Р.Бадрал: Заан, усны үхрийн арьсаар дээл, гутал, тавилга хийж, дэлхийн анхны “зааны арьсан эмээл”-ийг хийсэн /ВИДЕО/

Р.Бадрал: Заан, усны үхрийн арьсаар дээл, гутал, тавилга хийж, дэлхийн анхны “зааны арьсан эмээл”-ийг хийсэн /ВИДЕО/

Монголчууд бид өв соёлын эрхэм, тансаг уламжлалтай, дархлаатай, бусдад үзүүлэх үнэт зүйлтэй улс. Эрт дээр үеэс л захын малчин айлд орсон нэг мөнгөн аягатай, эхнэр нь ямар нэгэн үнэт эдлэлтэй байдаг байв. Энэ бол дэлхийн өөр хаана ч байгаагүй монгол ондоошил, монгол соёл уламжлал. Бид эртнээсээ гар урлалын үнэт эдлэлээр өөрсдийгөө болон молор эрдэнэ болсон морио гоёж ирсэн баялаг түүхтэй улс.

Монгол дархчуулын бүтээл дэлхийд гайхагдаж байдаг нь үнэн. Иймдээ ч бид энэ өв соёлыг хадгалан хамгаалж, хөгжүүлээд, дараагийн үедээ өвлүүлэн үлдээх ёстой билээ. Иймд бид Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Хамниган арт” ХХК-ийн захирал, уран дархан Р.Бадралтай ярилцлаа.

ВИДЕО:

-ГАДААД ЖУУЛЧДЫН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАЖ, ДЭЛХИЙД МОНГОЛ ДАРХЧУУЛЫН БҮТЭЭЛИЙГ ТАНИУУЛАХЫН ТУЛД ХАМНИГАН АРТЫГ БАЙГУУЛСАН-

-Юун түрүүнд танд Үндэсний их баяр наадмын баярын мэнд хүргэе. Та сайхан наадав уу?

-Баяр наадмын мэндийг та бүхэнд ч бас өргөн дэвшүүлье. Миний бие Раднаагийн Бадрал. “Хамниган арт” компанийн ТУЗ-ын даргаар ажилладаг.

-Таны хувьд уран дархан болох замнал хаанаас эхэлж, энэ их авьяасыг хэнээс өвлөж авсан бол?

-Би хоёрдугаар ангиасаа эхлээд л марк цуглуулдаг байсан. Энэ сонирхол маань явсаар бүхий л салбарынхаа эд өлгий, уран дархчуулын бүтээл цуглуулдаг болсон. Мөн би Италид олон улсын аялал жуулчлалын магистраар төгссөн юм. Аялал жуулчлалын магистраар суралцаж байхдаа соёлын аялал жуулчлал гэдэг зүйлийн онолын мэдлэгийг олж авсан. Улмаар Монголдоо 2002 онд ирээд хувийн компаниа байгуулсан. Ер нь Монголд ирж байгаа зэрэглэл өндөртэй жуулчдыг авч ирдэг “Чингис трэвэл”, “Атилла трэвэл”, “Ворлд трэвэл” гэх компаниудыг үүсгэн байгуулсан юм. Боловсрол өндөртэй жуулчид Монгол Улсын түүхийг тодорхой хэмжээнд судалж, зохих хэмжээний мэдлэгийг хуримтлуулсан байдаг. Дэлхийд үнэт эдлэл, уран дархчуулын бүтээлээрээ хамгийн баялаг түүхтэй улсад ирж байгаа болохоор санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн энэ хүмүүс тодорхой хэмжээнд бэлэг дурсгалыг зүйл авах, үр хүүхдүүд, найз нөхдөдөө авч бэлэглэнэ гэсэн бодолтой ирдэг байсан. Тэгээд энэ хүмүүсээ Монголын гар урлалын дэлгүүрээр оруулна. Гэхдээ шаардлага хангасан зүйл ховор.

Ер нь манай орон гэлтгүй дэлхий даяараа л бүх зүйлийг Хятадад хийлгэдэг болчихлоо шүү дээ. Тэдний шаардлагыг хангахыг тулд, гар хийцийн, монгол дархчуулын бүтээсэн зүйлийг борлуулж өгөхийн тулд Монголын шилдэг урлаач нартай хамтран ажиллаж эхэлсэн.

-Өөрөөр хэлбэл Монгол дархчуул нэгдэж, Хамниган артыг байгуулжээ?

-Манай дархчуул маань ер нь нэгдэж, хамтарч ажиллая гэсэн санал гаргасан юм. Үүнийг нь манайх нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа гэж хүлээн авч, Хамниган арт компани байгуулагдсан түүхтэй. Бид ганц Монголдоо бус монгол дархчуулын бүтээлийг дэлхийд гаргах зорилготой. Тийм болохоор нэр их чухал байсан. Мөн би өөрөө Хамниган угсаатан хүн учраас ийн нэрийдсэн. Мөн “Хамниган” гэдэг нь “хамтдаа болж нэгдэх” гэсэн утгыг илэрхийлдэг.

-ЗААНЫ АРЬС, ЗЭРЛЭГ МАТРЫН АРЬС, МОГОЙН АРЬС, УСНЫ ҮХРИЙН АРЬСЫГ АШИГЛАЖ, БҮТЭЭЛҮҮД ХИЙЖ БАЙГАА-

-Танай компанийг бүтээлдээ өвөрмөц, содон материал ашигладаг гэдгийг хүмүүс мэдэх байх. Анх яагаад ийм материал ашиглаж үзье гэж бодсон бол?

-Дэлхий дээр гарахын тулд хэрхэн олны анхаарлыг татах вэ гэж бид нэлээд судалгаа хийж үзсэн. Улмаар материалыг нь онцлог, сонин зүйлээр сонговол зүгээр юм байна гэж үзээд ковидын хэдэн жилийн хугаацанд бид зүгээр суусангүй, маш их судалгаа, эрэл хайгуул хийсэн. Ингээд материалыг нь зөв сонгохын тулд эрэлд гартал Италид нэлээд эртний түүхтэй арьс, ширний үйлдвэр байдаг юм байна. Тэр нь том брэндүүдийн арьсыг нийлүүлдэг компани бөгөөд зэрлэг зааны арьсыг боловсруулчихсан байсан. Тэгээд миний  танилцуулгыг, манай Монгол Улсыг ч судалж үзээд хамтран ажиллахыг зөвшөөрсөн. Ер нь дэлхийн гар урлалын ордон байлаа гэж бодоход хойморь суудал нь Монголчуудынх гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Италийн үйлдвэртэй гэрээ байгуулаад анхны зааны арьсан гутлаа хийгээд, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид өргөн барьсан. Ерөнхийлөгч маань одоо гурван жилийн наадам, цагаан сар, Ромын папыг ирэх үеэр өмслөө. Сая Чингис хааны алтан хөшөөний нээлтэн дээр хүртэл өмсөөд явж байгааг хараад их баярлаж байлаа.

-Гутлаас өөр бүтээгдэхүүн хийж байна уу?

-Бид тавилга, бүс олон төрлийн зүйл хийж байна. Бичгийн хэрэгсэл хүртэл хийгээд эхэлсэн. Мөн усны үхрийн арьсаар бид олон төрлийн зүйл хийсэн. Дэлхийн амьтдын бараг хамгийн бөх арьстай нь усны үхэр. Багаасаа зодолдож өсдөг болохоор бөх арьстай байдаг юм байна.

Бид анх усны үхэрний арьсыг боловсруулж өгөх санал тавихад “Ийм зүйл хэр баргийн хүний толгойд буухгүй дээ, Монголчууд ёстой янз бүрийн зүйл сэтгэх юм” гэж байсан. Тэгээд арьсыг боловсруулахад их аятайхан арьс болсон.

-Зааны арьсаар голдуу бүтээгдэхүүнээ хийдэг юм байна. Зааны арьсны онцлог юу байдаг бол. Яагаад заавал зааны арьсыг сонгов?

