Одоогоос 40 жилийн өмнө дэлгэцнээ гарсан зохиолч Б.Балжинням, найруулагч Р.Доржпалам нарын бүтээл “Говийн зэрэглээ” Монгол уран сайхны киног мэдэхгүй хүн ховор байх. Энэхүү кинонд багшийнхаа охинд сэтгэлтэй ч сэтгэлээ илчилж чаддаггүй тракторчин Арслангийн дүрд Г.Доржсамбуу, Шинэ сургуулийн захирал Хашхүүгийн дүрд Г.Эрдэнэтогтох, Холбоочин бүсгүй Номингийн дүрд Я.Оюунцэцэг, Ангийн байцаагчийн дүрд Н.Цэвээнравдан нарын жүжигчид тоглосон байдаг.
“Говийн зэрэглээ” уран сайхны кино нь 1980-аад оны сумын төвийн иргэдийн жирийн амьдрал, хөдөө орон нутагт соёл, олон түмний ажил хэрхэн явагдаж байгаа тухай, хөдөөгийн хүмүүсийн сайхан сэтгэл, хүнлэг ёс суртахууны түвшин зэргийг сургуулийн захирал Хашхүү, холбоочин бүсгүй Номин, тракторчин Арслангийн дүрээр дамжуулан харуулжээ.
Тус киноны зураг авалтыг 1980 онд Дундговь аймгийн Хулд суманд авч байсан байдаг. Харин тус киноны гол дүр холбоочин бүсгүй Номингийн ажилладаг сумын холбооны байранд одоогийн эзэн нь үүдний өргөтгөл нэмж барьсныг эс тооцвол тус байшин 40 жилийн туршид яг хивэндээ, харин киноны зураг авалтад жижигхэн байдаг мод нь том болж ургасан талаар нэгэн иргэн өөрийн твиттер хуудастаа жиргэжээ.
1980 оны Монгол кино үйлдвэрийн бүтээл.
— Bayartsogt.Sh. (@Bayartsogt14) January 4, 2020
"Говийн зэрэглээ "
Холбоочин бүсгүй Номингийн ажилдаг сумын холбооны байр.
Одоогоор Дундговь аймгийн Хулд суманд супермаркет болон мөнхөрчээ.
Та бүхэн зам зуурт сонирхоорой.
Үүдний өргөтгөлийг эс тооцвол яг хэвээрээ.
Мод нь том ургажээ. pic.twitter.com/BgBtZZenOg
“Говийн зэрэглээ” киноны зураг авалтын үеэр уран бүтээлчдэд тохиолдсон талаар хүмүүсийн дунд хачин жигтэй явган яриа өрнөдгийг уншигч та ч сонссон биз ээ.
Энэ тухай тус киноны туслах дүрд тоглосон Д.Гүрсэд гуай ярилцлага өгөхдөө, “Тийм нэг яриа байдаг л юм. Яг тэр үед би яваагүй болохоор сайн мэдэхгүй юм. Манай киноны хэсэг шөнө явж байгаад айлд ороход даргитал буцалж байгаа цай тогоон дээрээс нь хийж өгчээ. Цайг аваад уухад хүйтэн байхаар нь сэжиглээд бүгд ухасхийн гарсан гэдэг. Бүгд машиндаа суугаад хажуугийн толгой дээр гараад харахад өнөө айл, тэмээ мал нь алга болсон байдаг гэсэн яриа байдаг. Үнэндээ манай талийгаач Доржсамбуу, Цэвээнравдан нар тийм юм ярьдаггүй байсан.
Тэднийг маань өнгөрсөн хойно л ийм яриа гарсан юм. Талийгаач Оюунцэцэгийн аавтайгаа тэмээ хөтлөөд сургууль руу ирж байгаа зургийг авах гэж найруулагч, зураглаач болон зарим жүжигчид Өмнөговийн Булган сум руу явсан юм. Бүр багынх нь үйл явдлын зургийг авах гэж.Үнэхээр ч манай киноны багаас найруулагч Доржпалам, жүжигчин Цэвээнравдан, Оюунцэцэг, Доржсамбуу, нэгдүгээр нисгэгчид тоглосон Адилбиш, жолооч гээд нэлээн хэд маань өнгөрсөн байна. Би хувьдаа түүнээс болсон гэж боддоггүй. Нөгөө талаас нь бодвол бас үгүйсгэх аргагүй л байх хэмээн ярьжээ.
ҮЗЭХ: "Говийн зэрэглээ" МУСК