Өнөөдөр Дорнодын зүүн сумдаар ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангын тал нутгаар +19…+24 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар +30…+35 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +26…+28 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.