"Орос хэлийг заавал судлах хичээлд оруулж, 231 цаг судлах" тушаалыг Ё.Баатарбилэг, Л.Энх-Амгалан нар гаргаж дунд ангид үзэх болжээ

"Орос хэлийг заавал судлах хичээлд оруулж, 231 цаг судлах" тушаалыг Ё.Баатарбилэг, Л.Энх-Амгалан нар гаргаж дунд ангид үзэх болжээ

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн 2023 оны наймдугаар сарын 30 /2023.08.30/-ны өдрийн А/350 тоот тушаалд "дунд сургуулийн дунд ангид орос хэлийг заавал судлах хичээл"-д багтаасан байдаг.

Тодруулбал, дунд сургуулийн 7-8 дугаар ангид долоо хоногт 2 цаг, 9 дүгээр ангид долоо хоногт 3 цаг орос хэлний хичээл үздэг. Харин 10-12 дугаар ангид заавал англи эсвэл орос хэлний аль нэгийг судлана гэж заажээ. Гэвч орос хэлийг сонирхон судалж, суралцах сурагчдын тоо жилээс жилд буурч байна. Үүний нэг баталгаа бол элсэлтийн ерөнхий шалгалтад орос хэлийг сонгодог сурагчдын тоо жилээс жилд буурч буй явдал юм.

Тухайлбал, 2021 онд орос хэлээр 866 сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгч байсан бол 2024 онд энэ тоо 690 болж буурчээ. Түүнчлэн, орос хэлээр элсэлтийн шалгалт өгсөн сурагчдын 30-40 хувь нь Баян-Өлгий аймгийн хүүхдүүд эзэлдэг байна.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, "өнөөдөр орос хэлний багшийн хүрэлцээ муу. Улсын хэмжээнд 625 багш орос хэлний хичээл заадаг. Мөн зөвхөн МУИС, МУБИС-д л орос хэлний багшийг бэлтгэж байгаа аж. 

Харин эцэг эхчүүд болон сурагчдын зүгээс “Дунд сургуульд орос хэлийг заавал үзэх хичээлд оруулмааргүй байна. Англи хэлний дүрэмтэй хольж, солиод хэцүү. Өдөр тутамдаа орос үгийг хэрэглэдэггүй болохоор хурдан мартдаг” гэх мэт санал, гомдол тавьсаар байдаг. Түүнчлэн “Дунд сургуульд хоёр хөршийнхөө хэлийг заавал судлах ёстой гэж үзэж байгаа бол хятад хэлийг мөн дунд сургуульд заалгамаар байна” гэх нь ч бий аж.

Гэвч үүнийг үе үеийн Боловсролын сайд нар нүдэн балай, чихэн дүлий өнгөрүүлсээр иржээ. Тодруулбал, 2019 оны наймдугаар сарын 01 /2019.08.01/-ний өдрийн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн А/491 дугаар тоот Сургалтын төлөвлөгөө шинэчлэн батлах тухай тушаалд орос хэлийг дунд ангид 231 цаг, ахлах ангид /сонголтоор 1023 цаг/ судлана гэж тусгасан байв. Үүнээс дөрвөн жилийн дараа буюу 2023.08.30-ны өдөр Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Сургалтын төлөвлөгөөг шинэчлэн баталсан ч мөн л дээрхийн адил Орос хэлийг заавал судлах хичээлд багтаасан байгаа юм.

Тэгвэл Ё.Баатарбилэг, Л.Энх-Амгалан сайд нарын баталсан дээрх сургалтын төлөвлөгөө нь 2023.07.07-ны өдөр батлагдсан Боловсролын тухай хуулийн 6.1-ийг зөрчиж байгаа юм. Тус хуулийн 6.1-д: “Монгол Улсад боловсрол эзэмшүүлэх сургалтыг төрийн албан ёсны хэлээр явуулна. Сургалтын үндсэн гадаад хэл нь англи хэл байх бөгөөд эх хэлээрээ суралцах болон бусад гадаад хэл суралцах эрхийг үл хөндөнө” хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Боловсролын тухай хуулиндаа заавал судлах анхдагч хэлээр англи хэлийг нэрлэчихээд орос хэлийг давхар зааж байгаа нь англи хэлээ гүнзгийрүүлж сурахад саад болж байна.