Хятадууд хий худалдаж авна гэж баталгаа гаргаагүй "Сибирийн хүч-2" хийн хоолойн барилгын ажлыг Монголд эхлүүлнэ гэж В.Путин мэдэгджээ

Хятадууд хий худалдаж авна гэж баталгаа гаргаагүй "Сибирийн хүч-2" хийн хоолойн барилгын ажлыг Монголд эхлүүлнэ гэж В.Путин мэдэгджээ

Энэ сарын 12-14 /2022.10.12-14/ өдрүүдэд “Оросын эрчим хүчний долоо хоногийн форум” гэх арга хэмжээ Москва хотод болж байгаа ажээ. Тус арга хэмжээнд В.Путин оролцож, “Сибирийн хүч-2" хийн хоолой төслийн "Монгол дахь хэсгийг барьж эхэлнэ гэж зарласан” талаар тус улсын төрийн мэдлийн Риа Новости мэдээлжээ. 

-МОНГОЛ УЛСЫН НЭРИЙГ ЖИЖИГ "м" ҮСГЭЭР ЭХЛҮҮЛЖ БИЧЖЭЭ-

Тус мэдээлэлд, “Орос улс эрчим хүчний экспортоо нэмэгдүүлж, ойрын ирээдүйтэй төслүүдийн нэг болох  “Сибирийн хүч-2”-ын Монгол дахь хэсгийг барьж байгуулах болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэдэгдлээ. Тэрээр, “хурдацтай хөгжиж буй зах зээлд эрчим хүчний экспортоо үргэлжлүүлэн нэмэгдүүлэх болно. Иймд бид нийлүүлэлтийн газарзүйн байршлыг өргөжүүлэх бодолтой байна. Ойрын хугацаанд бид үүнд шаардлагатай дэд бүтцийн гол байгууламжуудыг тодорхойлж, барилгын ажлыг эхлүүлэх болно. "Союз Восток" болон “Сибирийн хүч-2"-ын Монгол дахь хэсэг, үндэсний хийн тээврийн системийн Ази, Европын сегментийг холбох зэрэг ирээдүйтэй төслүүдийг бид үргэлжлүүлнэ” гэж В.Путин хэллээ” гэжээ. 

Мөн тус мэдээлэлд Монгол гэсэн үгийн эхлэлийн “М” үсгийг жижиг “м” үсгээр эхлүүлэн бичсэн нь манай зарим иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна. Учир нь аль ч улс орны нэрийг бичихдээ том үсгээр эхлүүлэн бичдэг бол, Риа Новости Монгол Улсын нэрийг бичихдээ жижиг "м" үсгээр эхлүүлэн бичжээ. 

-СИБИРИЙН ХҮЧ-2 ХООЛОЙГ БАРЬСНААР ХЯТАД УЛС ОРОСООС ХИЙ ХУДАЛДАЖ АВНА ГЭЖ БАТАЛГАА ГАРГААГҮЙ БАЙНА-

Нөгөө талаар Орос, Украины цэрэг, дайны үйл ажиллагаа хурцадмал байгаа энэ үед ОХУ, БНХАУ-ыг холбосон хийн хоолойг Монгол Улсын газар нутгаар дамжуулах нь зөв үү гэсэн асуулт гарч байгаа юм. Учир нь “Сибирийн хүч-2” хийн хоолойг барих эсэхийг ОХУ биш БНХАУ шийдэх ба одоог хүртэл тус энэ хий хоолой Хятадад хэрэгтэй эсэх нь тодорхойгүй байгаа юм. Тодруулбал, 60 тэрбум ам.долларын өртгөөр бүтсэн Орос, Хятадыг холбосон “Сибирийн хүч-1” хий хоолой 2019 онд ашиглалтад орсон ч, 2020 оноос эхлэн Хятад улс Оросоос авах хийн хэмжээгээ эрс багасгасан.

Учир нь Хятад улс Оросоос хий авахгүй байсан ч байгалийн хийн хомстолд орохгүй. Тус улс нь өөрийн хийн олборлолт болон АНУ, Катар, Алжир, Казахстанаас их хэмжээний байгалийн хий авч байгаа юм. Нөгөө талаар “Сибирийн хүч-1” хий хоолой нь зөвхөн Хятадад ашигтай хийгдсэн бөгөөд тус хоолойгоос салбарлаад өөр улсад хий нийлүүлэх боломжгүй. Мөн Хятадууд Оросоос хий авахгүй гэвэл “Сибирийн хүч-1” хоолой төмрийн хог болох тул ОХУ өөрийн хийн үнээ ч тус улсад тулгах ямар ч боломжгүй байгаа гэдэг.

Иймд “Сибирийн хүч-2” хий хоолойг барьснаар Хятад улс хий худалдаж авах баталгаа гаргаагүй бөгөөд “санамж бичиг” л байгуулжээ.

Учир нь Оросын хийн хоолой нь Хятадын “гол эх үүсвэр биш бөгөөд зөвхөн ачаалал нэмэгдсэн үед ашиглах” зориулалттайгаар “Сибирийн хүч-1” хий хоолойг бариулсан гэж байгаа. Товчхондоо, “Сибирийн хүч-2” хийн хоолойг барих эсэхийг БНХАУ-ын эрэлт л шийднэ. Гэхдээ тэдэнд одоогоор ийм хэрэгцээ байхгүй байгаа ба “Сибирийн хүч-1” хийн хоолойг ч бүрэн ашиглахгүй байгаа юм.




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө