ХИЛЧИН БҮСГҮЙЧҮҮД: “Буу үүрч хил зөрчигч илрүүлж байгаагүй ч бүх амьдралаа хилийн заставдаа зориулсан” /ВИДЕО/

ХИЛЧИН БҮСГҮЙЧҮҮД: “Буу үүрч хил зөрчигч илрүүлж байгаагүй ч бүх амьдралаа хилийн заставдаа зориулсан” /ВИДЕО/

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг өмнө нь олон улсын ажилчин эмэгтэйчүүдийн өдөр хэмээн нэрлэдэг байжээ. Улс орнууд энэ өдрийг бүх нийтийн баярын өдөр болгон тэмдэглэх болж, эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгэм, гэр бүлдээ эзлэх байр суурийг бэхжүүлэхэд чиглэсэн олон талт нөлөөллийн ажил зохион байгуулдаг. Бид энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын торгон хилийг хамгаалахад томоохон үүрэг гүйцэтгэн, алба хашиж буй хилчин бүсгүйчүүдийг онцолж байна. Баян-Өлгий аймаг дахь хилийн цэргийн 165 дугаар ангийн Эрүүл мэндийн төвийн дүн бүртгэгч бага эмч, ахмад В.Цэрэндулам болон Дорнод аймгийн хилийн 0132 дугаар ангийн бараа материалын нярав Т.Мөнгөнтуул нартай ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

"ЗАСТАВЫН ДАРГЫНХАА МОТОЦИКЛИЙН АРД СУУЖ ЯВААД ХЭДЭН БОР ЦЭРГҮҮДИЙНХЭЭ СЭТГЭЛ САНААГ ДЭМЖИЖ, ЯРИЛЦДАГ БАЙСАН МИНЬ ХАМГИЙН САЙХАН ДУРСАМЖ..."

-Сайн байцгаана уу. Үзэгч, уншигчдадаа өөрсдийгөө танилцуулахгүй юу?

В.Цэрэндулам: Сайн байна уу. Намайг В.Цэрэндулам гэдэг. Хил хамгаалах байгууллагат 15 жил ажиллаж байна. Баян-Өлгий аймаг дахь хилийн цэргийн 0165 дугаар ангийн Эрүүл мэндийн төвийн дүн бүртгэгч бага эмч, ахмад цолтой.

Т.Мөнгөнтуул: Сайн байна уу. Намайг Т.Мөнгөнтуул гэдэг. Дорнод аймгийн хилийн 0132-р ангийн бараа материалын нярваар ажиллаж байна. Хил хамгаалах байгууллагат нийтдээ 27 дахь жилдээ ажиллаж байгаа.

-Хилийн цэрэгт эмэгтэй хүн ажиллан гэдэг амаргүй зүйл. Анх энэхүү салбарт хэрхэн орж байсан түүхээсээ хуваалцаач?

В.Цэрэндулам: Миний хувьд анх Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт статистик мэдээллийн тасгийн эрхлэгч эмчээр ажиллаж байгаад нөхөртэйгөө танилцаж байсан. Хилчин нөхөртэй болоод энэ салбарт өөрийн биеэр ажиллаж эхэлсэн. Одоо бодоход хилчин бүсгүй болсноороо маш их бахархдаг. Ажиллаж байгаа салбартаа өөрийгөө томоохон хувь нэмэр оруулсан гэж боддог. /инээв/  Хилийн 0130, 0166, 0214, 0165 дугаар ангиудын эрүүл мэндийн төвд дүн бүртгэгч бага эмчээр ажиллахдаа тусгай зөвшөөрөл болон магадлан итгэмжлэлээр ажилласан.

Т.Мөнгөнтуул: Би 1993 онд хил хамгаалах байгууллагатай амьдралаа холбосон. Хуучнаар ЗХУ-д сургуулиа төгсөж эх орондоо ирээд нөхөртэйгөө танилцаад гэр бүл болж, хилийн заставд буюу хилийн 0146 дугаар ангийн бичигтийн заставд ажиллаж эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш чадахгүй мэдэхгүй зүйл зөндөө л байлаа. Хилийн цэргийн тогоонд чанагдсанаас хойш амьдралын сургуульд суралцаж өдийг хүрсэн. Нийт 27 жил ажиллахдаа 17 жилд нь эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргын албан тушаалыг 0132 дугаар ангидаа хашиж өдийг хүрлээ. Эмэгтэйчүүдийн зөвлөлийн ажлыг бол өөрийн санаачлаг, хүсэл зорилгын дагуу сонгуульт ажлыг хийж эхэлсэн. Энэ нь эх, хүүхэд, эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх мөн хугацаат цэргийн алба хаагчдадаа ээжийнх нь оронд ээж, эгчийнх нь оронд эгч болж сэтгэл санааг нь дэмжих зорилгоор, ар гэр ахуй тохижилтод нь оролцож дэмжих гол зорилготой. Хилийн цэргийн амьдрал гэдэг бол чадахгүй зүйл их гардаг. Тэр болгоныг өдий хүртлээ суралцаж явсан.

