2024 оны “EF English Proficiency Index” буюу “Англи хэлний ур чадварын индекс”-ээр Монгол Улс дэлхийн 116 орноос 84 дугаарт буюу "муу" ангилалд оржээ.
Уг индексээр төрөлх хэл нь англи бус орнуудын иргэдийн англи хэлний ур чадварыг маш сайн, сайн, дунд, муу, маш муу гэсэн таван ангиллаар тодорхойлдог. Ингэхдээ үнэ төлбөргүй англи хэлний стандарт тест бөглөсөн хүмүүсийн шалгалтын үр дүнг ашигладаг байна. Энэ жилийн хувьд 2023 онд шалгалт өгсөн 2.1 сая хүний өгөгдлийг ашиглажээ. Шалгалтын хамгийн дээд оноо 800 байх бөгөөд улс орнуудын дундаж 477 бол манай улсын хувьд 482 буюу дунджаас дээгүүр оноотой байна. Харин 550-иас дээш оноотой 31 орон англи хэлний ур чадвар маш сайн, сайн гэсэн ангилалд багтжээ. Нидерланд (636), Норвеги (610), Сингапур (609), Швед (608), Хорват (607), Португал (605), Дани (603), Грек (602), Австри (600) маш сайн гэсэн үнэлгээтэй тэргүүлэв.