Б.Бат-Эрдэнэ: Засгийн газар жуулчин асгах бодлого барьж байна. Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг бүгдийг нь тэрбумтан болгоно /ВИДЕО/

Б.Бат-Эрдэнэ: Засгийн газар жуулчин асгах бодлого барьж байна. Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг бүгдийг нь тэрбумтан болгоно /ВИДЕО/

Монгол Улс 2023-2025 оныг "Монгол зочлох жил" болгон зарласан. Энэ хүрээнд өнгөрсөн жил нэг сая жуулчин эх орондоо авч ирэх зорилт тавин ажилласан. Улмаар өнгөрсөн жилийн хамгийн эрэлттэй, амжилттай салбар нь аялал жуулчлалын салбар байлаа. Иймд бид "ШУГАМ" нэвтрүүлгийнхээ 18 дахь дугаарт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийг урьж, аялал жуулчлалын салбараас эдийн засагт оруулсан үр өгөөж, ололт амжилт, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа. 

ВИДЕО:

-АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ӨНГӨРСӨН САРД ДӨРВӨН ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТИЙГ БИЙ БОЛГОСОН-

-Сайн байна уу? Урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. “Шугам” нэвтрүүлэгтээ бид Засгийн газраас өнгөрсөн дөрвөн жил нэлээд амжилттай ажилласан салбарынхныг онцлон оруулж байгаа. Сүүлийн нэг жилийн хугацаанд аялал жуулчлалын салбар яалт ч үгүй үнэхээр амжилттай ажиллалаа. 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Өнгөрсөн жил Солонгосын жуулчид Монгол руу л цувлаа шүү дээ. Үүний эдийн засагт өгсөн өгөөж юу байсан бэ?

-Аялал жуулчлалын салбарын талаар ярихын тулд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн талаар ярих ёстой. 2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас намайг Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар томилсон. Энэ үед нэг л үг хэлсэн байдаг. Тэр нь “Аялал жуулчлал, байгаль орчны яам шиг ажиллуулаарай" гэж хэлсэн. Би улс төрд орохоос өмнө аялал жуулчлалын салбарт ажиллаж байсан ба БНСУ-д ч очиж ажиллаж байлаа. Та сая хэллээ шүү дээ. 2023 онд амжилттай байсан гэлээ. Үүний суурь 2022 онд тавигдсан. 2022 оны долдугаар сард 2023-2025 оныг аялал жуулчлалын жил богон зарлах хүртэл бид маш олон ажил хийсэн. 2022 оны гуравдугаар сараас эхлэн Аялал жуулчлалын салбарын хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг эхэлсэн байдаг. Сүүлийн 20 жилийн хугацаанд Аялал жуулчлалын хуулийг өөрчилнө гэж сайд болгон мэдэгдсэн байдаг ч нэг нь ч өөрчилж чадаагүй. Асуудал нь хаанаа байсан бэ гэхээр аялал жуулчлалын салбар өөрөө хараат бус. Өнгөрсөн хугаацанд өөрчлөлт хийхээр яригдаж байсан зүйлс бүгд төрөөс хараат болгохоор байсан. Тийм учраас амжилт олоогүй гэсэн үг. Улмаар аялал жуулчлалын салбарынхаа бүгдийг нь цуглуулаад хуулиа баталсан.

2023 онд аялал жуулчлалын салбарт 1.3 тэрбум ам.доллар буюу дөрвөн их наяд төгрөгийн эдийн засгийн эргэлтийг бий болгож чадсан.

Бид Солонгос Улсад бүх л төрлийн сурталчилгааг хийсэн. Метрон дотор нь хүртэл “Та Монголд очиж үзсэн үү?”, “та тэнгэрт од харсан уу?”, “та малчин айл гэж мэдэх үү, морь унаж үзсэн үү?” Гэх мэтчилэн суртилагаа их хийсэн. Хувийн хэвшлүүд их сайн оролцсон. “Хүргэлт ирлээ” нэвтрүүлэг Монголд гарсан болохоор л манайхан их сайн мэдээд байгаа юм. Үүнээс том нэвтрүүлэг буюу “Би ганцаараа амьдардаг” гэх нэвтрүүлэг Монголд хийгдсэн. Бид сая Солонгост очихдоо энэ нэвтрүүлгийнхэд жуух бичгээ гардуулж өгсөн байгаа. Солонгосоос өнгөрсөн жил ирсэн жуулчдын тоо 150 мянга. Нэг жуулчнаас үлдэж байгаа мөнгөн дүн 2000 орчим доллар. Өөрөөр хэлбэл 300 орчим сая доллар үлдсэн гэсэн үг. Санаж байгаа бол plus size модель дөрвөн хүүхэнтэй зургаа авхуулаад байсан шүү дээ. Тэд бол фото моделууд. Гарах өнгө төрхөөс гадна хамгийн гол нь ард талын орчин гоё байх ёстой. Энэ бол маш их хэмжээний нөлөөлөл. Хүмүүс надаас асуугаад байсан л даа. “Та солонгосын дөрвөн хүүхэнтэй зургаа авхуулж байхдаа юу бодож байсан бэ” гэж. Солонгосын 150 мянган жуулчныг авчрахад төрийн сайдын оролцоо маш чухал байсан. Түүний л нэг нь шүү дээ.

-РОМЫН ПАП ИРЭХЭД ЗӨВХӨН СОЛОНГОСООС АРВАН МЯНГАН КАТОЛИК ШАШИНТАН МОНГОЛ ИРЭХ ХҮСЭЛТ ӨГЧ БАЙСАН-

-Өнгөрсөн жил маш олон жуулчид ирсэн. Гэхдээ нэг зүйл анхаарал татаж байсан нь манай улсын нисэх буудал зочид буудлын хүрэлцээ хэр байсан бэ?  Жишээлбэл Ромын Папыг Монголд айлчлаад мөргөл хийнэ гэхэд л Улаанбаатарын зочид буудлууд дүүрлээ шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн жилийн энэ их жуулчны урсгалд манай нисэх буудал, зочид буудал хэр хүрэлцээтэй байсан бол?

-Улаанбаатар хотод зочид буудлын тоо нийт дөрвөн мянга. 365 хоногоор үржүүлээд үзэхэд жилд 1.4 сая хүн л хүлээж авах хүчин чадалтай. Яагаад Монгол улс нэг сая жуулчин хүлээж авч чаддаггүй вэ гэдгийн нэг хариулт нь энэ.

Бид орны тоо болон онгоцны буудал, аялал жуулчлалын кемпүүдээ нэмэх хэрэгтэй. Ромын пап ирэхэд зөвхөн Солонгосоос 10 мянган католик шашинтнууд ирэх хүсэлт өгсөн шүү дээ. Тэгэхээр гол нь бид даацаа нэмэх хэрэгтэй байгаа юм. 2022 онд аялал жуулчлалын салбарынхан байгаль орчин аялал жуулчлалын яамыг байгаальдаа анхаардаг. Аялал жуулчлалдаа юу ч хийдэггүй гэж байсан. Тухайн үед жуулчид аваад ирвэл та нар чадах уу? Гэхэд жуулчнаа аваад ирвэл ажиллаад үзье гэж аялал жуулчлалын бизнес эрхлэгчид хэлсэн. Ингээд өнгөрсөн жил бүх газар дүүрсэн. Одоо харин тэд “харлаа, үзлээ чаддаг юм байна. Одоо харин бид нарт зээл өгчих. Бид хүчин чадлаа нэммээр байна” гэж байгаа юм. Мөн дээрээс нь Монголд зөвхөн зун биш 12, 1 сард жуулчид ирдэг болчихсон. Өөрөөр хэлбэл өвлийн аялал жуулчлал нэмэгдээд ороод ирсэн. Иймд аялал жуулчлалын салбарынхан зуны кемпүүдээ өвлийн болгож, аялал жуулчлалын салбарын боловсон хүчин авахыг хүссэн. Оюутнууд есдүгээр сарын 1-н гээд хичээл нь ордог тул буцчихаад байгаа. Иймд аравдугаар сарын дунд хүртэл аялал жуулчлалын салбарын оюутнуудыг ажиллуулах хүсэлт тавьсан. Бид бүгдийг нь хийж өгсөн.

-2024 ОНД ЖУУЛЧНЫ БААЗУУД НҮХЭН ЖОРЛОНТОЙ БАЙХ ЮМ БОЛ ШУУД ХААНА-

-Засгийн газар “Монголд зочлох жил” зарлаж тухайлбал Солонгосчуудад визний хөнгөлөлт үзүүлсэн. Ингээд энэ хэрээр жуулчид их орж ирж байгаа нь төрийн бодлого. Одоо харин хувийн хэвшлүүд үйлчилгээ сайн үзүүлж, өөрсдийнхөө бизнесийг яаж хийх вэ гэдэг нь чухал. Гэхдээ манайханд тогтчихсон нэг зүйл нь жуулчин гэхээр л явдаг АТМ юм шиг боддог. Тухайлбал тэрэлжийн гүүрээр гарахад дотоод гадаадын иргэдээс ялгаатай мөнгө авдаг. Тэгэхээр манай хувийн хэвшлүүд жуулчдад хэр сайн үйлчилгээ үзүүлж байгаа вэ?

