“Ялалтын баяр”-т оролцсон Э.Энгүүнбат: Монголдоо ч, Оросдоо ч “ОД” болсон

“Ялалтын баяр”-т оролцсон Э.Энгүүнбат: Монголдоо ч, Оросдоо ч “ОД” болсон

Эх орны дайны Ялалтын баярын тоглолтод оролцож, гоцлон дуулсан авьяаслаг бяцхан хүү Э.Энгүүнбаттай ярилцлааа. Тэрбээр Москва хотын Аврагч Христийн сүмийн өмнөх талбайд болсон тоглолтод СУИС-ийн лицей сургуулийн "Бадмаараг" хамтлагтай ахмад дайчдад зориулан “Смуглянка” дуугаа дуулсан юм. "Бадмаараг" найрал дууны хамтлаг энэ оны гуравдугаар сард Халхын голын 80 жилийн ялалтын ойд зориулан зохион байгуулсан “Болор од” найрал дууны тэмцээнд түрүүлж, баярын хүндэтгэлийн тоглолтод дуулах,  Байгаль нуур явах эрхээр шагнуулсан билээ.

Э.Энгүүнбат хүү өчигдөр /2019.05.15/ Оффицеруудын ордонд болсон хүндэтгэлийн тоглолтын үеэр “Смуглянка” дуугаа дахин дуулж, эмээ өвөө хоёртойгоо олны анхааралд дахин өртсөн юм. Бид энэ үеэр Э.Энгүүнбат болон түүний эмээтэй цөөн хором ярилцлаа. 

Э.ЭНГҮҮНБАТ ХҮҮГИЙН ЯРИЛЦЛАГА БОЛОН ДУУЛСАН ХЭСГИЙГ ТА ЭНДЭЭС СОНСОНО УУ

Э.Энгүүнбат:

-ЭЭЖ МААНЬ ОРОС, АНГЛИ, ПОЛЬШ, ФРАНЦ ХЭЛТЭЙ УЧРААС 
ЭЭЖЭЭРЭЭ ОРОС ДУУ ЗААЛГАСАН-

-Уншигчиддаа өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Энгүүнбат гэдэг. Би долоон настай. Манай анги найман хүүхэдтэй. Манай багшийг Даариймаа гэдэг.

-Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг вэ?

-116-р сургуулийн нэгдүгээр ангид суралцдаг.

-Орос оронд очиж ганцаараа гоцлон дууллаа. Ямар санагдав?

-Сэтгэгдэл маш өндөр байсан. Гоё байсан.

-Тэнд ямар дуу дуулсан билээ?

-Смуглянка     

-Тэр дууг нь хэн зааж өгсөн бэ?

-Манай ээж зааж өгсөн. Ээж Орос, Англи, Польш, Франц хэлтэй.

-Ямар мундаг юм бэ, Орос хэлээр дуу дуулахад хэцүү байсан уу?

-Гайгүй, жаахан л хэцүү байсан.

-Чи хурдан сурч чадаж байна уу?

-Үгнүүдийг нь сонсоод л буруу үгнүүдийг нь ээж засаад л явчихдаг. Тэр үед би гуравдугаар бадгийг нь цээжлээгүй жаахан байсан. Тав, зургаан настай л байсан байх. Харин сая долоо настай болоод гуравдугаар бадгийг нь цээжилчихсэн. Эхэндээ хэллэг нь буруу, зарим нь цэвэр, зарим нь бохир. Но гэх буруу нои гэх байсан байна лээ шүү дээ.

-Хамгийн хэцүү хэсэг нь аль хэсэг байв?

-Гуравдугаар бадаг нь.

-ОРОСДОО Ч МОНГОЛДОО Ч ОД БОЛСОН-

-Энэ дуу нь ямар утгатай дуу болохыг мэдэх үү?

-Цэрэг дайнд яваад, нэг эмэгтэйг хардаг юм. Цэцэрлэгт хүрээлэн рүү ортол гүзээлзгэнэ түүж байсан Молдаванка гээд охиныг хардаг юм байна л даа. Тэгээд яадаг ч билээ. Уулзаад, ичээд, залуу нь тоогоогүй. Тэгээд дахиад дайнд яваад. Ер нь тиймэрхүү л утгатай дуу юм шиг байна лээ.     

-Ялалтын баяр, ялалт гэдгийг чи ер нь юу гэж ойлгодог вэ?

-Дайнд яваад, ялаад, тэр ялсан баяраа л хийдэг гэж бодож байна.

-Чиний бахархдаг зүйл чинь юу вэ?

-За, Монгол улсаараа л бахархдаг шүү дээ.

-Чи яагаад дуучин болъё гэж шийдсэн юм бэ? Дуучин болох юу нь гоё байдаг вэ?

-Би хоёр настайгаасаа эхлээд “Маамуу нааш ир” дуугаа дуулаад эхэлчихсэн болохоор дуучин болохыг хүссэн. Би өөрөө дуу хөгжимд маш их дуртай. Тэгээд л дуучин болохыг хүссэн.

-Тэгвэл том болоод дуучин болох мөрөөдөлтэй байх нь ээ?

-Тиймээ. Дуучин болно. Бас ОХУ-ын Чайковский шиг алдартай хөгжмийн зохиолч болно.

-Хүмүүс чамд баяр хүргэж алга ташихад чамд ямар санагддаг вэ?

-Нүд минь сайн эдгэрээсэй гэж бодогддог. Хүмүүс надад “нүд нь сайн болоосой” гэж ерөөдөг.

-Батсүх багш нь чамд юу хэлж сургадаг вэ?

-Дуугаа сайн дуулж сураарай. Том болоод мундаг хөгжмийн зохиолч болоорой гэж сургадаг.

-Чамайг Орос оронд агуу их Ялалтын баяраар мундаг том дуу дуулаад зогсож байхад олон ах эгч нар нь чамаар бахархаж, баярласан шүү.

-Монголоос их олон мессеэж ирсэн. Монголчуудын бүх хүмүүс үзчихсэн байна гэж байсан шүү дээ.

-“Од” болчихлоо гэж хүмүүс ярьж байна лээ?

-Оросдоо ч тэр Монголдоо ч тэр.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Энэ ярилцлагыг уншиж, сонсож байгаа хүмүүст хандаж юу хэлэх вэ?

-Намайг үзэж, сонссон ах эгч нартаа баярлалаа.

Э.Энгүүнбат хүүгийн эмээ Д.Сосорбарам:

-ХҮҮ МИНЬ ТӨРӨЛХИЙН ХАРААНЫ МЭДРЭЛИЙН ХӨГЖИЛ СУЛТАЙ
ГЭСЭН ОНОШТОЙ Ч ЭДГЭРНЭ ГЭЖ ИТГЭЖ ЯВАА-

-Та өөрийгөө юуны өмнө танилцуулна уу?

-Би эмч мэргэжилтэй, Клиникийн профессор, уламжлалт анагаахын тэргүүлэх зэрэгтэй. Би улсад 41 дэх жилдээ ажиллаж байна. Уламжлалтын эмчээр 27 дахь жилдээ ажиллаж байгаа.

-Таны зээ хүү багаасаа дуулах авьяастай байсан уу? Гэрийнхэн нь дуулах авьяастай хүмүүс байдаг уу?

-Ээж нь маш сайхан дуулдаг эмэгтэй бий. Орос сургууль төгссөн болохоор тэрүү, дандаа л орос хэл дээр дуу дуулж байдаг. Цэцэрлэгээсээ одоог хүртэл л дуулж яваа. Өвөө нь ч мөн сайхан дуулдаг, сая концерт дээр ч бас дууллаа. Хүү минь бүр багаасаа л дуулсан. Хэн ч энэ хүүхдэд ингэж дуулдаг гэж зааж өгөөгүй байхад л өөрөө хоёр наснаасаа дуулж эхэлсэн.

