Х.Нямбаатар Т.Даваадалайгийн оронд Б.Мөнхбатыг санал болгосон ч Н.Учрал дэмжээгүй байна

Х.Нямбаатар Т.Даваадалайгийн оронд Б.Мөнхбатыг санал болгосон ч Н.Учрал дэмжээгүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч асан Т.Даваадалайтай холбоотой хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байгаа билээ.

Тодруулбал, Түүнийг “Туулын хурдны зам”-ын төслийн сонгон шалгаруулалттай холбоотойгоор шалгаж, Эрүүгийн цагдаагийн алба орон сууцанд нь нэгжлэг хийж, хойшлуулшгүйгээр саатуулан шалгасны дараа сулласан. Улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тус төслийн сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдээс хамаарал бүхий компаниудад давуу байдал олгож, улмаар ажил гүйцэтгэсэн мэтээр тайлагнан их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн гэж эх сурвалжууд мэдээлжээ. Түүний гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Анхтуяа болон түүний ойрын хүмүүсийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдийн дансаар нийт 5.6 тэрбум төгрөг, мөн Б.Анхтуяагийн найзын компаниудаар 709 сая төгрөг, өөр нэг компанийн дансаар 47.9 сая төгрөг шилжсэн байж болзошгүй бөгөөд нийт дүн нь 6.6 тэрбум төгрөгт хүрч болзошгүй байгаа талаар мэдээлсэн.

Хэргийг анх цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт (АТГ) шилжүүлснээр Т.Даваадалайг яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. 

Энэ бүхний зэрэгцээ нийслэлийн удирдлагын түвшинд дараагийн орлогч даргыг хэн томилох асуудал улс төрийн анхаарлын төвд орж байна. Хотын дарга Х.Нямбаатар бүрэн эрхийнхээ хүрээнд шинэ орлогчоор НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатыг санал болгосон ч Ерөнхий сайд Н.Учрал түүнийг дэмжээгүй байна. Улмаар улс төрийн хүрээнд фракцын тохироо яригдаж байгаа бөгөөд нэг орлогч нь А.Амартүвшин буюу Х.Нямбаатарын багийн төлөөлөл байгаа бол нөгөө орлогчийн суудалд Ерөнхий сайдын талын хүн томилогдохоор тохиролцсон байж болзошгүй байна.