-Хилийн цэргийн анги гэхээр бусад цэргийн ангиас мэдээж ялгаа их. Эх орныхоо торгон хилийн манаанд гарсан эр цэргүүдээ дэмжиж, ар тал болдог эмэгтэйчүүдээрээ бахархахгүй байхын аргагүй. Энэ ч утгаараа үүргээ гүйцэтгэж явахад сонин содон олон ч зүйлтэй тулгарч байсан байх. Жишээ дурдаач?

Т.Мөнгөнтуул: Би бол ариун цэврийн зааварлагчийн ажлыг хилийн заставд хийж явлаа. Долоо хоногтоо заставын даргынхаа мотоциклийн ард суугаад юм уу эсвэл морьтой хилийн харуулуудаа харахаар явдаг байсан юм. Ингэхдээ хэдэн бор цэргүүдийнхээ сэтгэл санааг дэмжиж, ярилцдаг байлаа. Гэхдээ тухайн үед залуу байсныг хэлэх үү өөрөө айх, сүрдэх мэдрэмжийг их авч байж...

В.Цэрэндулам: Миний хувьд гурав, дөрвөн ч удаа ажлаас гадуур хүний амь нас аварч байсан тохиолдол бий.

“ХАМГИЙН БАГА НЬ ХОЁР САРТАЙ, ХАМГИЙН АХМАД НЬ 73 НАСТАЙ ДҮРВЭГЧ ХИЛ ЗӨРЧИН ОРЖ ИРЖ БАЙСАН”

-Магадгүй урд, хойд хөрш болон БНАСАУ-аас дүрвэгчид орж ирэх тохиолдол ч манай улсад нэлээдгүй гардаг байсан байх. Хил зөрчигчтэй холбоотой дурсамжаасаа сонирхуулаач?

Т.Мөнгөнтуул: Миний санаж байгаа нь 2001 билүү 2002 онд 72 хил зөрчигч орж ирж байсан удаатай. Хамгийн бага нь хоёр сартай, хамгийн ахмад нь 72,73 настай Хойд Солонгосоос дүрвэж орж ирж байсан. Тэрхүү хил зөрчигчид орж ирэхээр хоёр улсын яриа хэлэлцээр гээд нарийн зүйл их байсан л даа. Тухайн үед бид хоол хийж өгнө.

Цуйван, гурилтай хоол ч юм уу хийгээд өгөхөөр өөр улсын хүмүүс идэхгүй. Тэгэхээр нь тэр үед дахуван гэдэг бэлэн хоол гарч байсан юм даг. Тэрийг нь аваад саримстай чанаад өгөхөд хөлсөө гартал идсэн юм. Тухайн үед би “энэ улсууд шөлтэй, махтай хоол идчихсэн юм шиг шүдээ чигчлээд байх юм” гэж их гайхаж билээ.

В.Цэрэндулам: Надад бол өөрийн биеэр илрүүлж байсан хилийн зөрчил байхгүй. Миний ажилладаг мэргэжил өөр гэхдээ хилийн зөрчлийг илрүүлж байсан байсан олон тохиолдлуудыг өөрийн нүдээр харж байсан. Нэг тохиолдол ярихад намайг бага байхад миний ах бас хилчин хүн байсан. Ахлагч В.Цэрэндорж гээд. Хилчин хүний зөн совин байдаг л даа. Ах маань хилийн 0165 дугаар ангид харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байх явцдаа өглөө эрт дөнгөж босоод ийш тийшээ хараад мал амьтны хөдөлгөөн юу байна гээд байж байтал “нэг жижиг морьтой хүн явж байсныг харсан байгаа юм” нэг л биш байгааг шууд л мэдсэн гэх үү дээ. Тэгж хүртэл санамсаргүй тохиолдлоор хил зөрчигчийг илрүүлж байсан тохиолдол бий.

Энэ ташрамд мөн нөхрөө дурсаж яримаар байна. Миний нөхөр гаалийн ерөнхий газрын байцаагчаар ажиллаж байгаад ноднин өвчний улмаас тэнгэрт дэвшсэн. Тэр минь энгийн цэргийн л хүн байсан. Нөхрөөсөө олон ч зүйл сурсан. Анх танилцахад л ажлаа үргэлж нэгт тавьдаг хүн байсан. Хаа ч явсан утас, станц хоёроосоо салдаггүй байсныг санаж байна. Шуурхай дуудаж магадгүй гээд л... Тэр хүний номер нэгт тавьдаг байсан зүйл бол хил хамгаалалт, эх орны дархан хил. Ар гэр, аав ээжээ мэдээж хайрлана л даа гэсэн хэдий ч эх орныхоо төлөө ажилласаар ирсэн бахархам хүн.

-Сүүлийн үед хил дээр ажиллах эмэгтэйчүүдийн тоо харьцангуй буураад байгаа зүйл ажиглагдаж байна. Энэ тал дээр та бүгд юу гэж харж байна вэ?

- Т.Мөнгөнтуул: Тийм. Нийгмээ дагаад залуучууд хөдөө орон нутагт ажиллахаа больчхоод байна. Хилийн заставд дөнгөж төгсөөд томилогдоод ирж байгаа дэслэгч нар өөрсдийн чин хүсэлтээр ирж байгаа тохиолдолд гэр бүлийнхээ хүнтэй цуг байвал тэр хүн ажлаа тайван хийнэ шүү дээ. Гэтэл гэр бүлийн хүмүүс нь дор бүрнээ өөр өөрсдийн гэсэн мэргэжилтэй, ажилтай хүмүүс шүү дээ. Эсвэл нөхрөө дагаад очсон эхнэр нь тогооч, ариун цэврийн зааварлагч, угаагч, оёдолчин, саальчин л хийж таарна. Гэтэл өөрсдийн гэсэн мэргэжлээрээ ажиллах сонирхолтой байх жишээний. Мөн хүүхэдтэй хүмүүст хүүхдийг хэн харах вэ, хичээл сургууль яах вэ гэдгээс эхлээд маш их асуудал тулгамддаг. Үр хүүхэд, гэр бүлээсээ хол хүмүүсээс ажлын амжилт гэдэг зүйл бага гардаг. Тэрнээс улбаалан төв рүү орох хүсэлтэй болдог. Өмнөх үеэ бодвол нийгмээ дагаад харьцангуй энэ төрлийн асуудлыг шийдвэрлэх асуудал дээр хил хамгаалах байгууллага ажиллаж байгаа. Сүүлийн үед 2022 оноос хойш гэрээт хилчин гэж цэргийн болгоод эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг маш их дэмжиж шийдвэрлэж өгч байна.

-Та саяхан ээжийнх нь оронд ээж, эгчийнх нь оронд эгч байдаг тухай ярьсан шүү дээ. Цэрэгт татагдаад, хилийн ангид томилогдоод очсон залуусын сэтгэл зүйн байдал хэр ажиглагддаг вэ?

Т.Мөнгөнтуул: Цэрэг гэдэг бол бид нарын хүүхдүүд. Аав ээжийнхээ гараас гараад л эх орны хүүхэд болоод ирж байна шүү дээ. Тэгэхээр бид аавынх нь оронд аав, ээжийнх нь оронд ээж болж л төлөвшүүлж, эх орны хүн болгохоор ажилладаг байсан.

В.Цэрэндулам: Би хэчнээн мөрдөс зүүсэн цэргийн офицер ч гэсэн дандаа миний хүү, миний дүү гэж ярьдаг. Яагаад гэвэл би тэдний хувьд ээж шиг, эгч шиг нь ойр дотно байхыг хичээдэг. Цэргүүдийн анх ирсэн сэтгэгдэл бол хэцүү байна гээд сэтгэлээр унасан ч юмуу тиймэрхүү байдалтай ирдэг харин халагдаад явахдаа уйлаад явдаг. Олон ч удаагийн цэргийг хүлээж авч байна, анх ирсэн сэтгэгдэл, халагдаад явах сэтгэгдэл хоёр газар тэнгэр шиг ялгаатай болоод явдаг.

Т.Мөнгөнтуул: Дорнод аймгийн хурандаа н.Гантөмөр захирагчтай хилийн 0132 дугаар ангийнхаа эмэгтэйчүүд болон монголынхоо бүх сайхан эмэгтэйчүүддээ ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд дэвшүүлье.

-Ярилцсанд баярлалаа.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө