Зудын эрсдэл нийт нутгийн 2 хувьд нэн их, 16 хувьд их, 36 хувьд дундаж байх төлөв гарчээ

Зудын эрсдэл нийт нутгийн 2 хувьд нэн их, 16 хувьд их, 36 хувьд дундаж байх төлөв гарчээ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 11 дүгээр сарын зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ болох ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны зузаан болон 11 дүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн боловсруулжээ. 

Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 2%-д нэн их, 16%-д их, 36%-д дунд, 29%-д бага, 17%-д хүндрэлгүй байхаар байна. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Төвийн зарим нутгаар зудын хүндрэл/эрсдэл үүсэх төлөвтэй байна. Иймд мал өвөлжилт хүндэрч болзошгүй бүс нутгуудад анхаарч цаг уурын байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ болон тухай бүр шинэчлэн гаргах зудын урьдчилсан төлөвийн мэдээг тогтмол авч ашиглах, цагийн байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний урьдчилсан бэлтгэлийг эртнээс бүрэн хангаж ажиллахыг зөвлөж байна. Мөн зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг 11 дүгээр сарын 12-нд боловсруулан мэдээлнэ.