ВИДЕО: "С.Зоригийн гэрээсээ ажилдаа явдаг байсан замд хөшөөг нь босгосон. Энэ байрлалдаа байвал зүгээр" гэж түүний ах С.Баяр ярьжээ

ВИДЕО: "С.Зоригийн гэрээсээ ажилдаа явдаг байсан замд хөшөөг нь босгосон. Энэ байрлалдаа байвал зүгээр" гэж түүний ах С.Баяр ярьжээ

Хотын дарга Х.Нямбаатар "Зоригийн хөшөөг заржээ" гэсэн ноцтой мэдэгдлийг өөрийн твиттер хуудастаа  өнгөрөгч Мягмар гараг /2024.04.09/-т хийсэн.

Тэрээр, "Зоригийн хөшөөг заржээ! Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж газар дээр нь олон давхар цамхаг барихыг санаархаж байна. Үр могой эхийгээ залгидаг шиг МоАХ-оос улбаатай энэ байгууллага их л эелдэгээр "Зориг сан"-д хөшөөг нүүлгэн шилжүүлж өгнө үү гэжээ. Лав л Монгол хүний дотор хэзээ ч ийм атгаг шуналын сэдэл төрөхгүй. Бид "Зоригтой"-гоо үлдэнэ" гэсэн юм. 

Харин TV9 телевизийн нэвтрүүлэгт Зориг агсны төрсөн ах С.Баяраа оролцож мөн ноцтой мэдэгдлийг хийсэн байна. Тэрээр, "Зориг агсны хөшөөг шилжүүлэх хэрэгтэй. Энд барилга барих гэж байна гэсэн бичиг “Шинэ дэвшилт холбоо” гэгчээс бидэнд анх удаа ирсэн. Энэ хөшөө олон түмний хандиваар боссон тул “Зориг сан”-ын хувьд дангаараа шийдэх боломжгүй. Хөшөө дурсгал бол хуулиараа хотын хамгаалалтад байдаг. 

ВИДЕО: 

Иймд хөшөөг шилжүүлэхээр бол хаана байршуулах талаар хотын удирдлагуудаас саналыг асууна. Зориг агсны хөшөөг олон түмэнд үзэгдэж, харагдахуйц хаана байршуулах вэ гэдэг нь иргэдийн анхаарлыг татаж байна. Учир нь иргэд Зоригийн төрсөн өдөр, мөн амиа алдсан өдрөөр нь жилд хоёр удаа ирж хүндэтгэл үзүүлдэг болсон. Зориг агсны хөшөөний загварыг уран барималч н.Дэнзэн гаргаж, гэрээсээ ажил руугаа явдаг байсан зам дээр нь олон түминий дунд байгаа байдлаар нь хөшөөг босгосон. Энэ байрлалдаа байвал зүгээр байгаа" хэмээн ярьжээ. 

Сонирхуулахад, Д.Ганболд, Н.Батбаяр нар олон нийтийн өмчлөлөөр олгогдсон Төв шуудангийн урд байрлах "Зориг агсны хөшөө"-тэй байрыг хууль зөрчиж, 480 мянган ам.доллароор Голомт банкны эзэн Д.Баясгаланд зарсан байна. Үүнийг үндэслэж Хотын дарга асан Э.Бат-Үүл 2014 онд захирамж гаргаж, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Зориг агсны хөшөөний орчмын 3000 m2 газрыг Голомт банкны эзэн Д.Баясгалангийн 100 хувийн эзэмшилд шилжүүлжээ. Одоо тус газар оффис, худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалттай 52 давхар барилга барихаар төлөвлөсний дагуу 2024 оны дөрөвдүгээр сард Зориг агсны хөшөөг нүүлгэх шаардлагыг “Зориг сан”-д хүргүүлсэн байна.