 суваг телевизтэй маш олон нэвтрүүлэг дээр хамтарч ажилласан даа. Манай нэвтрүүлгүүд чинь Алтан шонхор аваад, дараа дараагийнхаа замнаолуудыг хийж эхэлсэн. Тийм болохоор би Монгол ТВ-ийнханд маш их баярлаж явдаг. Ийм сайхан контентыг Монголд оруулж ирээд тодорхой хэмжээнд хэсэг хүмүүсийн ч гэсэн амьдралыг өөрчлөөд өгч байгаад маш их баярладаг.
-МУСТА цол тэмдэг авсан байсан. Хэзээ авсан бэ?
-Манайхан нэг наадам хийгээд тэр наадам дээр надад МУСТА гэсэн цол тэмдгийг маань аваачиж өгсөн. СТА цол тэмдэг гэдэг чинь маш их үүрэг хариуцлага. “Авьяаслаг Монголчууд шоунд ороод алтан базер авчихаар энэ хүн СТА авчихаж байгаа юм уу, одоо Монголд ерөөсөө нэг юм уу хоёр дуу дуулаад л СТА авдаг болчихсон юм уу, УИХ-ын гишүүдийн карманд нь СТА тэмдэг явж байдаг юм уу” гэсэн шүүмжлэлүүд маш их гарч ирсэн. Тэгэхээр нь би “Энэтэй ч амьдарна, энэгүй ч амьдарна шүү дээ. Энийг нь юманд боогоод аваачаад өгчихье” гээд байж байсан чинь манай найзууд надад зөвлөж байгаа байхгүй юу. “Миний найз ямар дуу дуулаад, клип гаргаад, тоглолт хийгээд яваа биш. Чи үндэснийхээ өв соёлыг тээж яваа өвлөн уламжлагч гэдгээрээ авч байгаа байхгүй юу. Тийм болохоор миний найз СТА цол тэмдгээ битгий тэгж ярь. Зүгээр зүү” гэсэн. Тэгээд би ер нь СТА, алдарт эх хоёроо зүүдэг болсон.
-Малчид дунд маш олон авьяастай хүмүүс байдаг. Гэхдээ боломж, нөхцлөөс нь болдог ч юм уу тэр бүр ил гарч, олноо танигдаж чаддаггүй. Та зориглож гарч ирж чадсан хүний хувьд тэр хүмүүст юу гэж зөвлөх бол?
-Хүн болж төрөөд нэг л удаа амьдарна шүү дээ. Малын захад жилийн дөрвөн улиралд салхи шороо, ган зуд, халуун наранд байнгын байж байдаг хүмүүс чинь өөрсдийгөө ирлээд, хурцлаад, жаахан зоригтой байвал болчихно гэж боддог. Үнэхээр шантрамтгай хүмүүс байдаг шүү. Зүгээр л өөртө итгэ. Тэгээд урагшаа дайр. Тэгээд л болоо шүү дээ.
-Зөвхөн малчид дуулах тоглолт удахгүй болох гэж байгаа юм байна. Энэ тоглолтыг та зохион байгуулж байгаа гэв үү. Анх яагаад ийм тоглолт хийхээр шийдэв?
-Малчин заяа тоглолтоо удахгүй хийх гээд бэлтгэл ажилдаа орчихсон яваа. Энэ тоглолтыг би санаачлахдаа зүгээр бодож байгаад л хийсэн зүйл биш байхгүй юу. Жилийн өмнөөс бодож тунгааж, ярьж хөөрч явж байгаад л хийхээр шийдсэн. Манай малчид дунд дөрвөн зүг найман зовхист маш авьяастай мундаг хүмүүс олон байдаг. Авьяастай мөртлөө амьдралаасаа болоод авьяасаа дэлгэж, олон түмэнд түгээж чаддаггүй маш олон малчид дуучид байдаг учраас тэр болгоныг түгээн дэлгэрүүлье гэж бодсон. Миний ээж хөөрхөн, Намрын хит гээд манайхны хүлээж үздэг тоглолтууд байдаг шүү дээ. Тэр хэмжээний нутагшуулаад жил бүр Малчин заяа нэртэй тоглолтоо зохион байгуулж байя гэж шийдсэн.
-Малчид маань үнэхээр завгүй хүмүүс байдаг шүү дээ. Тэр болгоны хажуугаар тоглолт хийгээд, уран бүтээл тууриваад явах цаг, зөв нь хэр байдаг юм бэ?
-Өвөл зунгүй ажилтай байдаг хэрнээ бид нар яагаад дуулаад яваад байгаа юм. Бид нарт маш их ажил байдаг. Уйдаагүй шүү дээ. Тэгсэн мөртлөө ингээд яваад байгаа нь хобби. Хоббигоо хөгжүүлэх гээд байгаа. Тийм болохоор л энэ тоглолтыг санаачлаад хийж байгаа юм. Мянга мянган малчид бид нарыг хараад “нээрээ ингэж болно шүү дээ. Яагаад ганц л амьдрахдаа бүхнийг зохицуулж болдоггүй юм” гэж бодох байх. Ганцхан малаа маллаад явж байгаа мундаг малчид олон бий. Гэхдээ хоббигоо хөгжүүлээд, хажуугаар нь урлаг уран сайхнаар яваад, өөрийгөө хөгжүүлж болно шүү дээ.
Би арван хүүхэд төрүүлсэн. Малаа малладаг. Тэгсэн хэрнээ байнга бүх зүйлээ амжуулаад яваад байдаг. Тэгээд түүндээ ерөөсөө түүртдэггүй. Болгоно л гэж боддог. Манай малчид бас “Дан малчид болохоор яах бол. Бид нарыг үзэх болов уу яах бол” гээд байгаа. Үзнэ шүү дээ. Бид нар чинь үндэснийхээ өв соёлыг тээж яваа өвлөн уламжлагч нар. Үр хойчдоо өөрсдийнхөө өвлөж авсан зүйлийг буцааж түгээн дэлгэрүүлэх ёстой. Нэг их хүмүүст олдоод байдаггүй хувь заяа учраас оногдож байгаа үүрэг хариуцлагаа ухамсарлах ёстой гээд зоригтойгоор энэ тоглолтыг хийхээр шийдсэн.
-Тоглолт хэзээ, хаана болох вэ?
-Манай тоглолт Монгол бөхийн өргөөнд аравдугаар сарын 13-нд 13 малчнаас бүрдсэн сайхан тоглолт болно. Манай хэдэн малчид ч гэр орон руугаа явах гээд л байна. Тэгээд бүгд нэг дор байрлаад “явуулахгүй, байж бай, ганцхан сар шүү дээ. Хэдүүлээ одоо нэгэнт л гоё зүйл шийдчихсэн. Галт тэрэг хөдөлсөн. Тийм учраас одоо больё, одоо буцья, хүн үзэхгүй бол яана гэсэн зүйл огт байж болохгүй” гэж л хэлээд байгаа. Малчин заяа тоглолтыг минь Монголын бүх сайхан малчид бид нарыг дэмжээд, ирж үзэх байх гэж найдаж байгаа шүү.