И.Түвдэндорж: Зураач мэргэжлийг эзэмшээгүй ч сонирхлоороо гудамж талбайд уран зураг зурж, “Эко Улаанбаатар” зургаа нэг сарын хугацаанд дуусгалаа /ВИДЕО/

И.Түвдэндорж: Зураач мэргэжлийг эзэмшээгүй ч сонирхлоороо гудамж талбайд уран зураг зурж, “Эко Улаанбаатар” зургаа нэг сарын хугацаанд дуусгалаа /ВИДЕО/

Нийслэл хотын гудамж талбайд өнгө нэмж, өөрийн сонирхлоороо зураг зурдаг энэ залууг И.Түвдэндорж гэдэг. Тэрбээр Булган аймгийн Хангал суманд төрж өссөн бөгөөд багаасаа зурах сонирхолтой, авьяастай хүүхэд байсан гэнэ. Хэдий зураач гэх мэргэжлийг эзэмшээгүй ч өөрийн сонирхлоороо сайн дураар болон байгууллагуудтай хамтраад гудамж талбайд өнгө нэмж, өөрийн содон, сонирхолтой хэв маяг бүхий зургаараа олон нийтийн нүд сэтгэлийг баясгаж яваа нэгэн залуутай ярилцлаа.

ВИДЕО:

И.Түвдэндорж, “Багаасаа зурах сонирхолтой хүүхэд байсан. 12 хуудастай тооны дэвтэр дээр харандаагаар зураг зурж, бага нас минь өнгөрсөн. Хүүхдүүдийн дунд зохион байгуулагддаг гар зургийн уралдаанд дандаа түрүүлдэг, гарын дүйтэй, зураг зурах дуртай тийм л хүүхэд байлаа. Арван жилээ төгсөөд багштайгаа ярилцаж байгаад нэлээд ирээдүйтэй мэргэжил байж магадгүй гэж бодсоны үндсэн дээрээс ШУТИС-ийн компьютер гадаад хэлний ангид орсон.

Оюутан байх хугацаандаа мэргэжлээрээ суралцахаас илүүтэй бараг ажил хийж сурсан гэж хэлж болох байх.

Машин угаалга хийдэг байлаа. Хуушуур хийж зардаг байлаа. Тэгж байгаад явуулын хоол гар дээрээс зарагдахаа больж, 2020 оноос хойш зураг зурж эхэлсэн. Энэ ажил маань олны анхаарал дунд өрнөдөг учраас сонирхолтой байдаг. Хүүхдүүд ч их сонирхоно. Олон хүний нүд харж байгаа учраас хянамгай байж, хариуцлагатай хандах шаардлагатай.

“Эко Улаанбаатар” зургийг зурсан энэ хана анх бороо усанд элэгдсэн саарал хана байсан. Улмаар хотынхоо өнгө үзэмжинд хувь нэмэр оруулья гэсэн үүднээс энэ зургийг зурсан юм. “Эко Улаанбаатар” зурагтаа би хөдөөнөөс хот руу орж ирж байгаа байдлаар нийслэл хотыг дүрсэлсэн юм.

Мөн ирээдүйн Улаанбаатарыг харуулж, үзэсгэлэнт найман газрыг дүрсэлж өгсөн.

Харсан хүмүүст аялж байгаа мэт мэдрэмж төрүүлэхээр бодож хийсэн бөгөөд нийт 100 метр.кв ханан дээр энэ зургийг ганцаараа нэг сарын хугацаанд зурсан. Энэ хавиар түгжирч байгаа хүмүүс өглөө, оройдоо хараад түр ч гэсэн тархиа амраах боломж болж байгаа байх. Мөн энэ хавиар явж байгаа хүмүүст ч хэрэгтэй.

Өөрийн сошиал хуудаснаа оруулдаг рийлээ бичихийн тулд зөрж, өнгөрч буй хүмүүсээс гуйгаад хийлгэчихдэг. Өөр өөр хүмүүсээр хийлгэж байгаа учраас бичлэг маань олон хүний мэдрэмж нийлсэн гоё бичлэг болдог. Өөрийн залуу насныхаа цаг хугацааг зарцуулж сэтгэлээ шингээж үүнийг хийж байгаа. Тиймээс жижиг А4 цаасан дээр зурсан ч бүх бүтээлүүдээ бичлэг, зураг болгож хадгалж үлдэх дуртай.

Бусдад зориулж, бусдад таалагдах гэж хийдэггүй. Гол нь дараа нь хийсэн бичлэгүүдээсээ өөрийнхөө алдаа дутагдлыг олж харах, өөрчлөлтийг харж эргэцүүлэх боломж гэж хардаг. “Эко Улаанбаатар” зургийг зурахдаа л гэхэд нэг сарын хугацаанд 300 гаруй бичлэг хийлгэсэн байна лээ.

Тухайн бүтээлээ хийхийн тулд очиж үзэж чадахгүй юм гэхэд олон талаас нь дарсан зургийг нь харж, үүх түүхийг нь судалдаг. Тухайн бүтээлээ хийж байх явцдаа илүү их зүйлийг ойлгоно. “Нээрээ л сайн бүтээл байна шүү, алдаа байхгүй байна даа, яагаад ингэж хийх болсон юм бол” гэх мэтчилэн олон зүйлийг боддог.

Миний бусдаас жаахан ялгарах зүйл нь дүрслэх урлагийн сургууль төгсөөгүй, өөрөөрөө л үүнийг хийж байгаа. Гэнэн урлаг ч гэж бас ярьдаг. Өөрийнхөө хүссэнээр л зурж байгаа. Тийм учраас энэ зураг хэн нэгнийг санагдуулахгүй. Би өөрөө хэн нэгнээс хуулж зураагүй, зөвхөн миний зохиомж, миний бүтээл учраас бусдаас ялгагдаж байгаа байх гэж бодож байна. Хийсэн бүтээлийг маань иргэд минь сонирхоорой. Мөн хайрлаж хамгаалахыг хүсэж байна” гэлээ.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө