Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад бүртгэгдсэн Эбола вирусийн халдварын батлагдсан тохиолдлын тоо 4000-ыг давж, нас баралт 1850-д хүрсэн талаар тус улсын Эрүүл мэндийн хүрээлэнгийн хамгийн сүүлийн мэдээлэлд дурджээ.
Одоогийн байдлаар нийт 4053 хүн халдвар авч, 1850 хүн нас бараад байгаа юм.
Энэ нь 2014-2016 онд Баруун Африкт гарсан томоохон дэгдэлтийн дараах дэлхийн хоёр дахь хамгийн том Эболагийн дэгдэлт болоод байна. Мөн мэргэжилтнүүд энэхүү дэгдэлтийг түүхэн дэх хамгийн хурдацтай тархаж буй Эболагийн халдвар хэмээн тодорхойлжээ.
Халдвар анх Итури мужид бүртгэгдсэн боловч өдгөө Хойд Киву, Өмнөд Киву, О-Уэле, Чопо зэрэг нийт таван мужид тархаад байна. Судлаачдын үзэж буйгаар вирус тавдугаар сард албан ёсоор зарлагдахаас хэдэн сарын өмнөөс тархаж эхэлсэн бөгөөд бодит халдварын тоо албан ёсны статистикаас өндөр байх магадлалтай аж. Мөн энэ удаагийн дэгдэлт нь Bundibugyo төрлийн Эбола вирусээр үүсгэгдсэн бөгөөд уг омгийн эсрэг батлагдсан вакцин, эмчилгээ одоогоор байхгүй байгаа нь халдварыг хяналтдаа авахад хүндрэл учруулж байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ. Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр, зэвсэгт мөргөлдөөн, алслагдсан бүс нутгийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж муу, хавьтлыг мөрдөх ажиллагаа хангалтгүй байгаа нь халдварын тархалтыг эрчимжүүлж байна.
Эх сурвалж: Reuters