Ховд аймгийн Буянт суманд наймдугаар сарын 1-ний өглөө хөршийндөө туслахаар гэрээсээ гарсан 10 настай охин өнөөдөр /2026.08.07/ зургаа дахь хоногтоо сураггүй хэвээр байна. Охиныг эрэн хайх ажиллагаа эхэлснээс хойш хайлтын бүсийг үе шаттайгаар өргөжүүлж, орон нутгийн алба хаагчдаас гадна Улаанбаатар хотоос Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын нэмэлт бүрэлдэхүүн Буянт суманд ажиллаж эхэлжээ. Ингэснээр эрлийн ажиллагаанд оролцож буй хүн хүч 200 орчимд хүрээд байгаа юм.
"БУЯНТ СУМЫН 10 НАСТАЙ ОХИН ТАРВАС АЧИЛТЫН АЖИЛД ТУСЛАХААР ГЭРЭЭСЭЭ ГАРЧЭЭ"
Энэ оны наймдугаар сарын 1-ний өглөөний 08:00 цагийн үед 10 настай охин хөрш айл болох Д-ийн тарвас ачилцах ажилд туслахаар гэрээсээ гарсан байна. Охины гэр сумын төвд байрладаг бөгөөд очихоор явсан айл нь гэрээс нь ердөө 100 орчим метрийн зайтай байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, иргэн "Д" гэр бүлийн хамт тухайн өдөр сумын төвөөс 7-8 километрийн зайд байрлах тарвасны ургацын талбайдаа ажиллахаар явсан байна. Ургац хураалтын үеэр ажил орой болтол үргэлжилж, заримдаа талбай дээрээ хонож дуусгах тохиолдол ч байдаг аж. Өдрийн 14:00 цагийн үед охины аав охинтойгоо холбогдохоор гар утсанд нь залгасан ч утас нь холбогдоогүй байна. Тухайн үед охиноо тарвасны талбай дээр ажил нь дуусаагүй, бусадтай хамт хоносон байх гэж бодсон тул шууд цагдаагийн байгууллагад хандаагүй аж.
"27 ЦАГИЙН ДАРАА ӨГСӨН ДУУДЛАГААР ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ЭХЭЛЖЭЭ"
Маргааш өглөө нь буюу наймдугаар сарын 2-нд охины аав хөрш айл болох Д-ийн гэрт очиж охиноо сураглахад тухайн айлынхан хараахан ирээгүй байжээ. Улмаар Д-тэй утсаар холбогдоход, "Бид тарвасны талбай дээр байна. Танай охиныг шумуул их байгаа гээд хамт авч яваагүй, хашаандаа үлдээгээд явсан" гэж хариулсан байна. Үүний дараа охины аав ойр орчмын айлуудаар орж охиноо харсан хүн байгаа эсэхийг сурагласан ч тодорхой мэдээлэл олдоогүй аж. Ингээд охин гэрээсээ гарснаас хойш 27 цагийн дараа буюу наймдугаар сарын 2-ны 11:00 цагийн үед Цагдаагийн байгууллагад албан ёсоор дуудлага, мэдээлэл өгсөн байна.
"КАМЕРГҮЙ ОРЧИНД ОХИНЫ ЯВСАН ЧИГЛЭЛИЙГ ТОГТООХ БОЛОМЖ ХЯЗГААРЛАГДЖЭЭ"
Буянт сумын Цагдаагийн хэсгээс тодруулахад дуудлага бүртгэгдсэн даруйд эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Эхний ээлжид охины хамгийн сүүлд очсон гэх хөршийн хашаа, ойр орчим болон сумын төвийн хэсгийг шалгасан ч тухайн орчимд хяналтын камер байхгүй байсан нь охины хаашаа явсныг дүрс бичлэгээр тогтоох боломжийг хязгаарлажээ. Мөн охиныг хөршийн хашаанаас гарсны дараах хөдөлгөөнийг тогтоохын тулд ойр орчмын айлуудаас мэдээлэл цуглуулах, иргэдийн мэдүүлэг авах, газар дээрх үзлэг шалгалт болон бусад мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
"НИЙСЛЭЛ, ОРОН НУТГИЙН АЛБА ХААГЧДЫГ ОРОЛЦУУЛСАН 200 ОРЧИМ ХҮН ОХИНЫГ ЗУРГАА ДАХЬ ХОНОГТОО ЭРЭН ХАЙЖ БАЙНА"
Охиныг эрэн хайх ажиллагаа зургаа дахь хоногтоо үргэлжилж байгаа бөгөөд эрлийн цар хүрээг өдөр ирэх тусам нэмэгдүүлж байна. Эхний өдрүүдэд эрлийн ажиллагаанд Буянт сумын Засаг даргын Тамгын газар, сумын алба хаагчид, Ховд аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын алба хаагчид оролцож байсан бол нөхцөл байдалтай холбогдуулан Улаанбаатар хотоос Цагдаагийн ерөнхий газар болон Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид нэмэлтээр томилогдон Буянт суманд ажиллаж эхэлжээ. Ингэснээр эрлийн ажиллагаанд оролцож буй хүн хүч 200 орчимд хүрээд байна. Мөн техник хэрэгслийн тоо ч нэмэгдэж буй.
Одоогоор эрлийн ажиллагааг сумын төв, охины хамгийн сүүлд очсон байж болзошгүй гэх хөршийн хашаа орчим, сумын төвөөс 7-8 километрийн зайд байрлах тарвасны ургацын талбай, Буянт голын эрэг дагуух бүс болон бусад боломжит чиглэлүүдэд өргөжүүлэн зохион байгуулж байгаа аж. Эрлийн багууд бүс нутгийг хэсэгчлэн хуваан самналт хийж, голын эрэг, тариалангийн талбай, эзэнгүй барилга байгууламж болон ойр орчмын газруудыг давтан шалгаж байна. Үүний зэрэгцээ мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд иргэдээс ирүүлсэн мэдээлэл бүрийг нягталж, охиныг хамгийн сүүлд харсан байж болзошгүй хүмүүсээс мэдүүлэг авч, боломжит бүх мөрөөр зэрэг шалгалт үргэлжилж байгааг албаныхан мэдээллээ.
"ОХИНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛТЭЙ ИРГЭДИЙГ 9451-7043 ДУГААРТ ХОЛБОГДОХЫГ ХҮСЭВ"
Өнөөдрийн /2026.08.07/ өглөөний байдлаар охин гэрээсээ гараад 144 цаг буюу зургаан хоног өнгөрсөн ч одоо хүртэл ямар нэгэн баттай сураг гараагүй байна. Сураггүй болсон охин бор царайтай, 141 сантиметр өндөртэй. Алга болох үедээ цагаан өнгийн цамц, хар өнгийн өмд, ягаан өнгийн углааш өмссөн байжээ. Хайртай үрээ гэсэн эцэг, эх нь охиноо сураглан хүлээсээр байгаа бөгөөд эрлийн ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна. Охиныг харсан, эсвэл түүний байгаа газрын талаар мэдээлэлтэй иргэдийг Буянт сумын хэсгийн төлөөлөгчийн 9451-7043 дугаарт яаралтай холбогдон мэдээлэл өгөхийг цагдаагийн байгууллагаас хүсэж байна.