Сэтгэлзүйч Ө.Адъяа: Эцэг эхчүүд уурлаж бухимдсан үедээ хүүхдээ үл хайхарч, сэтгэлзүйн хувьд хүчирхийлж болохгүй /ВИДЕО/

Сэтгэлзүйч Ө.Адъяа: Эцэг эхчүүд уурлаж бухимдсан үедээ хүүхдээ үл хайхарч, сэтгэлзүйн хувьд хүчирхийлж болохгүй /ВИДЕО/

Хүүхэд сэтгэлзүйн хувьд тогтвортой, аз жаргалтай, ямар нэг асуудлыг даван туулах чадвартай бие хүн болж төлөвшихөд гэр бүлийн орчин, эцэг эхийн харилцаа хамаарал, хандлага маш чухал үүрэг рольтой байдаг. Эцэг эхчүүдийн зүгээс үр хүүхдүүдтэйгээ харилцахдаа гаргадаг түгээмэл алдаанууд бий. Энэ талаар сэтгэлзүйч Ө.Адьяатай ярилцсан юм.

ВИДЕО: 

-Хүүхэд гэр бүлээсээ сэтгэлийн боловсрол авч, эцэг эхийн харилцаа хандлагаас сэтгэлзүйн хувьд ямар хүн болж төлөвших нь тодорхой болдог. Тэгвэл эцэг эхчүүдийн зүгээс гаргадаг түгээмэл алдаануудын талаар хуваалцана уу?
-Эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэл хөдлөл мэдрэмжийг үгүйсгэлгүйгээр, дарахгүйгээр хүлээн зөвшөөрч, тусгаж, сонсох нь чухал байдаг. Учир нь гэвэл өдөр тутамдаа бид хүмүүстэй харилцахдаа олон янзын мэдрэмжүүдийг мэдэрч
байдаг. Эдгээр мэдрэмжийг мэдрэх, илэрхийлэх нь энгийн, хэвийн зүйл гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл, хүүхдийн мэдэрч байгаа мэдрэмжийг үгүйсгэхгүйгээр хүлээн зөвшөөрч сонсох нь хамгийн үнэ цэнэтэй. Ингэсэнээрээ хүүхэд өөрийгөө нээлттэй чөлөөтэй илэрхийлдэг мөн өөрийн сэтгэл хөдлөл мэдрэмжиндээ хүндэтгэлтэй хандаж өөрийн хэрэгцээгээ хангах чадвартай бие хүн болон төлөвших үндэс суурь тавигдах болно.
Хүүхэддээ нэр хоч өгөхгүй байх хэрэгтэй. Хүүхдэд нэр хоч өгснөөр эргээд хүүхэд нэр хочиндоо баригдмал болох ч юм уу эсвэл өөртөө итгэх итгэл болон өөрийн үнэлэмжинд сөргөөр нөлөөлөх боломжтой. Тийм болохоор гэр бүлийн
болон сургуулийн орчинд хүүхдүүдэд нэр хоч өгөх нь зохимжгүй юм. Эцэг эхчүүд маань хүүхэдтэйгээ сэтгэлзүйн хувьд нээлттэй, өөрсдөө бас сэтгэлзүйн сайн сайхан байдалдаа анхаардаг, илэрхийлдэг байх юм бол хүүхэд
багаасаа түүнд суралцана. Тэгэхээр хүүхдүүд өөрсдөө хийж үзэж, ямар нэг туршлага хуримтлуулж аваад “Аан за болж байгаа юм байна” гэдэг мэдрэмжээ авах нь их чухал байдаг. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдийнхээ өмнөөс асуудлыг
шийдвэрлэх гээд байдаг тал дээрээ жаахан хойш суух хэрэгтэй. Хүүхэддээ алдаж үзэх, онож үзэх, суралцах, ур чадвараа хөгжүүлэх боломжийг нь нээлттэй олгож өгөх нь чухал.
-Маш завгүй, стресс бухимдал ихтэй нийгэмд бид амьдарч байна. Тэгэхээр эцэг эхчүүд үр хүүхдээ тоохгүй, анхаарахгүй байх хандлага ажиглагддаг. Хүүхдийн эрхийн тухай хуулинд хүүхдийг үл хайхрах гэдгийг хүчирхийллийн хэлбэр гэж тусгадаг байдаг. Хүүхдээ үл хайхрах зүйл та бүхэнд ажиглагдаж байна уу?
-Үл хайхрах, үл ойшоох гэдэг нь бүр бага насны хүүхдийн хувьд хооллож ундлах, живхийг нь солих, дааруулахгүй байх зэрэг анхдагч хэрэгцээг хангахгүй байхыг сэтгэл судлалд үл хайхралын нэг хэлбэр гэж үздэг. Харин сэтгэлзүйн хувьд үл хайхрах гэдэг нь дуугаа хураах, тэр хүүхдийг байхгүй юм шигээр хандах нь хүүхдэд сэтгэлзүйн дарамт, ойлгомжгүй байдлыг үүсгэх боломжтой. Тэгэхээр уурлаж бухимдсан үедээ хүүхдээ харагдахгүй байгаа юм шиг царайлахгүйгээр, “Ээж нь одоо ууртай байна, аав нь одоо бухимдалтай байна, жаахан тайвшрахаараа ярилцъя” гээд арай илүү тайвширсан үедээ хүүхэдтэйгээ харилцах нь чухал.
-Хүүхэд бага насандаа авсан сэтгэлзүйн гэмтэл насанд хүрсэн хойно нь асуудал бэрхшээлтэй тулгарахад түүнийгээ шийдвэрлэхэд саад болдог юм шиг санагддаг?
-Сэтгэлзүйн гэмтэл гэхээр олон төрөл байдаг. Эцэг эхчүүд маань хүүхэддээ их шаардлага тавьдаг бол өөртөө болон бусдад их шаардлага тавьдаг хүн болох магадлалтай. Шаардлага өндөртэй байна гэдэг чинь аливаа юмыг 100 хувь хийх хүсэлтэй байна гэсэн үг. 100 хувь хийх хүсэл эрмэлзэл маань буцаад ажлын байран дээр гарахаараа яг таг, ямар ч алдаагүй 100 хувь төгс байх ёстой гэж хичээдэг болно. Энэ нь нэг талаар хариуцлагатай сайн боловч буцаад нөгөө хүн
сэтгэлзүйн хувьд ядрах, сульдах ажлаас халшрах ч юм уу тиймэрхүү шинж тэмдгүүд мэдрэхэд нөлөөллөх боломжтой. Мөн эцэг эхчүүд хүүхэддээ шүүмжлэлтэй ханддаг бол хүүхэд өөртөө шүүмжлэлтэй эсвэл бусдад шүүмжлэлтэй хүн болж төлөвших магадлалтай. Тэгэхээр шүүмжлэлгүйгээр
хийсэн алдааг нь хүлээн зөвшөөрч хийж байгаа зүйлийг нь, хичээл зүтгэлийг нь урамшуулж, дэмжиж харилцах нь чухал.
-Хүүхдийг урамшуулж, дэмжих гэдгийг хүмүүс “Мундаг” гэдэг ганцхан үгээр томьёолох гээд байдаг. Хүүхдийг ер нь яаж зөв урамшуулж, магтах ёстой байдаг вэ?
- “Миний хүүхэд хамгийн ухаантай”, “Миний хүүхэд хамгийн мундаг”, “Миний хүүхэд хамгийн хөөрхөн” нь гэдэг ч юм уу гэх мэтчилэн гадаад байдлаар, ерөнхий магтах нь тохиромжгүй. Яаж зөв эрүүл магтах вэ гэвэл хүүхдийнхээ
хийж буй үйлдэл дээр нь төвлөрөх, бодитой фактуудыг хэлэх хэрэгтэй. Яг гаргасан үр дүн, хичээл зүтгэлийг нь урамшуулж магтах нь хамгийн чухал.
-Эцэг эх, хүүхдүүдийн хооронд үүсч байгаа бас нэг асуудал бол ухаалаг утасны хэрэглээ болчихлоо. Энэ тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ?
-Одоогийн нийгэм бол гар утасгүйгээр төсөөлөх аргагүй болчихлоо. Автобус хаана явж байгааг харна, банкны шилжүүлэг хийнэ гэдэг ч юм уу, эсвэл эцэг эхчүүд хүүхэдтэйгээ холбоо барих хэрэгсэл болж байгаа. Тэгэхээр мэдээж хэт их хэрэглэж болохгүй гэдэг хязгаарлалтыг эцэг эхчүүд тавьж өгөх нь чухал. Эсвэл гэртээ баримтлах дүрэм гаргах хэрэгтэй. Ажлын өдөр 2-3 цаг утас хэрэглэнэ гэдэг ч юм уу. Гурван цагаа өглөө, өдөр, орой яаж ашиглахаа хүүхэд
өөрөө шийднэ гэдэг ч юм уу. Эсвэл зурагтыг өдөрт хоёр цаг л үзнэ. Амралтын өдөр арай жаахан их байх боломжтой гэдэг ч юм уу. Гэр бүл дотроо, гэр бүлийн гишүүд хоорондоо ярилцаад тэр дүрмийг бүх гишүүд нь баримтлах нь чухал. Аав ээж нь ном уншиж байвал хүүхэд ном уншина. Хүүхдэд ямар үлгэр дуурайлал үзүүлмээр байна, түүнийгээ эцэг эхчүүд маань өөрсдөө гаргах, дуурайлал болох нь чухал.
-Хүүхэд сэтгэлзүйн хувьд нээлттэй, өөртөө итгэлтэй асуудлыг даван туулах тогтвортой сэтгэлзүйтэй хүчирхэг хүн болоход эцэг эхчүүд хэрхэн дэмжлэг үзүүлэх боломжтой вэ?
-Сэтгэл хангалуун хүн болж төлөвших нь гэр бүл, хайртай дотны эргэн тойрны хүмүүстээ хайрлагдсан, ойлгогдсон, дэмжигдсэн гэсэн мэдрэмжийг авах нь хамгийн чухал байдаг. Эцэг эхчүүд маань хүүхдээ хайрлаж байгаа, халамжилж байгаа гэдгээ үйлдлээрээ, үгээрээ илэрхийлж шүүмжлэлгүйгээр сонсож, дэмжих хэрэгтэй. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдтэй бол найз шиг ярилцах, санал бодлыг нь сонсох нь хамгийн чухал байдаг.