ВИДЕО: Нийслэлийн 31 дүгээр сургууль хүүхэд хичээллэх боломжгүй болтлоо хуучирч, сурагчид нь цахимаар хичээллэж байна

ВИДЕО: Нийслэлийн 31 дүгээр сургууль хүүхэд хичээллэх боломжгүй болтлоо хуучирч, сурагчид нь цахимаар хичээллэж байна

Хичээлийн шинэ жил эхлээд хэдийнэ долоо хонох гэж буй. Гэтэл зарим сургууль тухайлбал Нийслэлийн ерөнхий боловсролын 161, 31 дүгээр сургуулиуд засвар шинэчлэл, өргөтгөлийн асуудлаас үүдэж, цахимаар хичээллэж байгаа юм.

ВИДЕО:

Харин эцэг эхчүүдийн хувьд ковидын нөхцөл байдлаа болж хоёр жил гаруй цахимаар хичээллэсэн байхад дахин цахимаар хичээллэх болсонд мөн засвар шинэчлэлийн ажлыг амралтын хуагацаанд нь амжиж дуусгачхаагүйд нь дургүйцэж, бухимдаж байгаа. Тэгвэл бид энэ удаагийнхаа сурвалжилгаар засвар шинэчлэл, өргөтгөл барьж буй Нийслэлийн ерөнхий боловсролын 31 дүгээр сургууль дээр очиж барилгын ажил удаашрах нөхцөл шалтгаан мөн хэзээнээс ашиглалтанд орж, хичээл хэвийн үргэлжлэх талаар асууж, одоогийн нөхцөл байдалтай танилцсан юм.

Биднийг тус сургууль дээр очиход барилгын ажил эд үргэлжилж байлаа. Барилга үндсэн гурван блокоос бүрдэх бөгөөд зөвхөн А блокийн засвар болон өргөтгөл барих ажил дуусаагүй, дуусах арай болоогүй харагдана.

Бид холбогдох хүмүүсийг нь хайж, сурагласны эцэст тус барилгыг хариуцаж буй "Дарцагт ноёд групп" ХХК-ийн барилга хариуцсан захирал н.Алтангэрэлтэй ярилцлаа.

Тэрбээр, "Засварын ажил зургаадугаар сарын 20-ноос эхэлсэн. Эхлээд нураалтын ажил хийдэг. Энэ нь нэлээд уддаг л даа. Дээвэр буюу 1900 метр.кв талбайг нураасан. Наймдугаар сард нураалтын ажил дуусаад хүчитгэлийн ажил эхэлсэн. Барилга гурван давхар болж байгаа учраас зайлшгүй хүчитгэх шаардлагатай. Төсөв мөнгө нь 5 гаруй тэрбум гэж сонссон. Бас сайн мэдэхгүй байна. Анх барилгын өргөтгөлийн ажил хийх л гэрээтэй байсан. Гэвч сургууль хэтэрхий хуучирч муудсанаас мөн бороо ус орсноос болж маш их нэмэлт ажлууд гарч ирсэн. Нэгдүгээрт цахилгааны утас ил гарч, хүүхэд хичээллэхэд их аюултай болсон байсан. Хоёрдугаарт сургууль маш их мөөгөнцөртсөн байсан.

Тиймээс бүх хэсгийг хусаж, янзалсан байгаа. Өөрөөр хэлбэл нэг орцтой 16 давхар барилгын дайтай ажил болсон гэж ойлгож болно. Бид 12 дугаар сар хүртэл гэрээтэй байгаа боловч хугацаанаасаа аль болох өмнө аравдугаар сарын 15-н гэхэд бүрэн дуусгахаар ажиллаж байна. Харин нэг болон хоёрдугаар давхрыг энэ сарын 20-нд ашиглатанд оруулж хүүхдүүдийг хичээллэх орчин нөхцлөөр ханган ажиллах болно. Эцэг эхчүүд бухимдаж байгааг маш сайн ойлгож байна. Гэхдээ бид аль болох аюулгүй, орчин үеийн шийдэлтэй ажил хийж байгаа учраас хүлээцтэй хандахыг хүсье" гэлээ.

Мөн хүүхдүүд хэрхэн хичээллэж байгаа талаар тус сургуулийн захирлаас тодруулахад, "Сурагчдыг цахимаар хичээллүүлж байгаа. Өмнө нь ковидын нөхцөл байдлаас болоод хоёр жил цахимаар хичээллэсэн хүүхдүүд харьцангуй туршлагатай, гомдол багатай байгаа. Бид ч сурагчид болон эцэг эхчүүдтэйгээ харилцан маш ярилцаж, хэлэлцэж, ойлгуулсан" гэсэн юм. Ийнхүү 31 дүгээр сургуулийнхан цаашид ямартай ч хоёр долоо хоног цахимаар хичээллэх аж. Гэтэл нийслэлийн хичнээн улсын сургууль энэ сургууль мэт хичээллэхэд аюултай нөхцөл байдалд хүрсэн байгаа бол. Хэзээ мөдгүй нурахад бэлэн болсон хэдэн барилга байгаа бол. Хичнээн сургуулийн хүүхэд сургууль засварын ажлаас болж хичээл сургуульдаа явж чадахгүйд хүрэх бол.