Боловсролын сайд П.Наранбаяр 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг танилцуулсан. Энэ хичээлийн жилийн бүтэц нь бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх аж.
Тодруулбал, сурагчдын нэг болон хоёрдугаар улирлын амралтыг даваа гаригт эхлүүлж, баасан гаригт дуусгахаар тусгасан байна. Ингэхдээ нийслэлийн сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг арванхоёрдугаар сард, хоёрдугаар улирлын амралтыг дөрөвдүгээр сард, гуравдугаар улирлын амралтыг зургадугаар сард товлосон.
Сурагчдын нэгдүгээр улирлын амралт: Бага ангийн сурагчид буюу 1-2-р ангийнхан ирэх сарын 23-наас, 3-5 болон дунд ангийнхан ирэх сарын 30-наас, ахлах ангийнхан нэгдүгээр сарын 6-наас эхлэн амраад ирэх оны нэгдүгээр сарын 24-нд хичээлдээ орох юм. Мөн ирэх 12 дугаар сарын 30-наас нэгдүгээр сарын 3-ныг дуустал цахим сургалтын долоо хоног тохиож, ЕБС-ийн сурагчид цахимаар хичээллэх юм байна.
Сурагчдын хоёрдугаар улирлын амралт: Нийслэлд ирэх оны дөрөвдүгээр сарын 7-ноос эхэлж, дөрөвдүгээр сарын 11-нд дуусна. Харин орон нутагт ирэх оны гуравдугаар сарын 31-нээс, дөрөвдүгээр сарын 11-нд дуусах юм.
Сурагчдын гуравдугаар улирлын амралт: Улсын хэмжээнд бага анги ирэх оны зургаадугаар сарын 9-нөөс эхэлж амарна. Харин дунд, ахлах ангийнхан зургаадугаар сарын 16-наас амарч, зуны амралт эхлэх юм.