ВИДЕО: "Хуруу зай, батарей"-г устгах тоног төхөөрөмж Монголд оруулж ирсэн ч ашиглах зөвшөөрлийг БОАЖЯ-наас өгдөггүй байна

ВИДЕО: "Хуруу зай, батарей"-г устгах тоног төхөөрөмж Монголд оруулж ирсэн ч ашиглах зөвшөөрлийг БОАЖЯ-наас өгдөггүй байна

Хэрэглээд орхисон хуруу зай, батарей, товчин зай зэрэг өчүүхэн зүйл нь хүүхдэд болоод хүний ургийн сан, байгаль орчинд асар их хор хөнөөлтэй талаар сүүлийн үед иргэд ихээхэн мэдээлэлтэй болж, ойролцоох зай цуглуулдаг хайрцагт идэвхтэй хийдэг болоод байгаа. Гэтэл энэхүү аюултай хог хаягдлыг одоо болтол бүрэн устгах технологи манай улсад байхгүй. Улмаар хувь хэвшил болоод иргэд зай, батарейг зүгээр л хадгалдаг тул ямар ч үр дүнд хүрэхгүй байгаа талаар сурвалжиллаа.

ВИДЕО:

Тодруулбал, Хуруу зайг устгах төхөөрөмжийг оруулж ирсэн компани байгаа хэдий ч үүнийг ашиглах зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуучлалын яам /БОАЖЯ/-наас огт өгдөггүй байгаа юм. Засгийн газрын 2017 оны тогтоол шийдвэрээр аюултай хог хаягдлын жагсаалтад хуруу зай багтсан байдаг. Иймд Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо ТББ-ын гишүүн байгууллага болох “Түмэн хишиг” компани нь бүх төрлийн зай, батарейг байгаль орчинд ээлтэйгээр устгах зориулалт бүхий суурин тоног төхөөрөмжийг нэвтрүүлж холбогдох албанаас ашиглах зөвшөөрөл хүссэн хэдий ч тоож хэлэлцдэггүй байна.

Энэ талаар Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо ТББ-ын тэргүүн Д.Батжаргал, “Энэ асуудлыг заавал хөндөх ёстой. Бид нар холбогдох албанд санал хүсэлтээ илгээсэн. Улмаар хуруу зай оруулж ирдэг компаниудтай уулзъя, яамнаас дуудаад өгөөч гэсэн боловч жил өнгөрсөн хэдий ч тоохгүй байна. Бид ТББ-ын зүгээс дуудаж уулзах боломжгүй шүү дээ. Энэ асуудалд ач холбогдол өгч, хэрэгжүүлбэл мэдээж маш их үр дүнтэй. Зай батарейн хор хөнөөлийн талаар иргэд маш их мэдээлэлтэй болсон.

Гэхдээ одоо хэрэгжиж байгаа хуулиараа аль ч байгууллага зайг цуглуулж хуримтлуулах боломжгүй гээд бид цаашдаа иргэдээс сайн дураараа хураахааргүй болж байна” гэлээ.

Төхөөрөмжийн хувьд байгаль орчинд ээлтэй аргаар буюу аюултай хог хаягдлыг бутлаад, нунтаг болгож, урвалд оруулаад саармагжуулаад идэвхгүй болгоод тусгай зориулалтын газарт булах аж. Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар 2018 оноос БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Ногоон паспорт” аяны хүрээнд нийслэлийн 150 гаруй сургууль дээр “хаягдал зай хураагуур цуглуулах хайрцаг”-ийг байршуулсан. Тэгвэл тус сургуулиудаас хурааж авсан 2 тонн гаруй зай хураагуураа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зориулалтын бус газар хадгалж байгаа аж. Хуулиндаа ийм их хэмжээний зай хураагуурыг 90-180 хоног хадгалах ёстой гэж заасан байдаг хэдий ч өдгөө хэдэн жилийн нүүрийг үзжээ.