УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хуулийн заалтуудыг тодорхой болгох шаардлагатай байгаа талаар санал хэллээ.
Тэрбээр, “Хуулийн эрх олгосон юм уу эсвэл нэмэлт шаардлага тавьсан заалтууд хуульдаа нэн тодорхой бичигдэх нь хоёр талын ач холбогдолтой байгаа юм. Нэг талаас гадаадын хөрөнгө оруулагч, дотоодын хөрөнгө оруулагч буюу хөрөнгөө оруулсан тэр хүнийг аливаа төрийн шийдвэр гаргаж байгаа байгууллага, албан тушаалтны дур зоргоос хамгаалах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хууль ерөнхий байвал тэр ерөнхий хууль дээр эрх бүхий байгууллага, албан тушаалтан дураараа хуулийг тайлбарлаж, нэмэлт бичиг баримт шаардаж авлига үүсдэг. Хөрөнгө оруулагчаа эрсдэлд оруулдаг асуудал гардаг. Мөн хууль ерөнхий байх тусмаа түүн дээр шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтан хуулийн байгууллагад албан тушаалын байдлаа урвуулан ашигласан. Эрх мэдлээ хэтрүүлсэн гэдэг авлига албан тушаалын хэрэгт чирэгдэх, хонгилдуулах уут бий болгодог. Тиймээс нэг талаар хөрөнгө оруулагчийг нөгөө талаас шийдвэр гаргаж байгаа албан тушаалтныг хамгаалахын тулд хуулийн шаардлага, заалтууд тодорхой байлгах ёстой.
Жишээлбэл, өнөөдөр хэлэлцэж буй хуулийн 19 дахь саналын томьёолол буюу энэ хуулийн 18-ын 2-т хөрөнгө оруулалтын байх тусгай зөвшөөрлийн асуудлыг Монгол банк шийдвэрлэхдээ дараах байдлаар бичсэн байгаа юм. "Хэрэв нэмэлт баримт бичиг шаардлагатай бол /ямар бичиг юм бүү мэд/ хуульд зааснаас /тэрийг хэн тодорхойлох юм бүү мэд/" Монгол банкны нэг ерөнхийлөгч энийг тодорхойлох юм уу. Албан тушаалтан нь хэлээд байх юм уу мэдэхгүй.
Энэ нь хөрөнгө оруулагчдад тодорхойгүй байдал бий болгоно. Хөрөнгө оруулалтын банканд тавих шаардлага гэдэг нь өөрөө хуульдаа байх ёстой. Хуульд заагдаагүй бичиг баримт шаардлагууд Монгол банкны ерөнхийлөгч нарын өөр өөр шаардлага тавих эрхийг олгосон тодорхойгүй хуулийн техникээс татгалзах хэв маяг руу яваад байна шүү дээ. Үүнийг процессын шударга ёс гэж яриад байгаа юм. Ингэснээр хууль тогтоох эрх мэдлийг Монгол банк санхүүгийн зохицуулах хороонд шилжүүлээд байна.
Иймд бид энэ хуульдаа ямар шаардлага тавих вэ гэдгээ тодорхой бичих ёстой. Үгүй бол нэмэлт шаардлагыг нь Монгол банк тавина. Тэгээд түүнийгээ хянан шалгах журмыг Монгол банк өөрөө тогтооно гэж байгаа юм. Өөрөө зөвшөөрөл олгоно. Өөрөө шалгана. Өөрөө нэмэлт шаардлага тавина. Дахин хянана.
Тэгэхээр энэ хуульд бичих боломжтой харилцаануудыг бичих хэрэгтэй байна. Энэ нь хөрөнгө оруулагч тал буюу хөрөнгө оруулагчид уншихад харагддаг байх ёстой. Гэвч энэ хуульд тийм зүйл харагдахгүй байна. Тэгэхээр боломжтой зүйлсийг нь хуульд тодотгох чиглэл өгөх бололцоо гарах хэрэгтэй" гэв.
ВИДЕО: