Утаат Улаанбаатарын өвөл дуусаж, зуны тэргүүн сар эхэлсэн боловч иргэд угаартаж, эрүүл мэндээрэй хохирох, харамсалтайгаар амь насаа алдах тохиолдол буурсангүй.
Тодруулбал, 2024 оны гуравдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт хүн угаартсан гэх 152 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгахад нийт 470 иргэн угаартсан байдалтай олдсон байна. Үүнээс 450 иргэн эмнэлгийн анхан шатны тусламж авсан бол 20 хүн харамсалтайгаар амь насаа алдсаны гурав нь бага насны хүүхэд байжээ. Угаартсан гэх дуудлагаар шалгалтын ажиллагаа явуулахад, бороо орж, цаг агаар хүйтэн байсан учраас тэд өрхөө бүтээсэн, яндангаа хөөлөлгүй гал түлсэн, байшин, гэрийнхээ чийгийг гаргах гэж хаалга, цонхоо хааж галласан зэрэг шалтгаан нөхцөл тогтоогдсон байна. Тиймээс бид сэрэмжлүүлэх үүднээс дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
ВИДЕО:
Зусландаа амрахаар гэр бүлийн хамт агаарт гарсан иргэн Б.А байшингийнхаа чийгийг гаргахаар нүүрсээр галлаж унтаад эхнэр, хоёр настай хүүхдийн хамт угаартсан байна. Улмаар хүүхдийнхээ уйлах дуунаар сэрж, биеийн байдал нь хүнд байсан ч өөртэйгөө тэмцэж хөршдөө мэдэгдсэнээр амьд гарчээ. Иймд бид болсон явдлын талаар Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт хэвтэн эмчлүүлж буй иргэн Б.А-аас тодрууллаа.
-Энэ талаар сэрэмжлүүлэх үүднээс мэдээлэл өгч байгаа танд баярлалаа. Болсон үйл явдлын талаар эхлээд ярилцъя. Хэзээ юунаас болж угаартаж, эмнэлэгт хүргэгдсэн бэ?
-Тавдугаар сард ажлаасаа чөлөө авч эхнэр хүүхэдтэйгээ зуслангийн байшиндаа очсон. Би гурван хүүхэдтэй тухайн өдөр эхлээд байшингаа цэвэрлэх байсан тул хоёр хүүхдээ хотод орхиод бага хүүхдийн хамт зусландаа очсон байсан. Байшин маань модон дунд байрладаг. Мөн тухайн өдөр ч сэрүүхэн байсан тул бид хоёр ямартай ч байшингийнхаа чийгийг гадагшлуулъя гэж бодоод нүүрсээр галлаж, бүх хаалга, цонхоо хаагаад унтсан. Тэгээд л битүү орчинд орчихсон учир угаартах үйл явц эхэлсэн юм байна лээ.
-Угаартаж байгаагаа яаж мэдсэн бэ. Тухайн үед нь хэн цагдаад дуудлага мэдээлэл өгөв?
-Яг хэдэн цагийн үед байсныг нь санахгүй байгаа юм. Ямартай ч бид 10:00 цаг гэхэд амарчихсан байсан. Гэтэл шөнө хоёр настай хүүхэд маань уйлж, эхнэр дуунаар нь сэрээд намайг дуудсан. Сэрэх үед дотор муухайрч, толгой эргэсэн байдалтай биеийн байдал маш сонин байсан. Босоод алхахад яг зүүдлээд ч байгаа юм шиг толгой маш хүчтэй эргэж байсан. Тэгээд л нэг биш байгааг мэдээд хажуу байшингийн хөршүүд маань зусландаа ирснийг оройн нь харсан байсан тул тусламж хүсэхээр хаалга руу явсан. Явах замдаа дотор эвгүй байсан учир эхлээд цонхоо онгойлгосон. Дараа нь хаалгаар гараад шууд л уначихсан. Гэнэт агаар амьсгалаад ухаан алдсан юм байна лээ. Цонхоо нээх үед бас гэрт агаар орж, эхнэр маань ухаан алдсан байсан. Харин хүүхэд маань азаар арай гайгүй байсан. Хаалганы гадаа ухаан алдсанаас хэсэг хормын дараа нэг сэргэж, хамаг хүчээ шавхаж байж хажуу айлаасаа тусламж хүсэж чадсан. Тэгээд манай хөршүүд түргэн тусламж, цагдаа руу холбогдож дуудлага мэдээлэл өгсөн. Тэр даруй түргэн тусламж ирж хүүхэд маань эх нялхаст бид цэргийн төв эмнэлгийн хүлээн авахад хүргэгдэн ирсэн. Тухайн үед өглөөний 04:00 цаг болж байсан. Тэгэхээр багцаагаар бид шөнийн 02:00 цагийн үед сэрсэн болов уу гэж бодож байна.
-Хүүхдийн болон та хоёрын биеийн байдал одоо ямар байгаа вэ?
-Сайжирч л байна. Хүүхэд маань нэлээд их эмчилгээтэй байгаа. Эмч нар дахин ямар нэгэн байдлаар бага зэрэг угаартахад л өндөр эрсдэлтэй гэсэн.
-Цагдаагийн байгууллага угаартсан шалтгаан нөхцөлийг нь тодорхойлсон уу. Юунаас болж угаартсан гэж үзэж байгаа вэ?
-Шалтгааны хувьд бид зуслангийн байшиндаа очилгүй удсан байсан. Тэгээд гэнэт очоод яндангаа хөөлж, цэвэрлэлгүй гал түлсэн нь буруу байсан юм байна лээ. Бас хотод орон сууцанд амьдардаг болохоор галаа буруу түлсэн байх. Дээрээс нь шахмал түлш утаа гарч байгаа нь мэдэгддэггүй. Унтарсан юм шиг харагддаг хэр нь цог нь ассан хэвээр байдаг юм байна лээ. Энэ бүхэн дээр нэг ч агаар оруулах газар үлдээлгүй бүх хаалга, цонхоо хаасан нь угаартах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн байсан. Энд бас нэг зүйл хэлэхэд манай зусланд утаа мэдрэгч дохиолол байдаггүй. Энэ маш буруу юм байна лээ. Харин одоо гурван газарт утаа мэдрэгч суулгаж байгаа.
-Хордлогын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс бас ахуйн угаарталтаас болж ирсэн үү. Энэ талаар ярьж болох бол сэрэмжлүүлэх үүднээс мэдээлэл өгөөч?
-Миний харж, мэдсэнээр ихэнх нь ахуйн угаарталтаас болж ирдэг юм байна. Монгол гэрт байсан хүмүүс бас өрхөө хаагаад гал түлснээс болж зарим нь гэртээ нас барчихсан зарим нь их хүнд байдалтай ирж байгаа харагдаж байна. Яг бидэн шиг яндангаа хөөлөөгүй байшингийнхаа чийгийг гаргах гэж хамаг юм аа битүүлж галласнаас болж угаартсан хүмүүс бас байна. Зарим нэг нь эмнэлгийн анхан шатны тусламж авч, эмнэлэгт ирсэн ч бие нь дийлэлгүй харамсалтайгаар нас барж байгааг харлаа. Маш хэцүү санагддаг юм байна. Би ч бас угаартаад алхаж байхдаа ингээд үхлээ л гэж бодож байсан
-Өмнө нь олон нийтийн сүлжээнээс угаартахаас сэргийлэх мэдээ, мэдээлэл болон харамсалтай явдал болсон талаар харж, уншиж байсан уу?
-Уг нь харж байсан. Ялангуяа өвөл зөндөө л харагдаж байдаг. Гэхдээ яг тулаад ирэхгүй бол анзаардаггүй, ойлгодоггүй юм байна. Гол нь надад ч гэсэн тохиолдож болзошгүй гэж урьдчилан сэргийлээгүйгээс л болж өнөөдөр угаартаж эрүүл мэндээрээ хохироод сууж байна. Хүүхэд маань л уйлаагүй бол тэмцэж байгаад босож, хажуу айлдаа мэдэгдээгүй бол юу болох байсан бол гэхээс айж бас харамсаж байна даа. Хүмүүст хандаж яаж ч байсан галлахдаа гэртээ агаар оруулах ямар нэг онгорхой үлдээж байгаарай, утаа мэдрэгч суулгаарай, яндангаа хөөлөөрэй гэж хэлмээр байна.