Манай улс шатахууны хэрэглээгээ бараг 100 хувь импортоор хангадаг бөгөөд үүний 97 орчим хувийг ОХУ-аас нийлүүлдэг. Тиймээс манай улсын шатахууны нийлүүлэлт Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай шууд холбоотой юм. Харин сүүлийн саруудад Украин ОХУ-ын эрчим хүчний дэд бүтцэд дроны цохилтоо эрчимжүүлж, газрын тос боловсруулах үйлдвэр, нефть-химийн цогцолбор, газрын тос хадгалах агуулах, экспортын боомт, шахуургын станцуудыг удаа дараа онилсоор байна.
Reuters агентлагийн мэдээлснээр 2026 оны зургадугаар сараас наймдугаар сарын эхэн хүртэл Украин Москва, Омск, НОРСИ, Ярославль, Волгоград, Рязань, Пермь, Уфа, Саратов, Сызрань, Афипский, Ильский, Тюмень зэрэг Оросын томоохон газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг удаа дараа онилжээ. Эдгээр үйлдвэрийн зарим нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон бол заримынх нь зөвхөн боловсруулах үндсэн төхөөрөмжүүд гэмтэж, үйлдвэрлэлийн хүчин чадал нь хэсэгчлэн буурсан гэжээ.
Тодруулбал, Саратов, Рязань, Тюмень, Салаватын нефть-химийн цогцолбор, Сызрань, НОРСИ болон Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэрүүд дроны цохилтын дараа тодорхой хугацаанд үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон талаар байна.
Харин Пермийн үйлдвэрт үндсэн нэрэх төхөөрөмж гэмтэж, Волгоград, Ярославль, Афипский, Ильский, Омск, Уфагийн үйлдвэрүүдэд гал гарсан, дэд бүтэц эвдэрсэн ч үйлдвэрлэлийг бүрэн зогсоосон тухай мэдээлэл гараагүй байгаа аж.
- ГАЗРЫН ТОС БОЛ ОРОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ТУЛГУУР -
Үргэлжлүүлэн ОХУ-ын эдийн засгийн нөхцөл байдлыг авч үзвэл, тус улс жилдээ 330-340 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Харин Украины дроны цохилтод өртсөн үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэгтгэн тооцвол жилд 145-150 сая тонн газрын тос боловсруулах боломжтой байна.
Өөрөөр хэлбэл, халдлагад өртсөн үйлдвэрүүд нь Оросын нийт боловсруулах хүчин чадлын 40-45 орчим хувийг хамарч байгаа юм.
Түүнчлэн газрын тос, байгалийн хий нь Оросын эдийн засгийн гол тулгуур хэвээр байгаа бөгөөд Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA), ОХУ-ын Сангийн яам болон Reuters агентлагийн мэдээллээр энэ салбар нь ДНБ-ий 15-20 хувь, холбооны төсвийн орлогын 25-35 хувь, нийт экспортын орлогын 55-60 хувийг бүрдүүлдэг ажээ.
Иймээс боловсруулах үйлдвэрүүдийн удаа дараагийн доголдол нь үйлдвэрлэлээс гадна төсвийн орлого болон экспортын орлогод ч нөлөөлж эхэлжээ. Reuters агентлагийн долдугаар сарын тооцооллоор дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөнөөр долдугаар сарын орлого өмнөх оны мөн үеэс 60 хувиар өсөх төлөвтэй байгаа ч 2026 оны эхний долоон сарын газрын тос, байгалийн хийн татварын орлого өмнөх оны мөн үеэс 11 хувиар буурахаар байна. Түүнчлэн 2026 оны төсөвт газрын тос, байгалийн хийн орлогоос 8.92 их наяд рубль төвлөрүүлнэ гэж тооцсон ч орлого төлөвлөсөн хэмжээнээс хоцорч, холбооны төсөвт дарамт учруулсаар байгаа юм.
Мөн ОХУ-ын газрын тос боловсруулах хэмжээ буурсан үзүүлэлт ч үүнийг баталж буй юм. EA Analytics-ийн мэдээллээс харахад ОХУ-ын газрын тос боловсруулах хэмжээ 2026 онд сүүлийн зургаан жилийн хамгийн доод түвшинд хүрчээ. Тодруулбал, 2026 оны эхний хагаст өдөрт боловсруулж буй түүхий тосны хэмжээ огцом буурч, долдугаар сар гэхэд өдөрт ойролцоогоор 3.5 сая баррель болсон нь 2020-2025 оны мөн үеийн бүх үзүүлэлтээс доогуур түвшинд хүрсэн байна.

-ДРОНЫ ДОВТОЛГООНЫ ГАЗАР ЗҮЙ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА -
Энэ бүхний цаана Украины алсын тусгалтай дроны чадавх эрс сайжирсан нь голлон нөлөөлж байна. Украины дроны цохилтод өртсөн ОХУ-ын газрын тосны байгууламжуудыг газрын зураг дээр байрлуулж үзэхэд нэгэн сонин дүр зураг ажиглагдаж байгаа юм. Тодруулбал, 2023-2024 онд Украин голдуу Белгород, Курск, Брянск, Ростов, Краснодар зэрэг хилийн ойролцоох бүсүүдэд цохилт өгдөг байсан бол энэ онд цохилтын хүрээ Оросын гүн рүү мэдэгдэхүйц тэлжээ. Сүүлийн саруудад Москва, Ярославль, Нижний Новгород дахь Норси үйлдвэр, Пермь, Башкортостан, Баруун Сибирийн Тюмень хүртэлх стратегийн байгууламжууд халдлагад өртөөд байна. Эдгээр нь Украины хилээс даруй 1000-2000 гаруй километрийн зайд оршдог бүс нутгууд билээ.

Энэ нь Украин зөвхөн хил орчмын объектийг бус, Оросын газрын тос боловсруулах сүлжээний төв зангилаануудыг системтэйгээр онилж эхэлснийг харуулж байна. Барууны шинжээчдийн үзэж буйгаар Украин дотооддоо үйлдвэрлэсэн алсын тусгалтай нэг чиглэлийн довтолгооны дронуудыг өргөн ашиглаж байна. Үүнд "Лютый" (Liutyi), "Бобер" (Beaver) зэрэг 1000-1500 км-ийн тусгалтай загварууд багтах бөгөөд Украины албаныхан зарим шинэ дрон нь 2000 км хүртэлх тусгалтай гэж мэдэгдээд байгаа юм. Иймээс Тюмень, Пермь зэрэг Оросын гүн дэх үйлдвэрүүдэд цохилт өгч буй нь Украины алсын тусгалтай цохилтын чадвар эрс сайжирсныг илтгэж байна.