Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээнээс НДШ авч байгааг эсэргүүцэж ҮХЦ-д гаргасан нэхэмжлэлийн талаар хуульч Ө.Эрдэнэ-Очир, эдийн засагч С.Баярхүү нар өнөөдөр /2024.11.07/ мэдээлэл хийлээ.
Тухайлбал, хуульч Ө.Эрдэнэ-Очир ярихдаа, НДШ багц хуулийн 17.1.4-т "Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээнээс нийгмийн даатгалын шимтгэл заавал төлүүлнэ" гэдэг хуулийн заалт бий. Тэр заалт ямар утга учиртай вэ гэхээр иргэн хүн өөрөө нэг удаагийн ажил нэг компанид хийж өглөө, ажлынхаа хөлсийг авлаа.
Тэр ажлын хөлснөөс нийгмийн даатгал суутгах тухай асуудал. Энэ бол хувиараа өөрийнхөө ажил мэргэжлийн дагуу хувийн аж ахуй эрхлэх үндсэн эрхийг зөрчиж байгаа юм. Тэр хүнээс өөрөөс нь аваад зогсохгүй, тэр хүнээр нэг удаа ажил хийлгэсэн ажилтан байнгын хөдөлмөрийн харилцаатай ажил олгогч биш. Ийм байхад нийгмийн даатгалын шимтгэл суутгаж авдаг. Тэгээд гэрээний үнийн дүнгээр. Энэ бол шууд утгаараа татвар. Хамгийн харгис татвар.
Татвар гэдэг бол орлого олсон талаас нь зардлыг нь хасаад цэвэр ашгаас нь татвар авдаг. Гэтэл энд зөвхөн орлого олсон тал бус орлогыг өгсөн талаас нь хоёр талаас хоёулангаас нь авч байна. Нэгээс нь 9.7 хувь, нөгөөгөөс нь 12 хувийг авч байгаа юм" гэлээ. Иргэн, хуулийн этгээд хоёрын бизнес харилцаанд Төр шууд орж ирээд НДШ авч байгаа нь шууд иргэний хууль, татварын хуулийг зөрчиж байгаа явдал юм" гэлээ.