Асрамжийн газраас бяцхан охин бор дарсанд хөлчүүрхэн яваа ээждээ хандан чин сэтгэлийн үгээ бичин захидал илгээн сууна. Тэрхүү охины захидал ээжид нь очихгүй байгааг тэрээр мэдэхгүй бичсээр суугаа аж. Асрамжийн газрын багш нартаа “ээжид минь өгөөрэй” гээд зөндөө захидал өгдөг гэх. Харин багш нар нь захиа илгээх гэхээр ээж, аавынх нь хаяг тодорхойгүй байдаг учраас тэр бүр илгээх боломжгүй байдаг ажээ.
Монгол улсад бүтэн өнчин хүүхэд байнгын амьдардаг ганцхан асрамжийн газар Монгол улсад бий. “Өнөр бүл” гэх асрамжийн газарт аав, ээжтэй хүүхдүүд 30 гаруй байдаг аж. Тэдгээр бага насны хүүхдүүдийн аав, ээж нь нас барсан, архины бүрэн хамааралтай учраас хүүхдээ харгалзах чадваргүй, аав, ээж нь өөр амьдрал зохиогоод хүүхдээ орхиод явчихсан. Мөн гэмт хэрэг зөрчил удаа дараа үйлдэж хүүхдээ гэр бүлийн хүчирхийлэл дунд буюу эрсдэлтэй орчинд байлгасан гэх зэрэг олон шалтгаанаар аав, ээж байх эрхээ хасуулсан байдаг юм байна.
Гэхдээ хүүхдүүд аав, ээж нь хэзээ нэгэн цагт ирж авна гэсэн итгэл найдвар дүүрэн хүлээж суудаг. Мөн тэд өдөр бүр ээж, аавдаа хандан захидал бичиж, хариу ирэхийг нь хүлээн суудаг байна.
Монгол улсад одоогийн байдлаар мөрдөгдөж байгаа Гэр бүлийн тухай хуулинд хүүхдээ санаатай болон санамсаргүй байдлаар хаяж явсан тохиолдолд цаашлаад ээж, аав байх эрхийг нь хасах заалттай. Мөн гэмт хэргийн шинжгүй бол Зөрчлийн тухай хуулиар торгоод л өнгөрдөг. Үүний цаана эцэг, эхээ санан гансрах бяцхан хүүхдүүд хохирч үлдсээр байна.