О.Энхтуяа: “ХАГ”-наас эм болон гоо сайхны бүтээгдэхүүн гарган авч иргэдийн хэрэглээнд оруулах нь судлаачдын мөрөөдөл /ВИДЕО/

О.Энхтуяа: “ХАГ”-наас эм болон гоо сайхны бүтээгдэхүүн гарган авч иргэдийн хэрэглээнд оруулах нь судлаачдын мөрөөдөл /ВИДЕО/

Монгол Улс дэлхийд хөгжил буурай орны тоонд ордог ч байгалийн өв болох зэрлэг амьтад, ургамал судлалаар олон улсын шинжлэх ухаанаас хоцорсонгүй. Жишээлбэл, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалж, ой, тал хээр нутгийн хөрсийг амьд байлгах гол үүргийг гүйцэтгэгч "Хаг"-ийг монгол судлаачид 50 жилийн өмнөөс нарийвчлан судалж энэ чиглэлээр гаргасан амжилт, судалгааны ажил эрхэлсэн байдлаараа олон улсад эхний 15-д багтаж байна. Түүнчлэн "Хаг"-наас гоо сайхны бүтээгдэхүүн, эм, үнэртэн, тогтоц сайтай будаг гаргаж иргэдийн хэрэгцээнд нэвтрүүлэхийг зорьж, 135 төрөл зүйлийг бүртгүүлж, судалгаагаа эхлүүлээд байгаа юм.

ВИДЕО: 

Ингэхдээ өнгөрсөн 50 жилийн хугацаанд уг мэргэжил багшаас шавьд дамжин өвлөгдөн явснаас биш баг бүрэлдэхүүн болон олон мэргэжилтэнтэй байсангүй. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд ердөө хоёр "Хаг судлаач" доктор одоогийн амжилтыг олон жилийн явцад тууштай ажиллаж, нэгээс нөгөө нь өвлөн авч бий болгожээ. Учир нь Монгол Улсад энэ төрөл зүйлийн судалгааны талаар ЕБС, их дээд сургуульд хичээл орж, мэдлэг олгох хөтөлбөр байдаггүй аж. Иймд бид энэ удаа ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор, Хаг судлаач О.Энхтуяаг онцлон ярилцлаа.

Хаг судлаач О.Энхтуяа

Түүнийг Очирбатын Энхтуяа гэдэг. ОХУ-ын Эрхүү хотын их сургуулийг төгсөж ирснээсээ хойш Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд хаг судлаачаар тасралтгүй ажиллаж буй. Түүний багш ШУ-ы профессор, Хаг судлаач Өлзийн Цогт 80-иад онд орос, герман эрдэмтдийн хамт Монгол орны нутаг дэвсгэрт тархсан хагны судалгааг хийж үр дүнд нь монголд байгаа хагны чанар олон улсад бүртгэгдсэн хагны төрөл зүйлээс нэн сайн, чанартай амьдрах чадвар сайтай гэх дүгнэлтэд хүрсэн байдаг. Үүнээс хойш тэрбээр багшийнхаа ажлыг үргэлжлүүлж мянга гаруй төрлийн хаг олж нээж түүгээрээ агаарын бохирдол, бэлчээрийн тархалтыг судалж, энэ чиглэлээр хэд хэдэн шавь бэлтгэжээ. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

-ХАГИЙГ ДЭЛГЭРҮҮЛЭН СУДАЛЖ БҮТЭЭГДЭХҮҮН БОЛГОХЫГ ТУЛД БИДЭНД ХҮН ХҮЧ, ДЭМЖЛЭГ ШААРДЛАГАТАЙ-

-Хаг гэхээр зарим хүмүүс үсний, хадны гэхчлэн төдийлөн сайн мэддэггүй. Монгол орны нутагт ургаж буй хагийг юу юунд ашиглах боломжтой вэ?

-Манай орны хувьд хагны бодис элементийг ашиглаад хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд хэрэглэх, гоо сайхан, үнэртэнд ашиглах, мөн янз бүрийн эсийн түвшинд үйлчилж байгаа бодис элементүүдийн нэгдлийг хувиргаж, нийлэгжүүлэх замаар гарган авч ашиглах бүрэн боломжууд байдаг. Жишээлбэл, францын янз бүрийн үнэртний үйлдвэрүүд дандаа хагнаас үнэртэн гаргаж авдаг. Хаг анхилам үнэртэй байдаг юм. Энэ мэтчилэн олон янзаар бүтээгдэхүүн болгох боломжтой.

-Монгол оронд одоогоор хэдэн төрөл зүйлийн хаг бүртгэгдэв?

-Бид явуулж буй судалгааныхаа үр дүнд Монгол оронд 1079 гаруй зүйлийн хагийг бүтгэж, түүний 75 хувийг амьд хэлбэрээр одоо сан хөмрөгтөө хадгалж байгаа. Энэ нь бидний нэг том амжилт гэж үзэж байгаа. Мөн бид саяхан хаг нь дээр ургадаг мөөгний дэлхийд байхгүй шинэ төрөл зүйл нээгээд байна. Түүнчлэн бид зүгээр бүртгэхийн тулд судалгаа хийхгүй. Ойн бүтээмж, агаарын бохирдлын тархах орон зай, бэлчээрийн тархалт, амьдрах орчны тасархайтлыг мөн хагаар илэрхийлж байна.

-Нийт бүртгэгдсэн хагны төрөл зүйлээс хэдийг нь бид ахуй амьдралдаа ашиглах боломжтой вэ?

