ШУТИС-ийн Удирдах зөвлөл дэх үүсгэн байгуулагчийн төлөөлөл шинэчлэгдсэнтэй холбоотойгоор эхний хурлаа хийлээ. Шинэчилсэн бүрэлдэхүүнд Монголын интернэт үйлчилгээний анхдагч компани “Датакoм” ХХК-ийг үүсгэн байгуулагч Дангаасүрэнгийн Энхбат орсон ба түүний мэдлэг, туршлага тус их сургуулийн сургалт, үйл ажиллагаанд чухал хувь нэмэр болно гэж үзэж байна.
Хуралдаанд оролцож буй гишүүдээс нээлттэй санал хурааж, 100 хувийн саналаар Доноровын Гантулгыг Удирдах зөвлөлийн даргаар сонгосон байна. Монгол Улсад нэн хэрэгцээтэй байгаа чадварлаг инженерүүдийг бэлтгэхийн тулд ШУТИС-ийн харьяа Олон улсын инженерийн сургуулийг Хөшигийн хөндийд байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч, шинжлэх ухаан, технологийн инновацад суурилсан бодлого баримтлан хамтарч ажиллана гэдгээ тэрбээр онцлов.
Удирдах зөвлөлийн дараагийн хурлаар Дээд боловсролын тухай хуулийн дагуу УЗ дэх сургуулийн төлөөлөл болон дүрмийг шинэчлэн батлах, сургуулийн стратеги төлөвлөгөөг шинэчлэх, 2025 оны төсвийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэх аж.