Есдүгээр сарын 01-нээс орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хэтэрвэл хоногт 5000 төгрөг төлнө

Есдүгээр сарын 01-нээс орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хэтэрвэл хоногт 5000 төгрөг төлнө

Өнгөрөгч хоёрдугаар сард болсон НИТХ-аар “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг батлах” тухай асуудлыг хэлэлцэж зарим шийдвэрүүдээ танилцуулсан.

Тухайн үед хэлэлцсэн асуудлууд дотор Орон нутгийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас дээш хугацаанд зорчвол тодорхой хэмжээний төлбөр төлөх зохицуулалт хийгдсэн. Тодруулбал, орон нутгаас ирж зорчиж буй тээврийн хэрэгслүүд 48 цагийн дотроо өдөрт 1000 төгрөг, түүнээс дээш хугацаагаар зорчвол хоногт 5000 төгрөг төлөхөөр болсон билээ. Тэгвэл энэхүү шийдвэр ирэх сарын 01-нээс албан ёсоор хэрэгжиж эхлэх юм.Дээрх төлбөрийг Нийслэлийн замын санд төвлөрүүлэх бөгөөд зам засвар арчлалтад зарцуулах юм. Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, тухайн тээврийн хэрэгслийн зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлснээр өдөр тутам замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо таван хувь хүртэл буурах боломжтой аж. Улаанбаатар хотод өдөрт дунджаар хөдөө орон нутгийн дугаартай 16-19 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол баяр ёслолын үеэр 38 мянга болж өсдөг.

Энэхүү тогтоолын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэлэхдээ “Улаанбаатар хотод дугаар олголт хязгаарлачихаад орон нутгийн автомашинууд чөлөөтэй зорчоод байвал дугаар хязгаарласны үр дүн гарахгүй.

Тиймээс орон нутгийн автомашинууд 48 цаг дотроо хэвийн зорчоод, 48 цагаас хэтэрвэл хоногийн 5000 төгрөгийг зам ашигласны төлбөрт төлнө.

Мөн Улаанбаатар хотын захын гурван цэгт орон нутгаас ирж буй автомашинуудад зориулсан үнэгүй зогсоол байгуулж, тус чиглэлүүдэд нийтийн тээвэр явуулах юм. Тухайн зогсоолуудад машинаа байрлуулаад хот руу орж ирэх сонголт бий болгож байгаа” гэсэн юм.

Б.Энх-Уянга