С.Отгонбаяр: Аймшгийн цирк бол энгийн циркээс тэс өөр. “Squad game” киноноос санаа авсан үзүүлбэр үзэгчдэд их хүрсэн

С.Отгонбаяр: Аймшгийн цирк бол энгийн циркээс тэс өөр. “Squad game” киноноос санаа авсан үзүүлбэр үзэгчдэд их хүрсэн

Монголын цирк 1934 онд үүсгэн байгуулагдаад 90 орчим жил хөгжиж байна. 130 гаруй оронд монголын циркийн жүжигчид аялан тоглож, дэлхий даяар алдар нэр хүртжээ. Тэгвэл Чех улсад өөрийн авьяас чадвараа үнэлүүлж, “OHANA Horor” хэмээх аймшгийн циркт жүжигчнээр ажиллан Монголынхоо нэрийг өндөрт гаргаж буй С.Отгонбаяртай ярилцлаа.

ВИДЕО:

-Сайн байна уу. Үзэгч, уншигчдадаа өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу намайг С.Отгонбаяр гэдэг. Одоогоор нөхөр хүүхдийн хамт Чех улсын Pardubice гэдэг хотод амьдарч, үндэсний гурав дахь циркт нь ажиллаж байгаа.

-Таны хувьд циркийн жүжигчний гараагаа анх хэзээ, хэрхэн эхэлж байв?

-Анх 2005 онд Монголын циркт орж байсан санагдаж байна. Улсаас дэмжлэг үзүүлдэггүй, цалин мөнгө гээд л нэлээн олон асуудал гарч байсан шүү дээ. Иймд чадварлаг уран бүтээлчид маань өөрсдийн чаддаг зүйлээ үнэлүүлэхээр гаднын улсыг их зорих болсон. Энэ ч утгаараа гэр бүлийн хамт Чех улсад циркийн үзүүлбэрээ үзүүлж, монголынхоо нэрийг гаргахаар зорьж ирж байсан юм. 2018 оноос тогтмол ОУ-д ажиллаж өөрийн хувийн карьераа хөөж эхэлсэн гэх үү дээ.

-Одоо ажиллаж байгаа аймшгийн циркийнхээ тухай танилцуулаач?

-Яг одоо миний ажиллаж байгаа цирк маань аймшгийн цирк байгаа юм. “OHANA Horor Cirkus” гэдэг нэртэй. Энэ цирк маань гэр бүлийн цирк гэж явдаг. Гадаад жүжигчин гэвэл ганц би л байна. Манай тоглолтын ерөнхий утга агуулга нэлээн хүнд металл хөгжмийг ашигласан, рок төрлийн тавилтуудтай. Мэдээж аймшгийн гэдэг утгаа дагаад гоё сайхан будаггүй, жаахан хүүхдүүдэд тоглогдохгүй. 10-аас дээш насны тэгээд том хүмүүст тоглогддог шоу байгаа юм.

-Гадаад тэр тусмаа Монгол жүжигчин гэхээр хэрхэн хүлээж авдаг вэ?

-Мэдээж би чинь Чехэд тэс өөр хүн шүү дээ. Ази тэр тусмаа Монгол хүн гэдэг утгаараа их өндөр хүлээлт тавьдаг гэж хэлж болно. Би энэ циркт хоёр агаарын номероо тоглож байгаа. Агаарын цагариг болон агаарын алчуур гэж нэрлэгддэг. Мөн хоёр төрлийн бүжиг бүжиглэж байна.

-Аймшгийн цирк гэхээр их содон сонин санагдаж байна. Үзэгчид хэрхэн хүлээж авч байна?

-Залуучуудын хувьд, ер нь ирж үзэж байгаа хүмүүсийн хувьд сэтгэгдэл маш их өндөртэй. Агаарын номер бол энгийн биш өдөр тутмын байнгын бэлтгэл шаардагддаг. Манайх жил бүр хөтөлбөрөө шинэчилж явдаг. Энэ ч утгаараа ноднин “Squad game” гэдэг киноноос санаа аваад тоглолтоо тавьж байсан. Үзэгчдэд бол маш их хандалт өндөртэй номер болсон. Энэ жил “сүүлчийн амьсгал” гэсэн нэртэй тоглолтоо үзэгчдийн хүртээл болгож байгаа. Мөн л сэтгэгдэлд нь их хүрсэн.

-Таны хувьд өөр орны циркүүдэд бас ажиллаж байсан байх. Ямар ямар оронд ажиллаж байв. Хооронд дахь ялгаа нь яг юу байна вэ?

-Миний хувьд 2018 оноос хойш тогтмол ОУ-ын циркүүдэд тоглолтоо хийгээд явж байгаа. Итали, Испани, Герман, Франц, усан онгоцуудаар тоглож байсан Дубай, Доминикан, Перу гээд л ер нь их сонин сонин улсуудаар бас тоглолтоо хийж байсан. Үзэгчид их сайхан хүлээж авдаг шүү. Гэхдээ хаана тоглож байгаагаасаа үзэгчдийн хүлээж авах өнцөг их хамаардаг.

Жишээлбэл, таван одтой зочид буудалд үзэж байгаа хүмүүс бол нэлээн юмыг үзээд тайван алга ташиж байгаа нь хүртэл жаахан намуухан байдаг. Их зантай хүмүүс үздэг байхгүй юу. Дөрөв, гурав, хоёр одтой тиймэрхүү зочид буудлын тоглолт үзэж байгаа хүмүүс бол мэдээж залуучууд их, найз нөхдөөрөө бөөнөөрөө явж байгаа ч юм уу тиймэрхүү хүмүүс үздэг учраас аягүй их эрч хүчтэй аймар огшиж үзэж алга ташилтыг нэлээн сайн өгдөг.

-Цаашдаа монголдоо ирж тоглолтоо тавих бодол байгаа юу?

-Циркийн урлаг чинь залуу насны урлаг.Чаддаг байгаа дээрээ хийж байдаг тийм л урлаг байхгүй юу.Чадаж байгаа дээрээ хүн өөрийгөө үнэлүүлээд явах хэрэгтэй гэж боддог. Ирээдүйг хэлж мэдэхгүй байгаа ч монголдоо мэдээж очно.

-Ярилцсанд баярлалаа.