Дэлхийн хотуудын жишгээр Улаанбаатар хот түүхэндээ анх удаа Монголын анхны орон нутгийн бонд болох “Улаанбаатар бонд”-ыг энэ оны зургаадугаар сард буюу УИХ-ын сонгуулийн өмнөхөн гаргаж, зургаадугаар сарын 25-ны өдөр анхдагч арилжаагаа хийсэн.
Улмаар “Улаанбаатар бонд”-ыг дараах гурван төсөлд зарцуулсан юм.
- Бөөрөлжүүтийн цахилгаан станц-300 тэрбум төгрөг хүртэл
- Авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлтийн ажил - 150 тэрбум төгрөг хүртэл
- Ариутгах Бохир усны Туул-1 коллектор болон үерийн байгууламж - 50 тэрбум төгрөг
-НИЙСЛЭЛИЙН АНХНЫ БОНДООР 10-17 ЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БУЙ ТӨСЛҮҮДЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙСЭН-
Тодруулбал, Уг бондоос 300 орчим тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок буюу 300 мВт-ын хүчин чадалтай станцыг энэ онд багтаан ашиглалтанд оруулна гэж мэдэгдсэн боловч эхний ээлжийн 150 МВт-ын барилгын ажил дуусч энэ сарын 5-ны өдөр нээлтээ хийсан. Хоёр дахь ээлжийн 150 МВт-ыг ирэх 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн хэмээж буй.
Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барьж буй шинэ төв цэвэрлэх байгууламжийг бүрэн ашиглалтад оруулахад Улаанбаатар хотын бохир усны Туул-1 гол цуглуулагч шугамын барилгын ажлыг дуусгаж, хамт ашиглалтад оруулах шаардлагатай. Иймд Ариутгах Бохир усны Туул-1 коллекторт 50 тэрбум төгрөгийг тавьсан.
Уг коллекторыг барих шийдвэрийг 2007 онд гаргаж байв. Улмаар өнгөрсөн 17 жилийн хугацаанд 30 км тавих ёстойгоос 19 км хоолойг л тавьсан байх юм.
Түүнчлэн Улаанбаатар хот 1450 км хатуу хучилттай авто замтай. Улмаар авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд гол болон туслах, орон сууцны хороолол доторх нийт 27 байршилд, 73.1 км урттай зам, ус зайлуулах хоолойн иж бүрэн бүтээн байгуулалтыг 150.0 тэрбум төгрөгөөр хийнэ хэмээн тус тус төлөвлөсөн. Гэвч эдгээр ажлууд энэ онд бүрэн дуусч үр дүнгээ өгөх эсэх нь эргэлзээтэй. Анх нийслэлийн бондыг гаргах талаар хэлэлцэж байх үед НИТХ дэх АН-ын бүлгээс “Бондоор хөрөнгө оруулах төслүүд нь бүгд энэ онд дуусахгүй, олон жил үргэлжилсэн томоохон төслүүд байгаа тул ашиг гарахгүй. Манай бүлэг дэмжихгүй байна” хэмээн мэдээлж байв.
-НИЙСЛЭЛ ЭНЭ ОНД ДАХИН 500 САЯ АМ.ДОЛЛАРЫН БОНД ГАРГАНА-
Гэтэл нийслэл дахин бонд гаргаж, олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахаар төлөвлөжээ. Тодруулбал, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулахад зориулж Нийслэлийн Засаг даргын тамгын газраас орон нутгийн бонд гаргах, гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар 500 хүртэлх сая ам.долларын бондыг гадаад зах зээлд гаргахаар төлөвлөсөн бөгөөд энэ жилдээ багтаад 500 сая ам.долларыг босгох төлөвлөгөөтэй байгаа аж.
Үүнийг Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөсөн гэнэ.
“Сэлбэ дэд төв” төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны 2200 нэгж талбарыг чөлөөлж, 12 мянган өрхийн орон сууц барина. Нийт 2206 айлын газрыг чөлөөлөхөөс одоогоор 1500 айл нь газраа чөлөөлж нөхөх олговор авсан байна. Энэ онд багтаан газар чөлөөлөх ажлыг дуусгах бөгөөд нийт 158 га талбайд баригдах 12 мянган орон сууцны гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг зарлаад байгаа юм.