-Бид 2023 онд “асгах” бодлого явуулсан. Ингэж байж аж ахуйн нэгжүүдэд итгэл үнэмшил төрөх гээд байсан. Учир нь тэд 20 жил хулхидуулчихсан. Бид өнгөрсөн жил асгах бодлого явуулсан тул энэ жил хувийн хэвшлүүд сайжирна. 2023 онд жуулчны баазуудын нүхэн жорлонгийн тоо 2246-аар багассан. Мөн ажиллах хүч нь гадаад хэлтэй, үйлчилгээний стандарттай хүн байх хэрэгтэй байгаа тул гадаадын орнуудаас үйлчилж сурсан хүнийг оруулж ирмээр байна гэсэн санал тавиад энэ тал дээр хөнгөлөлт үзүүлээч гэж аялал жуулчлалын сабарынхан хэлж байсан. Энэ тал дээр ч бид бодлого явуулж байгаа. Асгах бодлого бол өрсөлдөөний бодлого. Нүхэн жорлонг алга болгохын тулд Аялал жуулчлалын хуулийн шинэчилсэн найруулга дотор хэрвээ та ариун цэврийн байгууламжаа шийдээд өгвөл татвараас чөлөөлөх, хөнгөлнө гэж байгаа шүү дээ. 2024 онд хийж байгаа хоёр том ажлын нэг нь 118 отоглох цэг байгуулах ёстойгоос өнгөрсөн хугацаанд 34-ийг нь байгуулсан. Үүнийг бүгдийг нь хувийн хэвшилтэй хамтарч хийхээр төлөвлөж байгаа. Мөн 102 цэгт зам дагуу нойл хийхээр төлөвлөсөн.

2024 онд нүхэн жорлонтой байх юм бол ахиж сануулахгүйгээр тэр жуулчны баазыг шууд хаана. Өөр арга байхгүй. Тэгж байж сэтгэл ханамжийн асуудал хөндөгдөнө.

2023 онд аялал жуулчлалын салбар тэрбум доллар давсан орлоготой байсан. Харин 2024 онд аялал жуулчлалын бизнес эрхэлдэг бүх хүмүүс тэрбумтан болох ёстой гэсэн зорилго тавьж байгаа. Би өөрөө 2000-2012 онд аялал жуулчлалын бизнес эрхэлдэг байхдаа энэ салбарын сайд нь хэн байсныг ч мэддэггүй байлаа шүү дээ. Би тийм сайд байхыг хүсэхгүй байгаа. Бид бизнес эрхлэгч болгоны хаалгыг тогших ёстой.

-Мөн өвлийн аялал жуулчлалыг эрчимжүүлэхийн тулд “Нэг жуулчин, нэг хонь” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ аян хэр үр дүнтэй хэрэгжиж чадсан бэ. Өвлийн аялал жуулчлалын суурь болж чадсан уу?

-2023 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Засгийн газраас өвлийн аялал жуулчлалын хөтөлбөрийг баталсан. Түүний дотор “Нэг жуулчин, нэг хонь” хөтөлбөр бий. Хугацаа нь дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл. Хэрэгжээд эхэлсэн чинь Солонгосын хамгийн том аялал жуулчлалын газраас манайд хоёр хүсэлт тавьсан. Нэгдүгээрт, Солонгосын жуулчдыг визгүй зорчуулах хугацааг сунгах, боломжтой бол визгүй болгоч өгөөч гэсэн. Хоёрдугаарт, “Нэг хонь, нэг жуулчин” хөтөлбөрийг хугацаагүй болгож өгөхийг хүссэн. Мөн Солонгос улсын иргэн болгонд хонь өгвөл тус улсаас нэг сая жуулчин очиход бэлэн байна гэсэн. Иймд "нэг хонь, нэг жуулчин" хөтөлбөр хугацаагүй болсон байгаа. Мөн энэ нь малчдад эдийн засгийн дэмжлэг үзүүлэх маш том боломж юм.

-Ярилцсанд баярлалаа.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө