“Торгоны зам” авто раллигийн үеэр гэмтсэн тамирчныг нисдэг тэргээр тээвэрлэн ГССҮТ-д авчирж, тусламж үзүүлжээ

“Торгоны зам” авто раллигийн үеэр гэмтсэн тамирчныг нисдэг тэргээр тээвэрлэн ГССҮТ-д авчирж, тусламж үзүүлжээ

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд буюу 2025 оны 07 дугаар сарын 10-наас 17-ны хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс насанд хүрэгсэд 2514, 0-18 насны хүүхэд 1579 байна.

Түүнчлэн төв болон салбар эмнэлэгт нийт 123 үйлчлүүлэгчид яаралтай мэс засал, 119 үйлчлүүлэгчид төлөвлөгөөт мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Дээрх өдрүүдэд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймагт ажилласан бөгөөд орон нутагт осолдож, гэмтсэн иргэдэд шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлжээ.  Мөн энэ сарын 16-ны өдөр “Торгоны зам” (SILK WAY RALLY-SWR) авто ралли олон улсын уралдаанд оролцох үеэр гэмтсэн нэг тамирчныг Төв аймгаас нисдэг тэргээр тээвэрлэн авчирч, ГССҮТ-д тусламж үйлчилгээ үзүүлсэн аж.

Баярын наадмын үеэр зам тээврийн ослын улмаас нийт 668 хүн яаралтай тусламж авснаас насанд хүрэгсэд 364, 0-18 насны хүүхэд 304 байна. Мориноос унаж гэмтсэн тохиолдол нийт 111 байгаагаас 0-9 насны хүүхэд 12, 10-18 насны хүүхэд 48 байна. Харин уралдааны мориноос унаж гэмтсэн найман хүүхэд байгаа аж. Наадмын өдрүүдэд ахуйн орчинд гэмтэж бэртсэн нийт 1307 хүн яаралтай тусламж үйлчилгээ авснаас 530 нь 0-18 насны хүүхэд байна.