-СААРАЛ ЖАГСААЛТАД ОРСОН АСУУДАЛ НЬ ГАНЦ САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООТОЙ ХОЛБООТОЙ БИШ-
УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг хүлээн авч уулзсан. Энэ үеэр эдгээр хүмүүст хандан “Монгол улсыг “Саарал жагсаалт”-д оруулсан хариуцлагаа хүлээж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөхийг мэдэгдсэн” билээ.
УИХ-ын дарга Г.Занданшатарын шаардсаны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл гарсан билээ. Энэ талаар болон бусад асуудлаар түүнээс зарим асуултад хариулт авлаа.
-УИХ-ын дарга Г.Занданшатар таныг болон Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн. Уг шаардлагыг та хэрхэн хүлээн авч байгаа вэ?
-УИХ-ын дарга намайг хүлээн авч уулзсан. Уулзсан талаарх мэдээллээ хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гаргасан. Тэр байр, суурь хэвээрээ байгаа.
-Таныг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Өргөдлөө өгөөгүй.
-Монгол улс саарал жагсаалтад орсон бурууг танай байгууллагаас хайж буйтай та санал нийлэх үү?
-Саарал жагсаалтын асуудлаар Санхүүгийн зохицуулах хороо төдийгүй эрх бүхий бүхий л байгууллага хамтран ажиллах ёстой. Улсын макро эдийн засаг, санхүүтэй холбоотой томоохон ажил шүү дээ. 2013-2016 оны хугацаанд хийсэн ажлыг дүгнээд дараа жил нь буюу 2007 онд ФАТФ-аас маш олон үзүүлэлтийг сайжруулж ажиллах шаардлагатай гэдэг үнэлгээг өгч байсан. Түүний 10 нь Санхүүгийн зохицуулах хорооноос шууд хамаархаар, 15 нь шууд бусаар буюу бусад байгууллагатай хамтарч сайжруулах үзүүлэлт байсан. Энэ үзүүлэлтийг бүгдийг нь шат ахиулж чадсан. Сая ФАТФ-аас ирүүлсэн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхээр ажиллах гэж буй нь Санхүүгийн зохицуулах хорооны хувьд цоо шинэ ажил. Өөрөөр хэлбэл, Үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх болон терроризмын эсрэг хуулиараа энэ зохицуулалтыг Санхүүгийн зохицуулах хороонд өгсөн. Энэ асуудлыг Монгол улсад зайлшгүй зохицуулах шаардлагатай байгаа. Гэтэл одоогоор зохицуулалт хийх байгууллагагүй байна. Алт, үнэт эдлэл металын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг болон үл хөдлөх хөрөнгийн зуучлалтай холбоотой асуудлыг зохицуул гэсэн. Энэ бол цоо шинэ зүйл. Дэлхийн хэмжээнд энэ үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хороо шиг байгууллага зохицуулдаггүй. Манайд хамгийн ойрны байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо байна. Цаашид дээрх асуудлыг зохицуулах хууль, дүрэм журмын асуудлыг ярина. Хоёр хоногийн өмнө Азийн хөгжлийн банктай энэ асуудлаар ярилаа. Үнэт металын бизнес эрхэлдэг хүмүүс, үнэт цаасны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаандаа эрсдэлийн үнэлгээ хийх, тоог нь тодруулах, зохицуулалтад нь хэрхэн, яаж хамруулах вэ гэдэг ажлыг хийх болно.
-Таньтай хариуцлага тооцох асуудлаар санал нийлэхгүй байна уу?
-Би байр, сууриа илэрхийлсэн. Саарал жагсаалттай холбоотой асуудал нь зөвхөн Санхүүгийн зохицуулах хороотой хамаатай асуудал биш. Өгөгдсөн үүрэг даалгавар, чиглэлийн хувьд маш сайн ажилласан.
-Сангийн яам уг асуудлаар хариуцлага хүлээх ёстой?
-Монгол улс саарал жагсаалтад орсон нь холбогдох байгууллагуудтай холбоотой. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Санхүүгийн зохицуулах хорооны чиг үүргийн хүрээнд ажилладаг үнэт цаасны зах зээл, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллагууд , хадгаламж зээлийн хоршоодын зэх зээл дээр урд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр өсөлт бий болсон. 2016 онтой харьцуулахад энэ онд 200 хувь өссөн. Өсөлтгүйгээр тухайн зах зээлийн үр ашгийг хүртээх боломжгүй. Бялуу томорч байж хүн бүрт хэрчим нь хүрнэ.Өрсөлтгүйгээр энэ салбарын хөгжлийн ярих аргагүй. Эерэг талыг харвал Санхүүгийн зохицуулах хорооны талаар иргэд сайн мэддэг болсонд бахархалтай байдаг.
-Санхүүгийн зохицуулах хорооны хувьд “Саарал жагсаалт”-аас яг хэзээ гарах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг хуулийн хэрэгжилтийг сайжруулах буюу үнэт эдлэл, металын бизнес эрхлэгчид, үл хөдлөх хөрөнгийн асуудлыг богино хугацаанд шийдэх боломжтой.
-Банк бус байгууллагын үйл ажиллагаа, өрсөлдөөн өнөөдөр хэр явагдаж байгаа вэ?
-2016 онд Банк бус санхүүгийн байгууллагын тоо 500 гаруй байсан. Өнөөдөр тоо нь өсөөгүй Банк бус санхүүгийн байгууллагуудын өөрийн хөрөнгө өссөн. Тэд хүртээмжтэй ажиллаж байгаа.
-Банк бус санхүүгийн байгууллагуудыг АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл бий?
-Би мэдээлэлгүй байна.