Энэ удаагийн сурвалжилгаараа бид Монголдоо хамгийн томд тооцогдох ч харамсалтайгаар үйл ажиллагаагаа зогсоож буй “Улаанбаатар амьтны хүрээлэн”-г онцоллоо.
ВИДЕО:
2017 оноос эхлэн үйл ажиллагаагаа тасралтгүй зургаан жилийн турш явуулж буй “Улаанбаатар амьтны хүрээлэн”-д өдгөө 60 гаруй нэр төрлийн 500 орчим амьтан бий. Гэтэл Ковидын үеийн нөхцөл байдал, хямрал амьтны хүрээлэнг ч алгасалгүй дайрч, хоёр жил орчим орлогоосоо давсан зардалтай явсаар өнөөдрийг хүрсэн бөгөөд амьтдынхаа хоол тэжээлийг залгуулах боломжгүй болж, аргагүйн эрхэнд долоон жилийн босгон дээр харамсалтайгаар үйл ажиллагаагаа зогсоож байгаа талаар тэд өнөөдөр мэдэгдлээ. Ийнхүү хүүхэд багачуудын танин мэдэхүйд хөрөнгө оруулж, шинэ зүйлийг харуулж, таниулах гэсэн залуусын хүсэл мөрөөдлөөр гараагаа эхэлсэн Улаанбаатар хотын нэгэн өөр ертөнц ийнхүү татан буугдаж байна.
Амьтны хүрээлэнгээ хааж буй гол шалтгаан нь санхүүгийн хүндрэл. Ковидын үеийн хямралаас гарч чадахгүй өдийг хүрч, цаашдаа ч итгэл найдвар харагдахгүй байгаа тул ийнхүү хааж байгаа талаар тус хүрээлэнгийн амьтан тайлбарлагч И.Билгүүтэй бидэнд ярьсан юм.
Мөн тэрбээр, “Манайх Монголдоо хамгийн томд тооцогдох усан гахай үржүүлэгтэй. Тиймээс усан гахайгаа оруулаад тоолбол 500 гаран амьтад байгаа байх. Тэр бүрчлэн тоолоод байдаггүй. Монголд амьтны хүрээлэн байлгах маш хэцүү. Яагаад гэвэл цаг агаар нь эрс тэс учраас дотор газар байлгана. Иймд түрээс, халаалт нэлээд үнэтэй тусдаг. Бидний хувьд өнөөдөр л гэнэт хаах шийдвэр гаргачихаагүй. Маш олон сар олон саяын алдагдалтай ажилласан. Ковидоос хойш ер нь санхүүгийн хувьд сэргэлт авч чадаагүй. Харин ч маш удаан тэссэн" гэсэн юм.
Амьтны хүрээлэн хаагдахад эдгээр 500 орчим амьтан хэрхэх нь нэн чухал. Иймд бид цаашид амьтдаа хэрхэн тэжээх, хааш нь шилжүүлэх талаар холбогдох ажилтнаас тодруулахад, "Амьтдаа бид өөрсдөө авч тэжээнэ. Зарим амьтдыг өөр амьтны хүрээлэнгүүдэд шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Бид мэдээж гаргаад хаячихгүй. Манай амьтдын аль нь ч зэрлэг байгальд амьдрах чадваргүй. Мөн тэжээж чаддаг хүмүүст үрчлүүлэх боломжтой. Одоохондоо усан гахай болон туулай л үрчлүүлж байгаа. Бусад нь гэрийн тэжээвэр амьтан биш учраас хаа хамаагүй хүмүүст үрчлүүлэхгүй. Үнэ тавиад зарах гэсэн зүйл огт байхгүй" гэлээ.
Ийнхүү тус амьтны хүрээлэнд амьтан үрчилж авахаар нэгэн бяцхан охин ирсэн байлаа. Тэрбээр амьтан үрчлүүлж байгаа гэх сургаар аавтайгаа хамт туулай үрчилж авахаар ирсэн гэнэ. "Амьтан хөөрхөн байдаг болохоор амьтдыг аврах гээд ирсэн" гэж ярих бяцхан охиныг харахад амьтны хүрээлэн хаагдаж байгаа нь нэн харамсалтай.
Амьтад юм идэхээ больё гэж хэзээ ч хэлэхгүй тул хоол тэжээлд зарлагадах өртөг бүр л нэмэгдэнэ гэсэн үг. Хамгийн их зардал бол хүйтэн цустай амьтдын халаагуур, тог, түрээсийн мөнгө, амьтдын хоол хүнсний зардал байдаг талаар тус хүрээлэнгийн амьтан тайлбарлагч бидэнд ярьсан юм. Ийнхүү Улаанбаатар хотын нэгэн томоохон амьтны хүрээлэн эдийн загийн хүндрэлээс болж хаалгаа барьж олон амьтад бусдын гар дээр очлоо.