-Африкт бороо бага ордрг учраас заан хөлөрдөггүй амьтан юм байна. Мөн чигтэйхэн бат бөх арьстай. Гутлыг нь өмсөөд явлаа гэхэд бороо усанд норно гэж лав байхгүй. Бас манайх зэрлэг матрын арьсан бүснүүд хийж байна. Мөн аварга могойн 12 метр урт арьсаар дээл хийсэн. Бас бид Африкийн анаашны чөмөгний ясаар савх хийсэн үзсэн. Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь савх барьж байгаа учраас эрэл хайгуул хийж байтал анаашны чөмөгний яс их сайн зохицсон. Өнгө нь зэрлэг зааны соёо шиг цагаан, тонн гаруй биетэй хүнд зүйлийг дааж байсан учраас нягтаршил сайтай. Голоор нь чөмөг байдаг болохоор их уян хатан. Ийнхүү дэлхийн үнэт эдлэл, гар урлалын санд манай Хамниган арт буюу Монголчууд бид нэлээд олон шинэ материал гарган авч патент гаргаад явж байгаа. Манай хийж байгаа зааны арьсан гутлууд ер нь өв дамжих л бүтээл болно. Эдэлж хэрэглэж дуусгана гэж ер нь ховор.

-НҮБ-ЫН ХАРЬЯА, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ КОМПАНИАС ХҮНИЙ НӨЛӨӨЛӨЛГҮЙ, БАЙГАЛИЙНХАА ЖАМААР НАС НӨГЧСӨН АМЬТДЫН АРЬСЫГ АВЧ АШИГЛАДАГ-

-Үнэнийг хэлэхэд амьтны арьсаар хийсэн бүтээгдэхүүнийг зарим хүмүүс эсэргүүцдэг?

-НҮБ-ын харьяа, дэлхий даяар ховордсон амьтдын худалдааг зохицуулдаг байгууллага бий. Энэ байгууллага нь хатуу дүрэмтэй, хараа хяналттай. Зэрлэг заанууд Африк тивд л байна. Тэр ховордсон амьтад огт хүний нөлөөлөлгүйгээр, байгалийнхаа жамаар нас нөгчсөн бол амьтдын арьсыг нь авч байгаа юм. Авахдаа мэдээж нэлээд их хэмжээний мөнгө төлж авна. Тус байгууллагын хуулиар бол төлбөр нь тухайн амьтныхаа сүрэгт идэш тэжээл, эм тариа, харуул хамгаалалт болно. Тэгэхээр бусад амьтдад буян болж байгаа, цагаан мөртэй бизнес байгаа юм.

-Өнгөрсөн хавар Монгол дархчуулын анхдугаар чуулган болсон. Энэ үеэр таны хийсэн хоёр мэргэний малгай олны анхаарлыг татаж, нэлээд шуугиуллаа. Ер нь их сонирхолтой санагдсан. Энэ санааг яаж олсон бол?

-Түүгээр нэлээд бужигнууллаа. Бас бүх л салбар энэ төрлийн малгайтай боллоо шүү дээ. Манайхан ч их л авьяастай хүмүүс юм. Малгайны загварыг дор нь гаргачихдаг юм байна. Өв соёлоо сурталчилж, таниулж байдаг хүмүүс бол манай үндэсний спортынхон шүү дээ.

Бид үндэсний спортоо хөгжүүлэхийн тулд хувцас дээр нь анхаарья гээд энэ төрлийн үйл ажиллагааг явуулж байна. Манай судалгааны багийнхан олон жил судлаад малгайг өөрчилье гээд үндэсний загварыг нь өөрчлөхгүйгээр судалгаа хийгээд онцлогуудыг нэмсэн. Улмаар анхныхыг нь н.Хүдэрчулуун дархан мэргэн болон н.Шинэбаяр хоёртоо хийж өгсөн. Зааны арьс маань өвөл дулаахан, зун сэрүүхэн байдаг учраас малгайг зааны арьсаар хийсэн. Мөн оройн чимгийг нь дөрвөн хүчтэнгээр хийж, таван талд нь луу хийсэн. Сурын харваа, шагайн харваа хоёул сум тавьдаг спорт учраас тэнгэрээс бууж ирэх сүрийг бэлгэдэж, ингэж хийж өгсөн. Мөн бид бүх гоёлыг нь анх удаа зааны соёогоор хийсэн. Сурынханд орой дээр нь уламжлалт сумны зэв, шагайн харвааныханд шагайн хасаа хийсэн. Ясаар нааддаг хүмүүс учраас бүх зүйлийг нь ясаар хийсэн байгаа. Мөн залааг нь бид 24 каратын алтан торгоор хийсэн.

-ДЭЛХИЙН АНХНЫ ЗААНЫ АРЬСАН ГУТЛЫГ ХИЙЖ, ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН БАРЬСАН -

-Шүүмжлэлийг хэрхэн хүлээж авав?

-Аливаа юм хоёр талтай. Хүмүүс уламжлалт сэтгэлгээнээсээ сална гэдэг хэцүү. Зарим хүмүүс нь үндэсний спортын малгайг их сайхан хөгжүүлж байгаа гэж хэлсэн. Ямартай ч үүнээс хойш манайд янз бүрийн малгай хийлгэе гэсэн маш олон санал ирсэн. Уг малгайг бид анхнаасаа санал авах маягаар хийсэн юм. Үүнийг төгс бүтээл болгохын тулд нэлээд сайн ажиллаж байгаа. Шүүмжлэл гэдэг бол бидэнд ус агаар мэт хэрэгтэй зүйл. Бид уг асуудлаас маш олон санаа авсан. Одоо хөгжүүлэлт нь нэлээд сайжирсан байгаа. Нөгөө талаас тансаглал, зугаа цэнгэлийг хийлээ гэсэн хэсэг ч байсан. Энэ бол баячуулын тансаглал, зугаа цэнгэл биш. Энэ бол Монгол Улсын дархлаа, үндэсний соёлыг дотоод гадаадгүй дэлхийд таниулах зүйл. Дархан мэргэдүүдийн малгайг хийхдээ өөрсдөөс нь мөнгө гаргалгүй, компаниасаа илүүчлээд л бололцоогоороо хийж, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа. Бид цаашдаа ч олон зүйлийг гаргана. Үүнийг баян хүний зугаа цэнгэл гэж харахаасаа өмнө Монгол уламжлалаа хөгжүүлье гэж хараасай. Нэгэнт хүн болж төрснийх, энэ сайхан уламжлалыг хөгжүүлэх боломж олдсоных их сайхан төсөөлөл, урамшлаар явж байгаа юм шүү бид.

-Анхны зааны арьсан гутлыг Ерөнхийлөгчид өгсөн гэв үү?

-Ерөнхийлөгчийн гутлыг өмнө нь өөр газар урлаж байсан юм. Тэднийх руу бид холбогдсон. Тэр компанийнхантай ярилцаад хэв, хэлбэрийг нь хэлээд, хамтарч ажиллаад хийсэн бүтээл байгаа юм. Гэхдээ Ерөнхийлөгч гутал өгөх гэсэн хүн бүртэй уулзаад байдаг хүн биш шүү дээ. Тэгээд бид байгалийнхаа жамаар буцсан зааны арьсаар хийсэн дэлхий дээрх хамгийн анхны гутлыг өгч байна гэсэн зүйлийг бичээд гэрчилгээтэй нь хамт өгсөн.

-Танайд байгаа эмээл сонирхол татлаа?

-Манай улсад эмээлийн өв соёл хамгийн өндөр. Байгалийнхаа жамаар буцсан хандгайны эвэрний угаар энэ эмээлийг хоёр жил урласан. Яагаад ингэж удсан бэ гэхээр 22 хандгайны эвэр орсон, битүү ясан эмээл. Бас анх удаа битүү, залгаасгүй эврээр хярласан. Үүнийг хярлах технологийг олох гэж нэлээд үзсэн. Бас дэлхий дээрх анхны зааны арьсан эмээл нь энэ юм.

-Нийт Монголчууддаа хандаад баярын мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?

-Монгол түмний цэнгэлийн их баяр наадмын баярын мэнд хүргэж, бүгд амжилттай сайхан, ажил төрөл нь өөдрөг, эрүүл энх, урт удаан наслахыг ерөөе.