Гуравхан сая хүн амтай Монголын зах зээлд жүжигчин мэргэжлээр төгссөн хүн болгон ажилтай байна гэдэг хэцүү. Тэр дундаа залуу жүжигчдийн хувьд ажил мэргэжлээрээ амьдрахад олсон жаахан мөнгө нь амьдралд нь хүрэхгүй байх тохиолдол олонтаа байдгийг уншигч та бүхэн хэн нэг жүжигчний ярианаас сонсож байсан биз ээ. Тэгвэл бид үүний нэг жишээ болсон, залуу жүжигчин Б.Энхсайхантай ярилцлаа.
Түүний хувьд 2016 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн бөгөөд “18 нас би чамд хайртай”, “Хайр заримдаа”, “Бэхэн зүрх”, “Хамгийн хөөрхөн охин” зэрэг кинонд тоглож байсан бөгөөд одоогоор хувийн бизнесээ эхлүүлж, уран бүтээлээсээ түр завсарлага авсан нэгэн. Тэрбээр одоо “Luxury car” авто дэлгүүрийг үүсгэн байгуулж, автомашины шалавч, суудлын бүрээс хийж, үндэсний үйллдвэрлэл хийж буй чамгүй хөдөлмөрч нэгэн юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.
ВИДЕО:
-Сургуулиа төгсөөд ойролцоогоор хэдэн кинонд тоглосон бэ. Мөн анх энэ бизнесээ хэрхэн эхлүүлэв?
-Ойролцоогоор дөрвөн кинонд тоглосон байх. Хамгийн сүүлд “Бэхэн зүрх” гээд кинонд тоглосон. Анх энэ бизнесийг хийж эхэлсэн маань ч их түүхтэй. Тухайн үед Австрали руу урлагийн сургуульд явах гээд визээ өгчихсөн байсан чинь луйврын шинж чанартай зүйл болж таараад хувиараа юм хийж эхэлсэн. Анх гадагшаа явтлаа хийе л гэж бодож байсан ч виз ч гараагүй, сургууль ч бүтээгүй. Ийнхүү бизнесээ 2017 онд эхэлсэн дээ.
-Үеийнхэн нь бүгд л кино уран бүтээл хийгээд явж байгаа байх. Жүжигчин мэргэжилтэй хүн мэргэжлийн бус ажил хийгээд байхаар хэцүү биш байна уу?
-Гадагшаа явж сурж, ажил төрөл хийж үзье гэж бодсон. Гэхдээ тухайн үед ер нь Монголд яагаад ийм боломж байхгүй юм бэ гээд залуу хүний хувьд нэлээн шар хөдөлсөн л дөө. Одоо ингээд манай үе тэнгийнхэн бүгд уран бүтээлд ороод, нэг үеийнхэн бүгд уран бүтээл хийгээд эхлэхээр тодорхой хэмжээнд шар хөдлөх зүйл байна.
Гэхдээ манай жүжигчдийн үнэлэмж бага шүү дээ. Дөнгөж сургуулиа төгссөн залуу жүжигчид яг ажлын байран дээр гараад амьдрахад хэцүү шүү дээ. Нэг бол өөрсдөө уран бүтээл хийнэ. Эсвэл найзуудаараа продакшн байгуулаад явна. Гэхдээ үнэлэмж багатай.
Хэдэн сценийн мөнгө авсан ч түүгээрээ амьдрах хэцүү байхгүй юу. Тэгээд л ер нь анх бизнес хийж эхэлсэн дээ. Энэ бизнесээ анх 22 настайгаасаа хийж эхэлсэн. Монголдоо ер нь анхдагч төрлийн бизнес гэж болно. Эхэндээ уран бүтээлдээ ормоор санагдаад шар хөдөлдөг л байсан. Гэхдээ нэг зүйл бодсон нь уран бүтээлд ороход хэзээ ч оройтдоггүй.
-Үндэсний үйлдвэрлэл бүтээж яваа хөдөлмөрч нэгэн гэж харлаа. Ямар ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?
-Манайх одоогийн байдлаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байгаа. Сүүлд оёдог шалавч болон хэвлэмэл шалавчийг хийгээд эхэлсэн. Түүнчлэн Хятадын хамгийн том үйлдвэр дээр Монгол компани хэв эзэмшдэг болсон гэсэн үг. Энэ бизнесээ ээжтэйгээ хамт хийдэг. Манай ээж насаараа эмч хийсэн хүн байдаг. Анх чадахгүй байсан. Гэхдээ сурсан. Хүн ер нь шартай байх хэрэгтэй л гэж боддог доо.
-Одоо кинонд тоглох санал ирж байна уу?
-Киноны санал хааяа ирдэг. Уран бүтээлд орно л гэж бодож байгаа. Гэхдээ одоохондоо ажил ихтэй байгаад байна. Өдөр тутмын ажил их байгаа учраас уран бүтээлд орох цаг гарахгүй байгаа. Уран бүтээл өөрөө цаг их зарцуулдаг учраас амжихгүй л байна. Ер нь аливаа бүх зүйл цаг хугацаатай гэж боддог. Маргааш ч юм уу би кино эхлүүлээд явж болно. Гэхдээ ямар ч хүн чанартай, хүний сэтгэлийг хөдөлгөсөн уран бүтээл хийхийг зорино шүү дээ.
-Монголын зах зээлд жүжичгин хэр эрэлттэй, ирээдүйтэй мэргэжил вэ?
-Ер нь хэцүү дээ. Жүжигчнээр төгссөн хүн зөөгч, бармен хийгээд явж байна шүү дээ. Тэгвэл яах гэж тэр сургуульд дөрвөн жил сурах юм бэ. Залуустаа бодолтой, хүсэл мөрөөдөлтэй байгаарай гэж хэлмээр байна.
Одоо ч тэгээд бараг хүссэн нь кинонд тоглодог болчихсон шүү дээ. Инфлүүнсерүүд гээд гараад ирсэн. Тэд кинонд тоглоод байхаар заавал мэргэжлийн сургуульд сураад байх хэрэг байна уу ч гэж бодох шиг.
-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу? Ойрын хугацаанд кино уран бүтээлд орох бодол байна уу?
-Аливаа зүйлийн заавал эцсийг нь үзэх хэрэгтэй. 22 настайгаасаа хийгээд эхэлсэн учраас зүгээр сууж чадахаа байчихдаг юм байна. Манайх өөр хэд хэдэн салбараа нээхээр зорьж байна. Гэхдээ миний хувь хятад хүмүүстээ өрсөлдөөд байгаа байхгүй юу. Би бас нэг их амархан буугаад өгчмөөргүй байгаа учраас хамгийн сайн гэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ нийлүүлэх гээд өдөр шөнөгүй л зүтгэж байна. Ахин кино уран бүтээлдээ орно гэж боддог.