Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ. Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Иймд орон даяар, өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн өнөөдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу Нийслэлийн Ерөнхий боловсролын 155-р сургуулийн сурагчдад Үндсэн хуулийн талаарх сэдэвт хичээл заалаа.
ВИДЕО:
Энэ талаар Нийслэлийн ерөнхий боловсролын 155-р сургуулийн захирал Д.Болд, "Үндсэн хуулийн өдрийг музейн үзмэр үзэж түүхэн сургалтын үйл ажиллагааг интеграци хэлбэрт оруулж хүүхдүүдэд танин мэдүүлэх ажиллагааг зохион байгуулж байна. Үүнийг гурван үе шаттай явуулж байгаа. Нэн тэргүүнд бага ангийн сурагчдад хичээлээс гадуурх үйл ажиллагаа, дунд ангийн сурагчдад музейн үзмэрийг сургалтанд хэрэглэх, харин ахлах ангид хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгуулж байна" гэлээ.
Мөн тус сургуулийн Түүх, Нийгмийн ухааны багш Н.Алтанцэцэг, "Энэ өдөр бол Монголчууд анх удаа Үндсэн хуультай болж, Бүгд найрамдах засгаа тунхагласан түүхт өдөр. Энэ өдрийн 100 жилийн ой энэ жил тохиож байна. Манай сургууль өмнөх жилүүдэд хичээл бэлдэж хүүхдүүдэд заадаг байсан бол энэ жил нэмэлтээр видео контент бэлтгэж, тэмдэглэлт баяраар хүүхдүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэхийн тулд гэр орондоо контент бэлтгэж байна. Энэ өдрийн талаар хүүхдүүд хичээлээрээ дамжуулан маш сайн мэдэж авч байгаа" гэлээ.