МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар 233 мянган ахмадын 700 гаруй тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжсэн байна.
Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Тэтгэврийн зээлийг тэглэж буй нийгмийн халамжийн чиглэлээр авч бус том арга хэмжээ юм. Ялангуяа бага орлоготой иргэдийг дэмжиж буй дэмжлэг гэж үзэж байна. Энэ долоо хоногт байнгын хороод УИХ-ын чуулганаар хэлэлцэж, шийдвэрлэнэ" гэлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-700 гаруй тэрбум төгрөгөөр залуусыг ажилтай болгох ажлын байр бэлдэж болох байсан. Гэтэл бэлэн мөнгөөр иргэдийг угжиж байна. Хариуцлагатахй, барьцаатай зээлийг дарах шаардлага байна уу?
-Нийгмийн даатгалын тэтгэврийн сангаас зээл авдаг иргэд тэтгэврээ барьцаалаад зээл авдаг. Энэ нь цэвэр арилжааны банкны ажил. Тэтгэврээ барьцаалж зээл авч буй иргэдийн 90 хувь нь зургаагаас доош сая төгрөгийн зээл авдаг. Хангалуун иргэд зээл авдаг гэж би ойлгодоггүй. Ахмадууд маань амьжиргаандаа хэрэглэх гэж үр хүүхдийнхээ хэрэглээнд зарцуулах гэж авдаг.
Тиймээс манай засгийн газраас өрнөөс өрний хооронд амьдардаг ахмадуудынхаа зээлийг нэг удаа тэглэхээр шийдвэрлэсэн. Нөгөөтэйгүүр ажлын байрыг бий болгох чиглэлээр мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдээ ихээхэн дэмжиж байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр олон ажил хийж байгаа.
-Өгөөжөө өгч эхлээгүй, ашгаа ч өгөөгүй ордоос яаж мөнгө босгож тэтгэврийн зээлийн өрийг тэглэх гэж байгаа юм бэ?
-Салхитын мөнгөний ордыг эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг цуцалсан. Эзэмшиж байсан компани нь шүүхэд хандсан байгаа. Анхан шатны шүүхээс тус компанийн нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан байгаа. Салхитын ордны тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал эргэлзээгүй. Ашигт малтмалын газрын шийдвэрээр уг орд төрийн мэдэлд шилжсэн. Шүүхийн шийдвэр ч Засгийн газрын талд гарсан. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар эргэлзэх зүйлгүй. Салхитын ордын тусгай зөвшөөрөл төрийн мэдэлд байгаа учраас Эрдэнэс Монгол компани үйл ажиллагааг нь хэвийн явуулна. Цагаан сарын өмнө Салхитын ордыг барьцаалж бонд гарган дотоодын арилжааны банкуудад худалдаалдах замаар тэтгэврийн өрийг төлөх бүрэн боломжтой гэж үзсэн. 5 жилийн хугацаатай жилийн 6 хувийн хүүтэй хаалттай бонд гаргана.
Монгол банк болоод арилжааны банкуудтай урьдчилж ярьсан. Монгол банк болон арилжааны банкууд бондыг худалдаж авахаа илэрхийлсэн. Тийм учраас бонд гаргах ажил саадгүй явна. Салхитын ордоос гарах алт, мөнгийг Монгол банк худалдаж авна. Улмаар арилжааны банкуудыг мөнгөжүүлэх юм. Бэлэн мөнгөний санхүүжилт биш арилжааны банк болон компанийн хооронд бичилт хийгдээд зохицуулагдах юм. Төсвөөс тусад нь харилцаагаар зохицуулагдана.
-Тэтгэврийн зээл аваагүй иргэдэд мөнгөн тэтгэмж олгох уу?
-ҮАБЗ-өөс гарсан зөвлөмжөөр тэтгэврээ барьцаалж зээл авсан иргэдэд зориулсан хууль эрх зүйн зохицуулалт хийж байна.
-Эдийн засагт ямар сөрөг үр нөлөө үзүүлэх вэ. Цаашид тэтгэврийн зээлийг зогсоож байна уу?
-Бэлэн мөнгөний харилцаа явагдахгүй учраас төсөвт хүндрэл үүсэхгүй, инфляци өсөхгүй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй гэж үзэж байна. Цаашид тэтгэврийн зээлийг зогсооно. Ахмадуудыг өрөнд оруулах нөхцлийг зогсооно. Холбогдох хуульд ч өөрчлөлт оруулна. Тэтгэвэр нь ахмадуудын сарын орлого. Тиймээс орлогоо бүрэн авах ёстой. Тэтгэвэр барьцаалсан зээлийг зогсоож богино хугацаатай, хүүгүй тэтгэврийн урьдчилгааг авдаг болгохоор ажиллах чиглэлээр ажиллаж байна. Гурван сарын хугацаатай хүүгүй урьдчилгаа авдаг болно гэсэн үг.