Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн бичлэг нь цахим орчинд нийтлэгдэж, олны шүүмжлэлд өртсөн алба хаагчдыг “хаана уусан” эсэхийг нь үл харгалзан ажлаас нь өчиггүй чөлөөлж байгаа. Гэтэл УИХ-ын чуулганы хуралдааны танхим, төрийн ордонд согтуу морилсон парламентын гишүүд болон олны нүдэнд өртсөн МАН-ын удирдлагуудад огт хариуцлага тооцдоггүй нь зарим иргэдийн гайхширлыг төрүүлдэг.
Тэгвэл МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо /НАМЗХ/-ны +35 дээш насны залуучуудын нэгдэл болох “YES Mongolia” ТББ-ын 10 жилийн ойг тохиолдуулан, өнгөрөгч амралтын өдөр “Хүй долоо худаг”-т бэсрэг наадам болсон байна.
Уг наадамд бэсрэг наадамд оролцохоор УИХ-ын гишүүн Н.Учрал, Э.Батшугар, Х.Булгантуяа, Н.Батсүмбэрэл, Э.Болормаа нарын МАН-аас парламентад сонгогдсон 10 орчим гишүүд, мөн Хотын дарга асан, МАН-ын Нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарын олон хүмүүс “Хүй долоо худаг”-т очсон байна.
Гэтэл энэ үеэр Хотын дарга асан Д.Сумъяабазар жаахан халамцаж, “Д.Амарбаясгалан МАН-ын дарга болбол би Ерөнхий нарийн бичгийн дарга /генсек/ болно” хэмээж, Н.Энхбаярыг дайруулан ярьж УИХ-ын гишүүн Э.Батшугарт хандан хөлчүүрхжээ. Мөн энэ үеэрээ УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлд зарим онцгүй үгийг хэлж тэнд байсан олон хүмүүсийг “тухгүй” болгосон байна. Иймд Д.Сумъяабазарыг тэнд байсан хүмүүс түр авч явжээ.
Сонирхуулахад, МАН-ын Бага хурал, Их хурал удахгүй хуралдаж Л.Оюун-Эрдэнийн Монгол Ардын намын даргаас чөлөөлөгдөх өргөдлийг нь хүлээн авч, дараагийн даргаа сонгох юм. Иймд МАН-ын дотоодод хэсэг, бүлгийн уулзалтууд тогтмол өрнөж байгаа. Тухайлбал, саяхан Ерөнхий сайд Г.Занданшатар НАМЗХ-ны үе, үеийн удирдлагуудыг Их тэнгэрийн аманд хүлээн авч уулзан, “бид хамт шүү” гэдгээ илэрхийлсэн гэдэг. Харин Их тэнгэрийн аманд, өөрийнх нь амьдарч буй газрын хашаанд нь болсон тус уулзалтад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан оролцоогүй байдаг.
Тэгвэл өнгөрөгч амралтын өдөр болсон НАМЗХ-ны +35 дээш насны залуучуудын “YES Mongolia” нэгдлийн 10 жилийн ойн бэсрэг наадмын үеэр ч МАН-ын дараагийн даргын талаарх хэсэг бүлгийн уулзалт, яриа болсон байна. Тодруулбал, МАН-ын шинэ даргад Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар өрсөлдөнө гэх мэдээлэл байгаа. Харин Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргад Д.Амарбаясгаланг дэмжиж байгаа гэдэг. Иймд Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хороог Х.Нямбаатартай хамтдаа удирдаж ирсэн Д.Сумъяабазар улс төрийн хэтийн зургаа халамцсан үедээ ч олонд задалсан байж магадгүй байна.