Үндсэн хууль баталсан өдрийг "Улс тунхагласан" баяр мэтээр сурталчлах ажлын ахлагч Э.Лхагва битүү шөлний реклам зэрэг бусад ажилд 1.2 тэрбумыг зарцуулсан уу

Үндсэн хууль баталсан өдрийг "Улс тунхагласан" баяр мэтээр сурталчлах ажлын ахлагч Э.Лхагва битүү шөлний реклам зэрэг бусад ажилд 1.2 тэрбумыг зарцуулсан уу

Монгол Улс тэртээ 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхдугаар Үндсэн хуулийг баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжсэн. Энэ өдрийн 100 жилийн ой ирэх мягмар гараг /2024.11.26/-т тохиож бүх нийтээр амарч энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Эл түүхийн зарим ээдрээг мушгин гуйвуулсаар өдгөө энэ өдрийг "Улс тунхагласан" Монгол Улс тусгаар тогтнолоо олж авсан баярын өдөр мэт ташаа ойлголт төрүүлж буй. Гэвч Монгол Улс Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жилийн түүхтэй орон. Иймд ерөөс Монгол Улсад төрт улс үүссэн гэвэл 2233 жилийн тэртээгээс бодож тэмдэглэх нь зүйд нийцэх бөгөөд Монгол Улсын түүхийг сүүлийн 100 жилээр зангидаж, улс тунхагласны ой хэмээн тэмдэглэх нь буруу гэдгийг ихэнх түүхчид мэдэгддэг. Иймд арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг Улс тунхагласны баяр гэхээсээ илүүтэй анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр гэх нь зүйтэй юм.

-“БИТҮҮ ШӨЛ”-НИЙ РЕКЛАМ ЗЭРЭГ АЖЛУУДЫГ 1.2 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР САНХҮҮЖҮҮЛЖЭЭ-

Тэгвэл УИХ-аас 2023 онд 100 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоол баталж, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан байна. Уг тогтоолоор анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, түүхэн судалгааны болон танин мэдэхүйн бүтээл туурвиж нийтийн хүртээл болгох, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах, төрийн ёслол хүндэтгэлийн бусад арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг зохион байгуулахыг ажлын хэсэгт даалгасан юм.

Улмаар 100 жилийн ойн хүрээнд Эрдэм шинжилгээний хурал, чуулга уулзалт, мөн хүндэтгэлийн чуулган, үзэсгэлэн зэрэг үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа бол хамгийн их анхаарал татаж, иргэдийн шүүмжлэл дагуулсан нь тус өдрийн баярын ширээний зоогийг “Битүү шөл” болгохыг уриалсан явдал байлаа.

11 дүгээр сарын 26-ны өдөр битүү шөл идэх албан бичиг

Учир нь УИХ-ын тамгын газрын дэд дарга Э.Лхагва Ерөнхий боловсролын сургуулийн бүх ангийн сурагчдыг гэртээ битүү шөл хийж идэх гэрийн даалгавар өгөх уриалгыг гаргасан байх бөгөөд реклам, сурталчилгаа хүртэл хийгээд амжжээ.

Үзэгчдийн шүүмжлэл дагуулаад байгаа алдарт “Битүү шөл”-ний сурталчилгааны эхэн хэсэгт цагаан сараар буузыг түлхүү иддэг заншилтай хэмээн ярьж, сүржин том ууц, том тавагтай идээ зэргээр ширээ зассан айл цагаан сараа тэмдэглэж буй нь харагдана. Удаах хэсэгт Үндэсний их баяр наадмын талаар гарах бөгөөд мөн л ширээ дүүрэн хуушуур өрж тавьсан байх. Үүний дараачаар анхдугаар үндсэн хуулиа баталсан өдрийг гэр бүлийн хамт тэмдэглэж, бүгд битүү шөл идэх аж.

ВИДЕО: 

Энэ рекламны агуулга, хийц нь даржин ч гэлээ “үнэхээр л мөнгө цацаж хийсэн нь харагдаж байна” хэмээн иргэд шүүмжилж буй. Хамгийн ноцтой нь иргэдийн бухимдлыг төрүүлсэн эл болхи реклам болон Үндсэн хуулийн ойд зориулсан бусад бүх арга хэмжээнд 1.2 тэрбум төгрөг зарцуулсан гэж эх сурвалжууд бидэнд мэдээлсэн юм. Төсвийг Засгийн газраас гаргажээ.

-"ЗАЛУУС ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАН ТҮҮХЭН ӨДРИЙН АЧ ХОЛБОГДЛЫГ МЭДЭХГҮЙ БАЙГАА УЧРААС ҮНДЭСНИЙ ЗООГИЙГ БИТҮҮ ШӨЛ БОЛГОЖ, УРИАЛГА ГАРГАСАН" ГЭВ-

Тэгвэл олон нийтэд Үндсэн хууль батлагдсан өдрийг сурталчлан таниулах чиглэлийн ажлыг хариуцах ажлын хэсэгт Боловсролын яам, УИХ-ын тамгын газар, Гадаад харилцааны яам, Үндэсний архивын газрын төлөөллүүд багтаж, ажлын хэсгийг УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва ахлан ажиллаж байгаа аж.

"Битүү шөл"-ийг баярын зоог болгосон талаар УИХ-ын тамгын газрын дэд дарга Э.Лхагва, “Төрөөс энэ өдөр ийм хоол ид гэж шаардаад байгаа зүйл байхгүй. Энэ бол уриалга. Соёлын яам болон Монголын хоол үйлдвэрлэгчдийн холбоо энэ уриалгыг дэмжиж, баярын зоогийг битүү шөл байх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр энэ хоолыг сонгосон.

Судалгааг хараад үзвэл залууст Цагаан сар 78 хувьтай, наадам 83 хувьтай хүлээн зөвшөөрөгдсөн байдаг бол Улс тунхагласны баяр, тусгаар тогтнолын өдөр зэрэг баяруудын ач холбогдлыг залуус сайн ойлгодоггүй учраас бусад тэмдэглэлт өдрүүдээс нэг их ялгарал байхгүй байна гэж үзсэн. Ширээ засаад халуун ам бүлээрээ хоол идэх юм бол баярын уур амьсгал бүрддэг гэсэн социологийн судалгаан дээр үндэслээд ийм уриалга дэвшүүлж байгаа юм. Мөн Монгол хоол үйлдвэрлэгчдийн холбоотой хамтраад битүү шөл хийж идэх жор гаргаад гадуур тарааж байгаа” гэх тайлбарыг өгчээ.

Гэвч УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагвын яриад байгаа эл өдөр бол Улс тунхагласан өдөр ч биш. Бид анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засгаас бүгд найрамдах засаг руу шилжсэн өдөр юм.

Үүнийг Улс тунхагласны баяр мэтээр ойлгуулж, Монгол Улсыг 100-хан жилийн түүхтэй мэт ярих нь буруу гэдгийг энд дахин сануулъя. Монгол Улс 800 гаруй жилийн өмнө Их засаг хуулиа баталж, Их Монгол Улсыг байгуулж байлаа. Арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг Бүгд найрамдах засагаа тунхагласан өдөр хэмээн хэлж явсаар улмаар Улс тунхагласны баяр гэх болсон нь ташаа ойлголт. Эл өдрийг Анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн өдөр гэх нь зүйтэй юм.