Л.Гантөмөр: Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэрийг барих зээлийг авахгүй гэх юм уу

Л.Гантөмөр: Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэрийг барих зээлийг авахгүй гэх юм уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар: 14 том төсөл гээд том юм яриад байдаг. Гэтэл эдний эх үүсвэр нь гаднын зээл тусламж буюу өрөө нэмнэ гэж яриад байдаг. 2023 оны байдлаар Засгийн газрын нийт өр 30 тэрбум байсан бол 2025 оны эхээр 40 тэрбум болоод 10 тэрбумаар өр нэмэгдэхээр байна. Том төслийг хэрэгжүүлэхэд 120 их наяд буюу бараг нийт өрөө дахин хоёр нугалах юм байна. Хэдүүлээ баахан өр батлах гээд байх шиг байна. Жилд гурван тэрбум ам.доллороор өрөө нэмэх нь. Энэ бол хоёр Чингис бондтой тэнцэнэ. Эрчим хүч, дэд бүтцийн зориулалттай зээлийг Засгийн газрын өрөнд оруулахгүй гэж заасан. Үүгээр далимдуулаад өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд тавьсан хэмжээний өрийг нэг жилд авахаар оруулж ирж байна.

Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр: Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг зээлээр барина гээд шийдчихсэн юм байналээ. Одоо үүнийгээ авахгүй ээ гэх юм уу. Газрын тос боловсруулах үйлдвэр барихад нэг тэрбум ам.долларын зээл авна гээд Энэтхэгийн Засгийн газартай тохирчихсон. Одоо үүнийгээ авахгүй гэх юм уу. Энэ мэт шийдвэр гарчихсан зээлээ авах тухай л асуудал байгаа. Гэхдээ шинэ зээлүүд бас бий. Тухайлбал, бид үндэсний хиймэл дагуултай болоход зээл авна. Үүнийгээ Их хурал дээрээ ярина. Мөн Гашуунсухайт-Ганцмодыг холбож байгаа. Үүнийг хийх компани нь өөрөө хөрөнгө оруулалтаа хийнэ. Үйл ажиллагаагаараа зардлаа нөхнө. Шивээхүрэн, Хангимандал адилхан. Авна гээд тохирсон байгаа зээлүүд чинь бичигдээд оруулж ирж байна. Шинэ зээлийг нууцаар авдаггүй юм. УИХ дээрээ ярина. Тэр үед нь гишүүд авна, авахгүй гэдгээ хэлэх хэрэгтэй. Авна гээд шийдчихсэн зээлээ хамтарсан учраас авахгүй гэх юм уу. 2024 онд 2.2 их наядын зээл авсан. Нэмээд 2.2 их наядыг авъя гэдэг саналыг Сангийн яам оруулж ирсэн. Авсан зээлээ ашиглах асуудлыг л оруулж ирж байна.

Сангийн сайд Б.Жавхлан: Одоо Засгийн газар дээр 10 их наядын зээлийн ашиглалт биднийг хүлээж байгаа. Сүүлийн 30 жилийн хугацаанд УИХ -аар ороод зөвшөөрөгдөөд Засгийн газар энэ төслүүдийг хэрэгжүүлэхдээ энэ зээлийг ашигла гэсэн. Бүгд эхэлсэн. Нефть боловсруулах үйлдвэр 1.4 тэрбум ам.доллар. Үүнээс 230-аад сая ам.долларыг хэрэглэсэн.

Ирэх жил 1 их наяд төгргөгийн нэмэлт санхүүжилт нэхэж байгаа төсөл. 2026 онд дуусгахын тулд ирэх жил 1 их наяд төгрөг хэрэгтэй байна гэж байгаа. Гэтэл бидэнд төсвийнхөө орон зайнаас хамаараад 460 тэрбумыг л өгч чадна.

Энэ орон зайг тэлэхийн тулд тодотголоор саналаа оруулсан, УИХ баталж өгсөн. Нэгэнт эхэлчихсэн төсөл, зээлийн хувьд хүүг нь төлөөд эхэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр маш хурдан зээлийн ашиглалтыг гүйцээгээд эдийн засгийнх нь үр өгөөжийг амсах ёстой. Тийм учраас нефть боловсруулах үйлдвэрээ хугацаанд нь ашиглалтад оруулъя, дотоодын хэрэгцээний 55 хувийг хангах юм бол жил бүр төлж байгаа 2.2 тэрбум ам.долларынхаа талыг авч үлддэг болъё гээд зээлийг шийдсэн. Шинээр авах зээлийг УИХ шийднэ. Энэ намар хоёр зээлийн санал орж ирнэ. Нэг нь Эрдэнэбүрэнгийн УЦС, нөгөө нь хиймэл дагуулын шинэ зээл. Энэ хоёр төсөл дээр зээлийн өр шинээр нэмэгдэнэ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Цахилгааны үнэ тариф яаж нэмэгдэхээр тооцоолж байгаа юм бэ. Ирэх жил улсын төсвөөр 4, зээл тусламжаар 2.6 их наядын хөрөнгө оруулалт хийнэ гэж оруулж ирсэн байна. 2.6 их наядын хөрөнгө оруулалтын задаргаа алга. Яг юунд зарцуулах юм бэ. Эдийн засаг өсөж байна гээд л байдаг. Гэтэл ядуурал буурдаггүй. Ядуу иргэн хүн амын 30 хувь байна. Эдийн засгийн өсөлт чинь яагаад иргэддээ хүрэхгүй байгаа юм бэ.

Сангийн сайд Б.Жавхлан: 2.6 их наядаар зээлийн ашиглалтын дүн нэмэгдэж байгаа. Үүнээс 2.2 их наяд нь зээлийн ашиглалт, 417 тэрбум нь буцалтгүй тусламж байгаа юм. 417 тэрбум өр биш учраас өр дээр бичигдэхгүй. Гэхдээ заавал зардал дээрээ бичиж орж ирдэг.

Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр: Ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг найман хувь, ДНБ 95 их наяд руу очно гэж тооцоолж байгаа. Энэ хэмжээгээр улсын эдийн засаг өснө.