М.Тулга: Баяр наадмын үеэр нийт 197 хүүхэд мориноос унаж бэртсэн бөгөөд сайн чанарын хамгаалалтын хувцасгүйгээс бэртэл гэмтэл авах нь их байна /ВИДЕО/

М.Тулга: Баяр наадмын үеэр нийт 197 хүүхэд мориноос унаж бэртсэн бөгөөд сайн чанарын хамгаалалтын хувцасгүйгээс бэртэл гэмтэл авах нь их байна /ВИДЕО/

Монголын Үндэсний их баяр наадмыг нийтээрээ дэнж хотойтол нижгэр сайхан тэмдэглэн өнгөрөөдөг. Эрийн гурван наадам гэдэг Монгол туургатны өвөрмөц онцлог, ёс уламжлалыг гадаад дотоодын олон түмэнд таниулдаг соёлын нэгээхэн хэсэг юм.

Эрийн гурван наадмын нэг болох хурдан морины уралдааныг наадамчин олон уухайлан дээдэлж, тэр жилийнхээ л өнгө зүс, хийморь лүндээг даатган боддог. Эрт үеэсээ л уралдааны морийг хүүхэд багачууд унаж, уралдаж ирсэн. Хамгаалалтын хувцас, хүүхдийн даатгал гэх мэт хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, арга хэмжээ авдаг. Энэ нь тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч байна уу гэвэл мэдээж тийм. Гэвч жил бүр л хурдан мориноос унаж бэртсэн хүүхдүүд их байдаг.

ВИДЕО:

Монгол Улс нь НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт зэрэг олон улсын хүний ​​эрхийн тухай суурь гэрээ, конвенцод нэгдсэн орсон НҮБ-ын гишүүн улс болохын хувьд хүүхдийн эрхийг хамгаалах, сурталчлан таниулахдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн байдаг. Энэ үүднээс олон ч хууль конвенцүүдийг баталж, судалж ирсэн.

Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 182 дугаар конвенцод Монгол Улс нэгдсэн орсноос хойш хорин жилийн хугацаанд монгол хүүхэд бүрийг хүүхдийн хөдөлмөрөөс, тэр дундаа аюулгүй байдал, эрүүл мэнд, ёс суртахуунд нь хохирол учруулж болзошгүй бүх төрлийн хөдөлмөр эрхлэхээс хуулийн хүрээнд хамгаалсан юм.

Энэ мэтчилэн хуулийн хүрээнд хүүхдийн эрхийг сайтар хамгаалдаг. Харин эрүүл мэндийн талаас тавьж буй анхаарал хангалтгүй байгааг тоон статистик харуулна. 2023 оны эхний долоон сарын байдлаар мориноос унасан нийт 988 иргэн тусламж үйлчилгээ авсан бөгөөд уралдааны мориноос 60, энгийн мориноос 928 хүн унаж бэртсэнээс хүүхэд 441 байна.

Улс бүсийн Баяр наадмын үеэр буюу Зөвхөн долдугаар сард мориноос унасан нийт 365 хүн байна. Үүнээс уралдааны мориноос 35 ,энгийн мориноос 326 хүн унаж бэртсэн бөгөөд үүний 197 нь хүүхэд байна.

Тиймээс бид энэ удаад Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн яаралтай тусламжийн их эмч М.Тулгатай уулзаж, энэ хэчнээн хүүхэд мориноос унаж бэртсэн болон ихэвчлэн ямар бэртэлтэй ирдэг, хэр хүнд бэртсэн зэргийг тодруулан ярилцлаа. 

- Энэ жил Үндэсний их баяр наадам, аймгуудын түүхт 100 жилийн наадмууд нижгэр сайхан болж өнгөрлөө. Энэхүү баяр наадмын өдрүүдэд хурдан мориноос унаж бэртсэн асуумжтай хэчнээн хүүхэд ирсэн бэ? 

Сүүлийн үед гэхээсээ илүүтэйгээр зуны улирал, тэр дундаа баяр наадмын үетэй холбоотой мориноос унаж бэртсэн асуумжтай нэлээд олон хүн ирлээ. Тодруулбал, долдугаар сарын байдлаар нийтдээ 365 хүн мориноос унасан асуумжтайгаар ГССҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт анхан шатны тусламж авсан байна. Үүнээс хүүхэд 197 байна.

- Үүнээс нас барсан тохиолдол байгаа болов уу?

Маш хүнд гэмтэлтэй хүүхдүүд ирдэг. Тэр дундаас яг нас барсан тоон статистик мэдээлэл одоогоор надад ирээгүй байна. Гэхдээ зөвхөн долоон сардаа биш юмаа гэхэд он гарснаас хойш нас барсан тохиолдол байгаа. Хүүхэд гэлтгүй, бас том хүн ч бас бий.

- Яаж унаснаасаа шалтгаалаад мэдээж өөр өөр бэртэлтэй байдаг байх. Ихэвчлэн ямар бэртэлтэй хүүхдүүд их юм бол?

Хавсарсан хүнд гэмтэлтэй хүн ирж байна, гавал тархины хүнд гэмтэлтэй хүн ирж байна. Дан ганц үе мөчний хугаралтай хүн ч ирдэг. Гэмтэл нь харилцан адилгүй. Мөн энгийн мориноос унасан уу? хурдан мориноос унасан уу? унахдаа ямар газар унасан? Өөр нөлөөлөх зүйл байсан гэх мэтчилэн шалтгаанууд харилцан адилгүй. Үүнээс хамаараад гэмтлүүд нь ч харилцан адилгүй.

- ГССҮТ-ээс гол төлөв ямар тусламж үйлчилгээ үзүүлж ажиллаж байна? Бас аймгуудын 100 жилийн ой болж өнгөрлөө. Ер нь аймаг сумдуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ баяр наадмын үеэр хэр хүртээмжтэй байдаг вэ?

Манай дээр үзүүлж буй анхан шатны тусламжуудаас хамгийн эхэнд оношилгоо авна. Онишилгоон дээр гарсан өөрчлөлттэй холбоотойгоор эмчилгээг нь сонгож явдаг. Сая Архангай, Төв аймаг гээд л бүх аймгийн л 100 жилийн ой боллоо шүү дээ.

Аймаг болгоны гэмтлийн эмч нар, яаралтай түргэн тусламжийнхаа багтайгаа тухайн бүс нутагт ажилладаг.

Бэртэж гэмтсэн хүүхдүүдэд анхан шатны тусламж үзүүлж, шаардлагатай бол эмнэлэгтээ хэвтүүлдэг. Бүр шаардлагатай бол ГГСҮТ рүү телепитицинээр эмч нараас зөвлөгөө аваад зөөвөрлөх шаардлагатай бол зөөвөрлөдөг.

- Хүүхдүүдийг бэртэж гэмтэхэд голчлон юу нөлөөлж байна. Мөн цаашдаа ямар арга хэмжээ авбал эрүүл мэнд талаасаа илүү үр дүнтэй вэ?

Хамгаалалтын хувцасны чанар маш сайн байх хэрэгтэй. Чанар муу байгаагаас хүүхдүүд бэртэл авах нь олонтаа. Мөн насанд хүрэгчдийн хараа хяналт чухал байна. Аюулгүй орчин бүрдүүлэх нь маш чухал. Үндэсний баярыг ямар хийхээ зогсооё гэлтэй нь биш. Урьдчилан сэргийлэх л байдлаар арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Аюулгүйн өмсгөлийг бүрэн хангаж, чанартай сайн хийх хэрэгтэй. Иймэрхүү арга хэмжээг авбал ядаж л хүнд бэртлээс сэргийлнэ.




Өнөөдөр морь өдөр

14 цагийн өмнө