-Сая Орос оронд очиж дуулж, олны хайр хүндэтгэлийг хүлээлээ. Ийшээ явах эрх, тэнд дуулах боломжийг хэрхэн олж авсан бэ?

-Миний хүү Э.Энгүүнбат харааны бэрхшээлтэй. Нийслэлийн 116-р тусгай дунд сургуульд сурдаг. Өнгөрсөн оны 9 дүгээр сард Монголд дэлхийн хараагүйчүүдийн холбооны том хурал чуулган болсон. Энэ үеэр Оросын Хараагүйчүүдийн холбооны дарга эмэгтэй миний хүүг гала концерт дуулж байхыг хараад “Ийм хөөрхөн хүүхдийг би өөрийн улсдаа урьж дуулуулна” гэж уриад аваачиж байсан. Ингээд энэ журмаараа сая бас “Ялалтын баяр”-аар ээжийнхээ хамт яваад ирлээ. Ийм хүүгээрээ эмээ, өвөө хоёр нь маш их бахархдаг. Миний хүү харааны бэрхшээлтэй гэж хэзээ ч хойшоо суудаггүй, яг л бусад хүүхдүүдтэй адил гүйж харайж, инээж баясаж явдаг. Би эмч хүн болохоор хүүгийнхээ харааг хөгжүүлэх тал дээр бүх л мэддэг чаддаг арга хэмжээг авч явдаг даа.

-Хүүгийн онош юу вэ?

-Төрөлхийн харааны мэдрэлийн хөгжил султай гэсэн оноштой. Зүүн талын нүд бүр харахгүй, харин баруун нүд бага зэрэг хардаг. Гэхдээ орчинг маш сайн мэдэрдэг, маш сэргэлэн. Нүдээрээ харахаасаа илүү гараараа, зургаа дахь мэдрэхүйгээрээ орчин тойрноо харчихдаг.

-Эдгэрэх боломж бий юу?

-Боломж бий гэж үзэж би байнга эрэл хайгуул хийдэг. Хүү минь арай бага байна. Эмч нар хүүгийн биеийг арай өсгөлөн болох хэрэгтэй, дархлаа нь сайжрах хэрэгтэй гэх мэт хэд хэдэн шалгуурууд хэлдэг. Гол нь олон түмний энэ сайхан ерөөлийн үгсийг би бодож явдаг. Миний хүүг концерт дээр дуулах болгонд л эмээ, өвөө нар их уйлна, нүдтэй сайхан болоорой гэж ерөөлийн сайхан үгсээ харамгүй хэлнэ. Өөрөө ч их сүсэгтэй хүүхэд. Ингээд л хүүгээ хөгжүүлэхийн төлөө эмээ өвөө хоёр явж байна.

-Томоохон концерт, арга хэмжээнд оролцоод явж байхад хүү өөрөө ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?

-Маш их дуртай дуулна. Ирээд л бидэнд “Энэ концерт дээр бүр их гоё дуулчихлаа. Манай Чингэлтэй дүүргийн ахмадууд үзсэн гэсэн. Би үзүүлээд өглөө” гэдэг юм. С.Батсүх багшийн шавь шүү дээ. Багш нь тийм дуу дуул гээд л хэлээд өгөхөөр, өөрөө дагаж дуулсаар сурчихдаг юм.

-Эмээ өвөө хоёр нь өөрсдөө цэргийн салбарын хүмүүс юм байна. Ялалтын баяраар зээ хүү нь ийм дуу дуулж, олны хайр татахаар ямар мэдрэмж төрдөг вэ?

-Янзтай сайхан. Хэлэх үг олдохгүй юм. Бид хоёр бахархал, хайр.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