У.Цэвэгсүрэн: Японд монгол гэр барин, мал маллаж гурван жил амьдарсан. Монголын аж ахуй, зан заншлыг гаднынхан их сонирхдог /ВИДЕО/

У.Цэвэгсүрэн: Японд монгол гэр барин, мал маллаж гурван жил амьдарсан. Монголын аж ахуй, зан заншлыг гаднынхан их сонирхдог /ВИДЕО/

Арлын япон улсад эх орноо санахын эрхэнд сэтгэлдээ монголоо ойртуулахын тулд монгол гэрт амьдрах санааг олж, төрсөн гэр шигээ тохижуулан амьдарсан мужаан У.Цэвэгсүрэнтэй бид ярилцлаа. Өдгөө тэрбээр 31 настай бөгөөд эх орноо хөгжүүлэх оргилуун их хүсэл тээж явдаг нь илхнээ. Ярилцлагын үеэрээ эх орон, ижий, гэр бүлээ санах шиг хэцүү зүйл хаа ч байхгүй талаараа хуваалцсан юм.

ВИДЕО:

-Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу. Өөрийгөө манай үзэгч, уншигчдад танилцуулаач?

-Сайн байна уу. Намайг У.Цэвэгсүрэн гэдэг. Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат. Одоо 31 настай.

-Таныг япон улсад сүм хийдийн засвар, дизайны чиглэлээр суралцаж төгссөн гэх юм билээ. Монголд хэр эрэлттэй мэргэжил юм бэ?

-Анх 2013 онд Японд сүм хийдийн засвар, дизайны чиглэлээр суралцаж, мэргэших зорилгоор очиж байлаа. Миний хувьд багаасаа л модыг бүрэн боловсруулж сурах сонирхолтой байсан. Арван жилд технологийн хичээлдээ дуртай учраас мод болон ясаар сонирхсон зүйлээ хийж, бие даасан үзэсгэлэнгээ хүртэл гаргаж байсан үе бий. Японд “мияа дайкү” мэргэжлээр “Ikui kenchikui” гэх компанид дадлагажигч хийж байсан даа. Монголд энэ мэргэжлээр ажиллах нөхцөл бололцооны хувьд Гандантэгчэнлин хийд эсвэл өөр эртний барилгыг сэргээн засварлах ажил хийж болно л доо. Гэхдээ үнэ хөлс гээд л сэтгэлээрээ тусалж дэмжээд өгөх хүн байхгүй болов уу гэж хардаг. Одоогоор миний чиглэлээр Японд сураад, дадлагажаад ирсэн хүн гэвэл надтай нийлээд хоёрхон л байгаа байх. Тус улсдаа баригдаад 800 жил болсон сүмд засвар хийж, дуусгаад эх орондоо ирж байсан юм.

-Таны хувьд эх нутгаа санаад гаднын улсад монгол гэрээ барин, мал маллаж байсан гэх. Монголчууд яахав гаднын улсад эх орноо санаж л байдаг. Тэр бүр гэр бариад бүр мал маллаад амьдрах нь цөөхөн шүү дээ. Энэ талаараа сонирхуулаач?

-Дөнгөж 20 гарсан залуу харийн нутагт эх нутгаа санах бол байх л зүйл. Тухайн үед хүний нутагт оччихсон, хавь ойрд ойрхон Монгол хүн байгаагүй. Ярилцах ч хүн цөөн. Аз болж миний очсон компанид музейгээс дурсгаж байсан монгол гэр байсан юм. Тэр нь жаахан салхи шуурганд гандчихсан байсныг засаж янзлаад барьж амьдарсан.

Мал маллаж байсан ч юу байх вэ. Гэрээ бариад байж байтал захирал багш маань намайг нутгаа санаад байгааг гадарласан уу яасан “манайд нэг ямаа байгаа чи авах уу” гэхээр нь тариалангийн талбайг нь түрээсэлж ямаагаа бэлчээдэг болсон. Өнөө ямаа нь ирэхдээ хээлтэй ирж таараад ишиглээд ам бүл олуулаа болсон доо. /инээв/ Энэ нь ч надад их дэм болсон. Тухайн үед нутгаа санасан монголчуудаас гадна монгол ахуйг сонирхсон Япон иргэд үе үе зочилдог. Нэг удаа хоёр ӨвөрМонгол иргэн манайд ирье гэж гуйгаад ирж байсан юм.

Тэгэхэд гэрийнхээ хоймор дахь авдар дээрээ Чингис хааныхаа хөргийг тавьчихсан байсан. Хаалгаар орж ирээд үүднээс авхуулж сунаж мөргөсөөр байгаад яг хааны өмнө нь очоод 108 сунаж мөргөөд босож ирж билээ. Бас л агуу соёлтой байгаа биз.

Манай монголчууд бол тийм юм байхгүй шүү дээ. Чингис хаан бол Чингис. Ямар сайндаа архи дээрээ Чингисийнхээ хөргийг тавьчихсан байх вэ.Тэгэхэд л Өвөр Монголчуудыг их биширсэн.

У.Цэвэгсүрэн

-Гадынханд өөрсдийн өв уламжлал, зан заншлыг ихэд түгээж байжээ дээ. Монгол гэрт амьдрахад уур амьсгал, газар зүйн байдлаасаа шалтгаалж гарч байсан хүндрэл байв уу?

-Ирсэн хүмүүст нь Монгол гэрийн бүтэц, угсарч барьдаг учраас газар хөдлөлтөд маш тэсвэртэй гэх талаас нь сурталчилж л байсан. Манай монгол гэр чинь эсгий гэр гэж явдаг шүү дээ. Тэгэхээр гадаадад ялангуяа Японд эсгий туурга, бүрээс бол жаахан хэцүү. Хөгцрөх аюултай. Энэ ч утгаараа ус чийг, нар салхинд тэсвэртэй материалаар бүрээс туурга хийх л жаахан хүндрэлтэй байсан даа.

-Орон орны онцлог гэж байдаг. Ялангуяа япончуудтай бид өөрсдийгөө ч их харьцуулж жишдэг шүү дээ. Харин Япон үндэстний хувьд биднийг хэрхэн хардаг бол?

-Монгол, Япон хоёрын хооронд ялгаа нь ердөө цаг барихад л байгаад байх шиг санагдсан. Манай монголчууд цаг барих юм гэж ерөөсөө байхгүй. Үдээс өмнө, үдээс хойш гэсэн хоёрхон цагтай.

Бас манай багш надад хэлж байсан юм. Танай монголчууд тархиа залхуурахдаа биш хийж бүтээхдээ зарцуулбал маш хурдан хөгжинө гэж.

Тэгэхээр нь би “яагаад манай монголчууд залхуу байтлаа танай улсад ингэж ирээд л ажил хийгээд яваад байдаг юм уу ажилсаг байгаа биз дээ” гэсэн чинь над дээр жишээ авч байгаа юм л даа. Би яахав тухайн үед үйлдвэр дээр ажилладаг байхдаа энэ тэнд байсан дөрөв таван багажийг нийлүүлээд дөрвөн өдрийн турш дөрвөн японы хийх ёстой ажлыг нэг өдөрт ганцаархнаа дуусгачихсан чинь намайг дуудаад л “чи яагаад ингэсэн юм” гээд л асуухаар нь хурдан юмаа хийж дуусгах гээд. Цаг айхтар хэмнэж байгаа биздээ гэж хэлтэл “Яг үнэндээ чи цаг хугацааг хэмнэх биш энэ хооронд алхахаасаа залхуураад багажуудаа ингээд тавьчихсан шүү дээ” гэж байгаа байхгүй юу. Энэ мэт түүхүүд бий бий. Гэхдээ монголчуудын энэ занд ч их дуртай. Намайг буцаж ирж ажиллаарай гээд их сайхан үдэж өгсөн дөө.

У.Цэвэгсүрэн

-Цаашдаа юу хийх төлөвлөгөөтэй байна вэ?

-Одоо миний хувьд тавилгын чиглэлээр хувиараа бизнес эрхлээд л явж байна. Өмнө нь Онцгой байдлын албанд ажилладаг байсан. Цаашдын зорилго бол Монгол Улсдаа номер нэг модны үйлдвэртэй болно гэсэн том зорилго тавьчхаад ажиллаж байна даа.

-Ярилцсанд баярлалаа.

У.Цэвэгсүрэн




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө