Маргааш эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар /2024.08.15/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Төсвийг гурван их наяд, 127 тэрбум төгрөгөөр тодотгож, нийт төсвийг 30.5 их наяд болгон нэмэгдүүлсэн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Уг төсвийг Засгийн газар өр тавьж олох бөгөөд өрийн хэмжээ 44.4 их наядаас 47.5 их наяд болох нь.
Нэмэгдүүлж буй 3 их наяд 127 тэрбумаас 30.3 тэрбумыг Ерөнхийлөгчид, 142.2 тэрбумыг УИХ-ын даргад 384.8 тэрбумыг Ерөнхий сайдын багцад хуваарилж буй аж. Тэгвэл нэмэгдүлж буй төсвийн хөрөнгийг ямар, ямар ажилд зарцуулах тухай мэдээллийг бид хүргэж байна. Танилцуулга төсөлд бичсэнээр "Бүсчилсэн хөгжил, Улаанбаатар хотын хэт төвлөрөл, түгжрэлийг бууруулах, түүнчлэн Туул голыг дагаж Хөшигийн хөндий рүү чиглэсэн шинэ их тойруу дэд бүтцийг бүрдүүлэхэд чиглүүлж байна" гэжээ.
Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Хүрхрээн ам хүртэл “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагад гүүрэн байгууламж төслийг хэрэгжүүлэх аж.
Туул голыг дагасан, Хөшигийн хөндий рүү чиглэсэн шинэ их тойруу дэд бүтцийг бүрдүүлэх мега төсөл болох “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүн байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх ажлын хүрээнд уг гүүрэн байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсвийн санхүүжилтэд шаардлагатай 28.6 тэрбум төгрөгийг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы багцад тусгажээ. Гүүрэн байгууламж нь Улаанбаатар хотод баригдах бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Богдхан уулын Хүрхрээн ам хүртэлх ган татлагатай 6 эгнээ бүхий 4.7 км авто зам, 900 метр урт гүүр, 80 метр урт нүхэн гарц бүхий бүтэцтэйгээр төлөвлөсөн байна. Гүүрэн байгууламжийг бүтээн байгуулалтын хүрээнд Туул голын эргийг иргэдийг амралт, аяллын зориулалтаар тохижуулах ажил нь төслийн бүрэлдэхүүнд багтах юм.