-ДОТОР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БҮТЦИЙН ХУВЬД ЯГ Л ОРОН СУУЦ ШИГ АЖ-
Таны харж буй энэхүү 50 мкв талбайтай байшингийн жилийн дулааны ачаалалыг15квц/м2-аас дотогш байхаар зохион бүтээжээ. Энэ нь ердийн байшингаас 30 дахин бага үзүүлэлт бөгөөд дулааны эрчим хүч маш бага шаарддаг гэсэн үг. Тиймээс энэхүү байшин нь дэд бүтцээс алслагдсан газар болон хөдөө орон нутагт тохиромжтой гэж зохион бүтээгчид нь хэлж байна.
Мөн өөр дээрээ нарны цахилгаан үүсгүүртэй учраас төвийн эрчим хүчний доголдлоос үл хамаарч зөвхөн 1 кв-аар гэрэлтүүлэг, халаалтын тодорхой хэсэг, агааржуулалт болон хуурай жорлонгийн системийн тасралтгүй ажиллагааг хангадаг байна. Нарны цахилгаан үүсгүүрээр дулааны тодорхой хэсгийг шийдвэрлэснээр цахилгааны төлбөр бага гарч тухайн гэр бүлийн төсөвт хэмнэлт үзүүлэх юм. Мөн дулааны алдагдлыг эрс бууруулсан гурван давхар аргон хийн дулаалгатай, LOW-E түрхэцтэй тунгалаг цонхоор нарны эрчим хүчийг дээд хэмжээнд шингээж шөнөдөө дулааны энергийг алдахгүй түгжиж, дуу чимээг намсгадаг аж. Нийт үнэ нь 41 сая.
Харин энэхүү байшин нь шөнө нь усаа халаадаг тусгайлсан төхөөрөмжтэй юм. Халаасан усаараа шалны халаалтаа ажиллуулж өдрийн туршид байшингаа дулаахан байлгадаг онцлогтой.
Дотоод зохион байгуулалтын хувьд яг л ОРОН СУУЦТАЙ ижилхэн аж. Хоёр унтлагын өрөө, зочины өрөө, гал тогоо, коридор болон ариун цэврийн тохилог өрөөтэй.
Зурагт харагдаж буй бусад байшингууд ч мөн 20-97 хувь эрчим хүчний алдагдлыг бууруулахаар зохион бүтээгджээ. Байшин бүр өөрийн онцлогтой бөгөөд түүнээсээ хамаарч өөр, өөр үнэ, ханштай.
Эдгээр таван байшин нь яг өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны 188 дугаар цэцэрлэгийн хашаанд байрлаж байна.
Ямар зорилгоор тус байшингуудыг энд бөөгнүүлсэн бэ гэвэлэрчим хүчний хэмнэлттэй, тохилог, дулаан дээрх шиг байшинг гэр хорооллын айл өрхүүдэд хөнгөлөлттэй нөхцлөөр олгох томоохон төсөл 2021 оны хавраас хэрэгжиж эхлэхтэй холбоотой юм.
Уг төслийн эхлэл болгон таван өөр компанийн, таван өөр бүтэцтэй байшинг шалгаруулан үзэсгэлэн дэлгэсэн нь энэ аж. Тус байшингуудыг үзэсгэлэн хэлбэрээр олон нийтэд танилцуулахаас гадна 188 дугаар цэцэрлэгийн багачууд анги танхимаа болгож ашиглаж байна. Тодруулбал, ажлын тав хоногт 188 дугаар цэцэрлэг анги танхимын хэлбэрээр ажиллуулах бол амралтын хоёр өдөр иргэдэд үзэсгэлэн хэлбэрээр танилцуулах аж.
-ДУЛААН ТОХИЛОГ СУУЦАНД 188 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ТАВАН
БҮЛЭГ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ-
Манай сурвалжлах багийг тус цэцэрлэгт очиход үзэсгэлэнд дэлгэгдсэн таван байшиндангиуд орж, тохижсонбайв. Хүүхдүүд амгалан гэгч нь өдрийн унтлагын цагаараа унтаж таарсан юм.
Таван компанийн таван байшинг 188 дугаар цэцэрлэгт туршиж буй зорилго нь барилгын халаалтын үеийн хэрэглээний зардлыг нарийвчлан тодорхойлох, ашиглалтын үеийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж харьцуулах юм. Ингэснээр гэр хорооллын иргэдэд эрчим хүчний хэмнэлтийн ач холбогдлын талаарх мэдлэг ойлголтыг өгөх, хандлагыг сайжруулах зорилготой гэж 33 дугаар хорооны засаг дарга М.Тэмүгэ хэлж байсан юм.
Дээрх байшингуудыг цэцэрлэгт туршиж буй асуудлаар 188 дугаар цэцэрлэгийн багш Г.Хүслэн “Гэр цэцэрлэгийн таван ангийг бид тус байшингууд руу нүүлгэн шилжүүлсэн. Дулаан, тохилог, дотроо нойлтой учраас гэр цэцэрлэгээс илүү тухтай. Гэхдээ л цаана нь дахиад хоёр гэр цэцэрлэг үлдсэн.Сонгинохайрхан дүүрэг нийт 40 гаруй цэцэрлэгтэй. Манай цэцэрлэгийн хувьд 16 бүлэгтэй. Дүүрэгтээ бүү хэл нийслэлдээ томд тооцогдох цэцэрлэг. Манай33 дугаар хороо цэцэрлэгийн насны 2200 гаруй хүүхэдтэй. Түүнээс 600 орчим хүүхдийг нь авчихсан байгаа нь энэ юм. Хэрвээ уг байшингуудын туршилт сайн явагдвал нэмж байшин ирнэ гэсэн” гэлээ.
-ЭНЭХҮҮ БАЙШИНГИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХЫГ ХҮСВЭЛ ДООРХ
ШАЛГУУРУУДЫГ ХАНГАХ ЁСТОЙ-
Харин Сонгинохайран дүүргийн 33 дугаар хорооны Засаг дарга М.Тэмүгэ “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашиг төслийг ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Улаанбаатар хотын захиргаатай хамтран хэрэгжүүлэх төсөл юм. Одоо туршилт нь манай хороон дээр явагдаж байна. Үүний дараа төслийн хүрээнд эхний ээлжинд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 60 айлыг хамруулна. Айлууд байшингаа аваад сар бүр 100-200 мянган төгрөг төлөөд явах юм байна лээ. Энэ төсөл нь дэд бүтцэд холбогдох боломжгүй алслагдсан бүсүүдэд хэрэгжих юм” гэсэн юм.
Хэрвээ энэ төсөл амжилттай хэрэгжиж айл өрхүүд дээрх шиг тохь, тухтай дулаан байшинд амьдарч эхэлбэл агаарын бохирдол тэр дундаа утаа, тоосжилт цаашлаад хөрсний бохирдлоос салахад томоохон түлхэц үзүүлэхээр байгаа юм.
Уншигч та энэхүү сууцыг сонирхож байвал Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Нийслэлийн 188 дугаар цэцэрлэгийн хашаанд очих танилцах боломжтой. Цаашлаадуг байшинг худалдан авахаар болбол “Изохаус”, “Эрэл”, “Дэлгэр констракшн”, “Гранд Авгуш” компанид хандах юм байна. Гэхдээ байшин авах хүсэлтэй иргэд тодорхой хэмжээний шалгуурыг хангах ёстой юм байна.
ТУХАЙЛБАЛ,
-Өөрийн эзэмшлийн газартаа зүлэгжүүлэлт хийж, мод тарьсан байх.
-Эко нойлтой байх
-Тог цахилгааны утас нь шаардлага хангасан бүрэн бүтэн байх.
-Хашаагаа тохижуулсан байх
-Байшингийн нийт үнийн дүнгийн 20 хувийг төлөх чадвартай байх. Ингэснээр төслийн зүгээс олгох сууцны үнийн дүнгийн 20 хувь хүртэлх хувь хөнгөлөлтөд хамрагдах боломжтой болох аж.
-Үлдсэн 60 хувийг арилжааны банкуудын 15 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлд /8-12% хүүтэй/ хамрагдан авах бөгөөд банкны шалгуурыг хангах юм.