Мэргэжлийн хяналтын ерөнхий газар/МХЕГ/-аас өнөөдөр /2019.10.30/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус газар өнгөрсөн хугацаанд байгаль орчин, геологи уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ. Ингэхдээ Сүхбаатар, Дорнод аймагт 80 орчим байцаагч ажилласан юм байна. Нийтдээ 72 аж ахуйн нэгжийг хамруулж, шалгалт хийхэд 1682 зөрчил илэрснээс 230 зөрчил арилгуулжээ. Мөн 17 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож улсын орлогод 452 сая төгрөг төвлөрүүлсэн бол 1.3 тэрбумын нөхөн төлбөр тавьсан аж.
Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс илэрсэн нийтлэг зөрчил нь ажилтнууддаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин олгосон, НДШ төлдөггүй, тэр нь хуримтлагдсан өр үүсгэсэн, түүнийгээ барагдуулж ажилладаггүй. Илүү цагаар ажиллуулдаг ч илүү цагийн цалин олгодоггүй. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг зөрчсөн зэрэг дутагдал илэрсэн байна. Тухайлбал, Дорнод аймагт үйл ажиллагаа эрхэлдэг “Петрочайна Дачин тамсаг” компанид 1 тэрбум төгрөгийн торгууль тавьжээ. Энэхүү торгууль нь өөрийн үйл ажиллагаанд шаарагдах бараа ажил үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид давуу эрх олгодоггүй, газрын тос олборлохтой холбоотой холбогдох бичиг баримтыг хятад, англи хэлээр хөрвүүлсэн нь Монгол хэлээр байх хуулийг зөрчсөн. Хөрөнгө оруулалт борлуулалттай холбоотой орлогыг арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэнэ, санхүүгийн тайлан ил тод байна гэснийг зөрчсөн. Монголбанкаар гүйлгээг дамжуулах ёстой атал БНХАУ-ын Банк оф Чайна-гаар гүйлгээг дамжуулсан зэрэг зөрчил илэрчээ. Газрын тосны асуудал эрхэлсэн байгууллагад байгаль орчны нөхөн сэргээлт, барилга байгууламжийг татан буулгах асуудлаар тогтмол мэдээлэл өгч байх ёстой ч өгөөгүй.
Хөрс элэгдэх доройтохоос сэргийлэх арга хэмжээ аваагүй. Гадаад болон дотоод ажилчдыг Нийгмийн даатгалд хамруулаагүй учраас 700 гаруй сая төгрөгийн нөхөн төлбөр тогтоосон байна.
Сүхбаатарт аймагт жонш, Дорнодод нүүрс, алтны уурхай нэлээд байдаг аж. Уурхайн олборлолт явуулж байгаа аж ахуйн нэгж нь батлагдсан ТЭЗҮ-гүй, хугацаа нь дууссан ашиглалтын шаардлага хангахгүй химийн бодис ашигладаг, нөхөн сэргээлт хийсэн ч хангалтгүй, стандартын дагуу хийж гүйцэтгэдэггүй, АМНАТ-ийн мэдээг төрийн байгууллагад хүргүүлдэггүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна. Хоёр аймгийн хэмжээнд 1.8 тэрбум төгрөгийн зөрчил ирлүүлж торгууль тавьсан. Барагдуулалт 50 орчим хувьтай байна гэж мэдээллээ.
Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ. Хичээлийн шинэ жил эхлэхэд ерөнхий боловсролын сургуулийн багш нар сүрьеэгийн үзлэгт хамрагдсан байх ёстой аж. Гэтэл энэ удаагийн шалгалтаар 20 орчим хувь нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй байжээ. Сүүлийн таван жилийн хугацаанд сурагчид хоолонд хордсон мэдээллийн дагуу шалгалт хийхэд 58 хувь нь хоол үйлдвэрлэлийг стандарт хангасан нөхцөлд хийгээгүй, ажиллагсад нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй зэрэг зөрчил гарсан байдаг аж.
Иймээс Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэлийн бүх сургуулийг оролцуулсан хурал хийж, мэдээлэл өгч, 1200 орчим сургуулийн захирал, тогооч, эмч нарыг хамруулсан байна. Хичээлийн шинэ жил эхлэх болоход багш нар олноороо эрүүл мэндийн байгууллагад хандаж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийлгэх гэж ачаалал үүсгэдгээс нэг хэсэг нь хамрагдаж чаддаггүй аж. Иймээс ирэх жил хичээлийн шинэ жил эхлэхэд өнөө жилд гарсан алдааг давтахгүй байх чиглэлийг холбогдох газруудад өгчээ.