Манайд одоогоор эмийн чанартай эм болон гоо сайхан бусад ард иргэдийн амьдрал ахуйд хэрэглэгдэх, ашиглагдах, шууд ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой 135 зүйлийн жагсаалтыг бид гаргасан байгаа. Энэ судалгаа зөвхөн эхлэлийн түвшинд байгаа. Энийг цаашид нарийвчлан судлах шаардлагатай. Ингэхэд бидэнд цаг хугацаа, хүн хүч, мэдээж эдийн засаг мөнгөн хөшүүргүүд маш их шаардлагатай байдаг. Энэ төрөл зүйлийн судалгааг ЕБС, их дээд сургуульд дагнаж судалдаггүй. Энийг заадаггүй. Үнэхээр ийм л нөхцөл байдалд бид явж ирсэн.

-ХАГНЫ ӨНГИЙГ АШИГЛАЖ НООС, НООЛУУР БУДАХ ТЕХНОЛОГИ ГАРГАСАН-

-Монголчууд байгалийг хагийг ахуйн хэрэглээндээ буюу эм эмчилгээний зориулалтаар хэрэглэх тохиолдол малчдын дунд байсаар байгаа. Энэ нь зөв үү?

-Эртнээс хагийг монголчууд ахуй амьдралдаа хэрэглэж ирсэн. Үүнээс хамгийн их анхаарал татаж байгаа нь Хөвсгөл орчмын иргэд толгой өвдөх манарахад хагийн уусмал усаар толгойгоо шавшаад угаахад гоё сэргэдэг шинж байгаа. Энийг судалж үзэхэд хаг мэдээ алдуулах шинж, өвчин намдаах шинжийн метаболитуудыг ялгаруулж байгаа юм. Жишээлбэл, дэлхийд хорт хавдрын эмчилгээний дараа туяа эмчилгээнд хүмүүс ордог. Туяа эмчилгээний нөлөө гэж хортой нөлөөнүүд гарч ирдэг. Үүний эсрэг уусмалыг хагнаас гаргаж авч байгаа.

-Харин хагны ахуйн хэрэглээний тухайд?

-Манай ард түмэн шагай, эсгий эдлэл, ноосон эдлэл зэргийг болон бурхны зураг зурахад хагнаас будаг гаргаж, хагны янз бүрийн гоё өнгийг ашиглаж тогтвортой олон жил хувирахгүй будаг гаргаж ашиглаж байсан юм байна лээ. 2020 онд манай магистр хагнаас эсгий эдлэл будах технологи гаргасан. Энэ нь "үнэхээр хагнаас янз бүрийн будаг өнгө гаргаж, эсгий болон ноос ноолууран эдлэлд өнгө оруулах боломжтой байна" гэсэн магистрын ажил байсан.

-ХАГ АМЬД ХӨРСНИЙ ДАВХРАГ ҮҮСГЭЖ, ЦӨЛИЙН ШУУРГА БОЛОХЫГ СААРУУЛЖ ӨГДӨГ ОНЦЛОГТОЙ-

-Нэг ноцтой зүйл нь хаг хөрс болон ойн амьдрах орчинд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг гэж ойлгодог. Тэгэхээр монгол орны үхжиж буй ойн сав газар, цөлжиж буй говийн зарим хэсгүүдэд хаг устаж байгаа гэсэн үг үү?

-Мэдээж маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, хаггүй ой дахин сэргэгдэх боломжгүй ойн чадвараа алдсан буюу харахад мод байгаа ч ойн орчингүй болсон гэсэн үг. Харин Цөл, хээрийн бүс нутагт хаг байдаггүй гэж ярьдаг. Үнэхээр хаг байх байхдаа дэлхийд байдаггүй хагууд энэ орчинд тархсан байгаа юм. Хаг нь өөрөө амьд хөрсний давхаргыг үүсгэж байгаа. Цөлийн шуурга болох элсэн шуурга болохыг сааруулж өгдөг гол онцлогтой.

-Судлаачид хагнаас бүтээгдэхүүн гаргаж болох төрөл зүйлийг бүртгүүлээд байгаа шүү дээ. Үүнийг иргэдийн гарт хүргэж, цаашлаад экспортод гаргахад тулгамдаж байгаа асуудал нь юу байгаа вэ?

-Хамгийн түрүүнд Монгол оронд бүртгэсэн төрөл зүйлүүд буюу хаг, хөвд, замаг, мөөг өнөөдөр хамгаалалтад байх нэн шаардлагатай төрөл зүйл болоод байна. Байгаль, хүний үйл ажиллагаанаас болж үхжих магадлалтай учир хамгаалах хэрэгтэй. Тэгээд үнэхээр хаг судлал олон чиглэлээр хөгжих боломжтой. Гагцхүү энийг аваад явах мэргэжилтэн боловсон хүчин бидэнд үнэхээр шаардлагатай байдаг. Монгол оронд бүртгэгдээд байгаа төрөл зүйл нь өөрөө манай ард түмний өвлөх өмч. "Монголын малчин ард түмний маань амьдралаар урган гарч ирсэн энэ мэдлэгийг шинжлэх ухааны үндэслэлтэй сайхан тодорхойлж, баталгаажуулаад ард иргэдийн хэрэгцээнд оруулах юмсан" гэдэг нь мэдээж судлаач бидний гол зорилго, мөрөөдөл байдаг.




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө