Польшийн нийслэл Варшав хотын цагдаагийн ажилтнууд Интерполын Улаан булангаар эрэн сурвалжилж байсан 50 настай Монгол иргэнийг саатуулсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Уг монгол иргэнийг зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг удирдсан хэргээр эрэн сурвалжилж байсан бөгөөд Варшавын Эрэн хайх газрын алба хаагчид 50 настай монгол эрэгтэйг Варшавын Шродмешье дүүргийн орон сууцанд нуугдаж байхад нь баривчилсан аж. Уг этгээд нь хуурамч монгол паспорт, хуурамч Испанийн оршин суух үнэмлэх ашиглаж байсан бөгөөд баримт бичигт нэр нь бичигдсэн хүн цагдаагийн мэдээллийн системд бүртгэгдээгүй байжээ.

Шалгалтын үеэр цагдаа нар банкны картуудыг нь олж, хураан авсан бөгөөд Монголын иргэн үүнийг хэрхэн олж авснаа тайлбарлаагүй байна. Мөн түүний гэрээс хугацаа нь дууссан Польшийн түр оршин суух үнэмлэх олджээ. Улмаар Монгол иргэнийг Польшийн цагдаагийн байгууллагад саатуулж байгаа бөгөөд Монгол руу шилжүүлэн өгөх ажиллагаа эхлүүлэхээр прокурорын газарт авчирсан байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Эх сурвалж: RMF 24/Польшийн хэвлэл/